УОК, НОК: ТҮЦ, цахилгаан барааны дэлгүүрийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

УОК, НОК: ТҮЦ, цахилгаан барааны дэлгүүрийг нээнэ

УОК, НОК: ТҮЦ, цахилгаан барааны дэлгүүрийг нээнэ
НЭМЭЛТ: 
Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд ирэх 7 хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс дөнгөж сая мэдээллээ.
Үүнд:
✅Цахилгаан бараа,
✅Тавилга
✅Гар утасны төвлөрсөн худалдаа,
✅Түргэн үйлчилгээний цэг,
✅Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.
Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн.
Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах юм.
Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов.
Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна.
Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл
1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/
2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/
7. Саун, бассейн
8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
10. Үсчин, гоо сайхан, хумс засал
11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
13. Нийтийн халуун ус
14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

УОК, НОК-ын өргөтгөсөн хуралдаан болов

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өнөөдөр (2021.01.16) ажиллах үеэр Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо.

Нийслэлчүүдийн хувьд хөл хориог дахин суллаж, урт хугацаанд ажиллаж чадаагүй худалдаа, үйлчилгээ болон үйл ажиллагаа эрхлэх эрх нь хязгаарлагдаад байгаа салбарыг нээж, иргэдээ ажилтай байлгах шийдвэр хэзээ гарах вэ гэдгийг чих тавин чагнаж суугаа. Тэгвэл эл асуудлыг Улсын онцгой комисс ирэх долоо хоногт шийдвэрлэх аж. Ингэхдээ Улаанбаатар хотод голомтлон гараад байгаа Covid-19 цар тахлын халдварын тархалтыг харах, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, санал дүгнэлтийг үндэслэн, үйл ажиллагааг эхлүүлэх эсэх нь тодорхой болох юм.

Мөн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын тайлбарласнаар уул уурхайн салбарт ээлж солих ажил ирэх долоо хоногт хэвийн үргэлжилнэ.

Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Мөн Нийслэлийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн. Зарим дүүргийн онцгой комиссын дарга нартай болон товчоодод ажиллаж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдон санал солилцов.
Тухайлбал, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нар Covid-19 тархалтын үед үүссэн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулав.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал -10 градусаас бууна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагаас өгч буй зөвлөмжөөр агаарын хэм -10 градусаас бага байх үед ариутгал, халдваргүйтгэлийг онцгойлон анхаарах шаардлагатай байдаг. Тиймээс дүүргүүд дулааны улиралд хийх урьдчилсан ариутгал халдваргүйтгэлийн  бэлтгэл ажлыг одооноос хангах шаардлагатай байна. Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүд нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйтгэлд онцгойлон арга хэмжээ авч ажиллах шаардлагатай" хэмээв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Нийслэлийн  болон дүүргүүдийн  эрүүл мэндийн газар  маш сайн ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт  PCR шинжилгээ авах цэгийг шинээр байгуулсан. Цаашид шинжилгээ авах,  цэгүүдийн үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулах, шинжилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад онцгойлон  анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд Мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай” гэж хэллээ.
Мөн цаашид үйл ажиллагааг нь нээхээр судалж байгаа зарим салбаруудын талаар онцгой комиссын гишүүд санал солилцсон юм.
Шадар сайдын зүгээс аж ахуй нэгж, иргэдийн хариуцлагыг өндөржүүлэх, эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд дахин хяналт тавих, иргэдийн QR код ашиглах ажлыг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоосон үеэс буюу 2020 оны нэгдүгээр сарын 11-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд нийслэлээр 86436 тээврийн хэрэгслээр 225248 мянган зорчигч гарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
8
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж