"Уралдаан бүрийн дараа гардаг маргааныг цэгцлэх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

"Уралдаан бүрийн дараа гардаг маргааныг цэгцлэх шаардлагатай"

News агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлага, тодруулгуудаа тоймлон хүргэж байна. Ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уригдаж, Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг УИХ ямар үндэслэлээр хүлээн аваагүй, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд ямар заалт туссан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ирэх хоёрдугаар сард хичээл танхимаар эхлэх эсэх асуудалд хариулт өглөө.


УИХ Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн авах ёстой

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын өнгөрөгч чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээж аваагүй. Ингэснээр 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах одоогийн хуулийн зохицуулалт хэвээр үлдлээ. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар авч хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн хувьд олонхоороо асуудалд хандах шиг боллоо. Хувь гишүүнийхээ хувьд та ямар байр суурьтай байв?

-Миний барьж байгаа хоёр логикийн хувьд нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэц гэдэг бол Үндсэн хуулийн манаач нь юм. Энэ байгууллагаас “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гарсан бол тэр нь эцсийн шийдвэр болоод явах ёстой. Энэ утгаар нь УИХ Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээж авах ёстой байсан. Хоёрдугаарт, зөвхөн цагаан захтнуудын хэрэг гэхээс илүүтэй үүний цаана нь ямар ч гэмт хэрэг байж болно Тухайн иргэн тодорхой хугацааны дараа өөрийгөө өмгөөлөх, хамгаалах хүний эрхийн үнэт зүйлийг хүндэтгэх үүднээс хөөн хэлэлцэх хугацааг хуулийн практикт бий болгосон. Түүнээс биш хэн нэгэн хүнийг өмөөрөх эсвэл буцааж хэргийг нь шалгаж яллахдаа биш юм. Хүний эрхийн гол лоозон ч үүнд явж байх ёстой.

Гэтэл зөвхөн авлига, албан тушаалын хэрэг гэж тодруулсан. Ингэж ялгаварлаж цаана нь бусад онц ноцтой гэмт хэргийг  үлдээж, зөвхөн авлига албан тушаал гэж оруулсан нь улс төрийн шинжтэй асуудал гэж  хувь гишүүнийхээ хувьд харж байгаа.

-Монгол Улс дотооддоо Covid-19 халдвартай тэмцээд хоёр сар болж байна. Энэ хугацаанд хэд хэдэн удаа хатуу хөл хориог тогтоосноор ААН-үүдийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан. Ажлын байруудыг хадгалах, ААН-үүдээ дэмжих чиглэлд Засгийн газар хэр ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас  Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг хоёр дахь удаагаа баталж, хэрэгжүүлж байна. Мөн УИХ шаардлагатай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд шат дараатай арга хэмжээнүүдийг авч байгаа. Яг өнөөдрийн нөхцөл байдалд бид асуудлыг арай өөр өнцгөөс харах ёстой гэж үзэж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, ядуурлыг бууруулах талаар өнгөрсөн 30 жил ярьж ирсэн ч харамсалтай нь бодит үр дүнд хүрээгүй. Хэрэв бид асуудлуудыг бодитоор нь харж, шийдэж байсан бол өнөөдөр хавь илүү эдийн засгийн дархлаатай байх байлаа. Шавар байшин босгохоо одоо болъё гэж ярьж байна. Миний бие ЖДҮ-ийг хөгжүүлэхийн тулд 330 сум бүрт багцаагаар 1 тэрбум төгрөг оногдохоор буюу нийт 330 тэрбум төгрөгийг бодлоготойгоор ЖДҮ, ХАА-даа зарцуулъя гэж өнгөрсөн жилүүдэд санал тавьж байсан. Хэрэв энэ бодлогыг барьж ажилласан бол өнөөдөр бидний амьдрах чадвар арай дээрдсэн байх байлаа. Тиймээс өнөөдөр бодит байдлыг зөв дүгнэж яг энэ л үед эдийн засгаа дээшлүүлэх үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлогыг зоригтой гаргах хэрэгтэй.  Магадгүй төсвийн тодотгол хийвэл байшин барих уу, иргэддээ 1 сая төгрөг тараах уу эсвэл үйлдвэрлэлүүд бий болгож эдийн засгаа дархлаатай болгох уу гэдэг ач холбогдлын эрэмбийг зөв гаргах шаардлага тулгарч байна. Аливаа зүйл давуу болон сул тал байдаг шиг цар тахлаар бид өөрсдийн сул талуудаа олж харсан учраас эдийн засгийн томоохон бодлого гаргамаар байна. Монгол Улс гэдэг энэ айл хэчнээн төгрөгийн орлого олж түүнээсээ хэдэн төгрөгийг халамжид, хэдийг нь үйлдвэрлэл, ажлын байр хамгаалахад зарцуулж байна вэ гэдгээ бодитоор нь тооцоолж харах хэрэгтэй. Цар тахал цааш ямар хугацаанд үргэлжлэхийг хэн ч таашгүй. Хүн бүрийг санхүүгийн сахилга баттай байх ёстойг сургалаа шүү дээ. Яг энэ ойлголтыг улсынхаа эдийн засаг руу оруулах шаардлага зайлшгүй тулгарч байна.

–Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Өнөөдөр иргэн бүрт мөнгө тараах нь үнэхээр бодит шаардлага мөн үү?

-Ерөнхийлөгчийн ярилцлагаас сонсоход оффшор бүсээс тэр мөнгө нь орж ирээгүй л юм байна лээ шүү дээ. “Алаагүй баавгайн арьсыг хуваана” гэдэг шиг болох гээд байгаа юм уу эсвэл мөнгө нь орж ирэх гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт, хууль бус мөнгө эсэхийг нь тогтоож байж улс хурааж авах эсэхийг ярина шүү дээ. Эхлээд мөнгө байгаа эсэх нь чухал. Мөнгө нь орж ирлээ гэхэд түүнийг улсын орлого болгох хуулийн үндэслэлтэй юу гэдэг асуудлыг дараа  нь мөнгийг юунд зарцуулах уу гэдгийг ярих байх. Гэтэл өнөөдөр аль нь нь тодорхой бус байна.

-Та нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гурав дахь жилдээ гацаж байна. Саяхан байнгын хорооны хуралдааны үеэр та “Ноднин баяр наадмын дараа наадмын комиссын дарга нь яг морь оруулж, хасах дээр авлигал авч байгаад газар дээрээ баригдсан” тухай хөндсөн. Ер нь энэ хуулийн төсөл гацаад байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Хурдан морины уралдааныг баячуудын эсвэл улстөрчдийн зугаа мэтээр нийгэмд буруу ойлгодог тал бий. Тэр утгаараа гишүүд энэ хуульд болгоомжтой ханддаг байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд эр хүнийхээ хувьд хурдан морийг сонирхдог ч гэлээ улс төрийн ажлынхаа хажуугаар тэр бүр ойр байж чаддаггүй болсон. 2016 оноос хойш уяан дээрээ гэхэд ганц наадмаар л очдог болсон байх жишээний. Өнөөдөр уралдаан бүрийн ард хэрүүл, маргаан, лобби будилаан байгаа учраас үүнийг засахын тулд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийнхээ хамт санаачилсан. Энэ хуулийг хэлэлцэхгүй хойшлуулсаар 2019, 2020 оны хоёр ч наадам болсон. Үүгээр наадмын бусармаг, шударга бус үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй. Адилхан морь унаж байгаа хүүхэд, уяачдын асуудал тэнд явагдаж байна. Үүний цаана төрийн зохион байгуулалтын алдаа дутагдал байгааг засахын тулд л энэ хуулийг санаачилсан гишүүдийн нэг нь.  Өнөөдөр улсын баяр наадмаар хэн лобби хийж чадаж байна тэр хүн морио мордуулдаг  болсон.

Нөгөөтэйгүүр уралдааны морьдыг энгийн нүдээр харж ялгахад үнэхээр хүнд болсон. Үнэндээ бараг бүгд л ямар нэгэн байдлаар цус сэлбэж сайжруулсан адуу айрагдаж байгаа шүү дээ. Уяачдын холбоо эсвэл Ж.Бат-Эрдэнэ өөрийн амбицаар энэ хуулийг өөрчлөх гээд байгаа зүйл огтхон ч биш Монгол наадмаа будилаангүй, шударга явуулах нь хуулийн гол зорилго. “Монгол адууг устгах гэж байна” гэж нэг хэсэг нь ярьж байгаа. Тийм зүйл огт байхгүй ээ. Монгол адуу гэдэг бол Монголын эрс тэс хүйтэн уур амьсгалд амьдарч, эдэлгээ даадаг адууг хэлнэ. Түүнээс биш харагдах байдлаар ялгаварлах нь өрөөсгөл болно. Сүхбаатарын адууг бусад аймгийн адуутай харьцуулахад газар, тэнгэр шиг ялгаатай сайхан адуу. Гэтэл аль эрт цус сэлбэж сайжруулсан Монголын хурдны шилмэл адуу гэж хэлж болно. Олон жил энэ хуулийг санаачлахаас гишүүд бэргэж ирсэн нь хэл аманд орохоос л эмээдэг байх. Уг хуулийн төсөлд баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах, уяачдын улсын цолны шалгуурыг өндөрсгөх, хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох, хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох зэрэг асуудлуудыг тусгасан.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2391324/ линкээр орж унших боломжтой.


Л.Цэдэвсүрэн: Танхимын хичээл ирэх сард эхлэх эсэхийг эцэг, эхчүүд шийднэ

Засгийн газар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд өөрчлөлт оруулсан.

Мөн ирэх хоёрдугаар сард хичээл танхимаар үргэлжлэх эсэх асуудал олон нийтийн анхаарлыг төвд байгаа. Иймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн дээрх асуудлын талаар сэтгүүлчдэд өгсөн хариултыг хүргэж байна.

– 2.8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрх шаардлагыг хангасан оюутнууд зээлд хамрагдах юм байна. Тэгвэл  5000 гаруй оюутнууд энэ жил хүсэлт гаргасан уу, эсхүл өнгөрсөн хавар гэрээ хийгээд зээлээ авчихсан байсан уу?

-2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлээр суралцсан  2.8 буюу түүнээс дээш голчтой 2782 оюутанд сургалтын зээл олгосон. Одоогийн 5000 оюутнууд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд юм. 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд боловсролын зээлийн сангаас зээл авч сурмаар байна гэсэн хүсэлт гаргаад Боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан оюутнууд гэсэн үг.

–Дотуур байранд амьдарч байгаад хөл хорионы улмаас нутаг буцсан оюутнуудын төлбөрийг буцаан олгох уу?

-Дотуур байранд амьдарч байсан их дээд сургуулийн оюутнуудыг хоол хүнсээр ханган, арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гэхэд оюутнуудыг бүрэн шинжилгээнд хамруулан нутаг буцаасан. Арванхоёрдугаар сарын 8-аас хойш өнөөдрийг хүртэл дотуур байранд цөөн тооны оюутнууд  бий. Гэхдээ орон нутагт харьсан оюутнуудын сургалтын төлбөр дээр уян хатан хандах,  төлбөрийг буцаан олгох, дараагийн улирлын төлбөрт  шилжүүлэх зэргээр  шийдвэрлэхийг сургуулийн захирлуудад үүрэг өгсөн.

МУИС-ын хувьд өнгөрсөн хаврын улиралд нийтдээ 1266 оюутны дотуур байрны  420 орчим сая төгрөгийн  төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. 108 сая орчим төгрөгийг төгсч байгаа оюутнуудад буцаан олгож, үлдсэн 300 сая гаруй төгрөгийн төлбөрийг энэ хичээлийн жилийн оюутны байрын төлбөрт шилжүүлэх замаар шийдвэрлэсэн. Энэ намрын хувьд 1270 орчим оюутан дотуур байранд амьдарч байгаад нутаг буцсан бөгөөд оюутны байрын төлбөрийн буцаан олголт, шилжүүлгийг ижил зарчмаар шийдвэрлэхээ мэдэгдсэн. Хөдөө аж ахуйн их сургууль өнгөрсөн долоо хоногт  оюутны байрын төлбөр болох 120 сая төгрөгийг төгсөх ангийн оюутнуудад буцаан олгосон. Үргэлжлэн суралцах оюутнуудын төлбөрийг дараагийн улиралд шилжүүлсэн.

–Их дээд сургуулиас гадна хувийн төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиуд төлбөрийг эцэг эхчүүдээс 100 хувь  төл гэж шаардаж байна. Цар тахлын үед  төлбөрийн асуудал дээр  зохицуулалт хийх үү?

–Цар тахлын хуульд “Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага хичээл сургалтын үйл ажиллагааг цахим буюу теле хичээл хэлбэрт шижлүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийг нь хөнгөлөх, эсхүл дараагийн улиралд шилжүүлэх зохицуулалт хийнэ” гэж заасан.  Энэ асуудлар хувийн цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт хийсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо энэ асуудлыг ЗГ журамлах үүрэг өгсөн. Энэ долоо хоногт багтааж БШУЯ-аас журмыг батална. Тус журамд ямар тохиолдолд сургалтын төлбөр хөнгөлөх, дараагийн улиралд шилжүүлэх зэргийг илүү тодорхой болгоно.

-Халдварын голомтыг  хумьсан аймгууд төгсөх ангийн сурагчдад давтлага өгөөд эхэллээ. Маргааш гэхэд Дарханд  сурагчдын давтлага эхэлнэ. Бусад аймгуудын хувьд ч гэсэн давтлага өгөх үү?

-Архангай, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос ахлах ангийн сурагчдын давтлагыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Аймаг орон нутгийн онцгой  комиссын шийдвэр гарсан тохиолдолд  эцэг эх нь зөвшөөрсний үндсэн дээр давтлага явуулж болно гэсэн чиглэлийг өгсөн учраас аймгууд бие даан шийдвэр гаргана. Нэгдсэн журмаар давтлага явуулах шийдвэрийг  яамнаас гаргаагүй.

–Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн сурагчдыг танхимаар сургах асуудал яригдаж байгаа. Ямархуу судалгаа хийгдэж байна вэ?

-Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд  4-5 төрлийн хувилбар судалж байна. Мэдээж эцэг эхчүүдийн зүгээс гаргаж байгаа саналыг үндэслэнэ.

-Теле хичээл үр дүн багатай байна хэмээн эцэг эхчүүдийн зүгээс ярьж байна. Гэтэл харьяа яамнаас эсэргээрээ теле хичээлийн сургалт сайн байна гээд байдаг. Энэ тал дээр.

-Хүүхдүүдийг амарч байх хугацаандаа хичээлийг нь бататгах зорилгоор оруулж байна. Сайн дурын үндсэн дээр үзэх боломжтой шүү дээ. Түүнээс биш заавал хүчээр үз гээгүй. Үзээгүй байсан ч дүнд нөлөөлөхгүй

Хилийн заставын хар нүдэн бүсгүй

Хилийн заставын хар нүдэн бүсгүй
Хээр талын хээнцэрхэн сарнай
Хэний ч хүүгийн хайрыг булаасан
Хэнзхэн соёолох ганган сарнай” хэмээх “Хар нүдэн бүсгүй” дууг ард түмэн сайн мэднэ. Энэ дууны бодит эзнийг “Мартагдашгүй танил” буландаа урьж ярилцлаа. Хилийн заставын хар нүдэн бүсгүйг Хүрэнбандийн Эгиймаа гэдэг. Тэрбээр залуу насандаа Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн заставт, заставын дарга Дамдины Энхжаргалын хамт таван сайхан хүүхдээ төрүүлж өсгөн хүмүүжүүлжээ. Түүний яриаг хүргэе.

-Та сайхан өвөлжиж байна уу. Хөл хорио, өвчин зовлон гээд зорин очиж, уулзаж чадсангүй. Цаг зав гарган, утсаар ярилцаж байгаад баярлалаа?

-Зүгээр дээ, хүү минь. Надаас ярилцлага авахаар холбогдож байгаад баярлалаа. Бид сайхан өвөлжиж байна. Манайх Тэрэлжид Дугуй цагаан гэдэг газар байдаг. Энд цас ихтэй л байна. Хөгшин бид хоёр энд дүүгийнхээ амралтын газар ажиллуулж, хэдэн малаа малладаг юм. Бид хоёр 2015 онд тэтгэвэртээ гарч, одоо нас 60 гарчээ.

-Таны залуу насандаа ханьтайгаа авахуулсан зургийг фэйсбүүкээс олж харлаа. Тэгээд таныг хайж, дүүгээр тань дамжуулж холбогдож байгаа юм?

-Би чинь ах дүү 11-үүлээ. Айлын хамгийн том хүүхэд бөгөөд доороо 10 сайхан дүүтэй хүн дээ. Зургаан хүү, таван охинтой айл. Миний нэг эмэгтэй дүү Өмнөговь аймагт их эмч мэргэжилтэй. Тэр дүү маань анх миний залуугийн зургийг фэйсбүүк дээр нийтэлсэн юм билээ. Би ухаалаг утас барьдаггүй болохоор тэрийг нь ч мэдсэнгүй. Зээ хүү маань л зургийг минь фэйсбүүкээс олж хараад, хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншиж өгсөн. Зарим нь “Энэ хүүхэн чинь иймээрээ байх ч юм уу, одоо амьд юм болов уу” гэсэн байна лээ (инээв).

-“Хар нүдэн бүсгүй” дууг хүмүүс сайн мэднэ. Харин энэ дууны эзэн хэн болохыг мэддэггүй. Энэ дуу анх мэндэлсэн түүхээс хуваалцахгүй юу?

-Энэ чинь 1986 онд болсон үйл явдал шүү дээ. Эгч нь 1977 онд арван жилийн сургуулиа төгсч, Москвагийн урлагийн дээд сургуулийн хуваарь авч суралцсан. Тэгээд багш мэргэжлээр Монгол Улсын их сургуульд суралцаж, 1984 онд Дорноговь аймгийн Сулин хээрийн отрядад нөхрөө дагаад очсон юм. Намайг анх хилийн заставт очиж байхад нэг ч эмэгтэй хүн тэнд очдоггүй байлаа. Одоогоос 35 жилийн өмнө 1986 оны хавар 27, 28 настай байсан юм уу даа. Би гурав дахь хүүгээ төрүүлчихсэн байсан. Монголын зохиолчдын эвлэлээс Ш.Дулмаа, хөгжмийн зохиолч Л.Магсаржав, “морины” Г.Батбаяр нар манай заставт ирлээ.

Би заставт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, угаагч, малчин, саальчин гээд бүхий л ажлыг хийдэг байлаа. Нөгөө багшийн ажил байхгүй шүү дээ. Тэр үед би хоол унд хийгээд, сайхан борцтой цай чанаж өгсөн чинь Ш.Дулмаа гуай надаас “Аль нутгийн хүүхэд вэ?” гэж асуусан.

Би “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынх” гэсэн чинь “Бид дөрөв, таван хилийн заставаар яваад ирлээ. Ямар ч эмэгтэй хүний бараа харагдсангүй. Ийм хөөрхөн охин энд ингээд байж байдаг” гээд ямар сургууль төгссөн, заставт хэзээ ирсэн тухай асуусан. Тэгж бид сайхан танилцаж байв. Хилийн заставт анх намайг хараад шүлэг зохиож, хөгжмийн зохиолч Л.Магсаржав гуай шууд аяыг нь хийгээд, анх хилийн цэргийн Наймдугаар заставт анх дуучин “морины” Г.Батбаяр тэр дууг дуулсан түүхтэй.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2392179/ линкээр орж унших боломжтой.


“БНСУ-д нас барсан иргэний ар гэртэй холбоо барьсан”

Тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас эх орондоо ирэхээр нэр нь багтсан иргэн нас барсан тухай гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны Консулын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

-БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ нь хэр бодитой мэдээлэл вэ? 

-Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажил хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй. Олон нийтийн сүлжээгээр тарсан мэдээллийн хувьд хэлэхэд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн, Монгол Улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд 2021 оны нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн. Элчин сайдын яамны зүгээс уг иргэний ар гэртэй холбоотой ажиллаж байна.

-Тухайн нас барсан иргэн өнөөдөр (өчигдөр)19.00 цагт Улаанбаатарт газардах тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийн тоонд багтсан байсан уу?

-БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19.00 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж, тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.

-Тухайн иргэн нь БНСУ-аас Монгол руу буцах хүсэлтээ гаргасан байсан уу?

-БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан байсан.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж