"Судлаачдын хөл тасардаггүй эрдэм, соёлын өргөө байгаасай гэж хүсэх юм"

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

"Судлаачдын хөл тасардаггүй эрдэм, соёлын өргөө байгаасай гэж хүсэх юм"

"Судлаачдын хөл тасардаггүй эрдэм, соёлын өргөө байгаасай гэж хүсэх юм"

Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагддаг ховор ном, судраас зөвшөөрөлгүй хэвлэж тараасан гэх мэдээллийн дагуу Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоотой ярилцлаа.

Тэрбээр өчигдөр Үндэсний номын сангийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийж, хууль ёсны дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгөөр эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн тухайгаа зарласан юм.


-Өндөр гэгээний намтрыг ямар ч зөвшөөрөлгүй хэвлэж, соёлын өвөө худалдлаа гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Та бас хариу тайлбар хийсэн байсан. Гэхдээ уншигчиддаа бодит мэдээлэл хүргэх зорилгоор таны албан ёсны байр суурийг сонсъё?

-Монгол Улсын Үндэсний номын сангаас өчигдөр мэдэгдэл гаргалаа. Учир нь манай үйл ажиллагаанд шууд нөлөөлөхүйцээр, албан ёсны лавлагаа, тодруулгагүйгээр Үндэсний номын сангийн үйл ажиллагааг бусдад буруу ойлгуулах чиглэлтэй мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа.

Монгол Улсын Үндэсний номын сан бол монголчуудын оюуны охь дээж болсон сайхан бүтээлүүдийг хадгалж, хамгаалж, хойч үедээ өвлөн уламжлуулж, түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага юм.

Ховор, хуучин ном судар, баримт бичгүүдийг түгээн дэлгэрүүлэхдээ харьяа яамнаасаа зөвшөөрөл авч, хэвлүүлдэг дүрэм, журамтай. Энэ нь Соёлын өвийн болон Номын сангийн тухай хуулиар баталгаажсан байдаг. Бид хуулийн хүрээнд БСШУСЯ (тухайн үеийн )-ны зөвшөөрөлтэйгөөр Өндөр богдын намтрыг хэвлүүлэх гэрээг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнтэй 2018 онд байгуулсан.

Харъяа яамныхаа зөвшөөрөлтэйгөөр эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд тухайн бүтээлийг оруулсан нь бусад эрдэмтэн судлаачдад хаалттай гэсэн үг биш. Эрдэмтэд хүрч ирээд тухайн бүтээлийг хэвлүүлье гэхэд мөн л энэ журмын дагуу яамны зөвшөөрөлтэйгээр хэвлүүлж болно. Үзэж, танилцаж, судлахад бол хориглох зүйлгүй. Бид бүх эрдэмтэн, судлаачиддаа үүд хаалгаа дэлгээтэй байлгадаг.

Гэтэл биднээс эрдэм шинжилгээ, судалгаа хийлгэе гэж ханддаггүй хирнээ хэвлүүлчихээр нь хардаж, сэрдэж, худлаа гүтгэж, 100 жилийн түүхтэй Үндэсний хэмжээний байгууллагын нэрийг сэвтээж байгаад харамсаж байна.

-Өнөөдөр энэ ховор хуучин ном судрын хадгалалт, хамгаалалт ямар түвшинд байна вэ?

-Түүхэнд онцгой чухал нөлөөтэй соёлын баримтат өвүүдийг номын сан бол хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч байгууллага. Эзэмшигч нь яам. Энэ сайхан өвөө сурталчилж, судалгааны эргэлтэд оруулахгүйгээр зөвхөн хав дарж хамгаалах боломжгүй. Эрдэмтэн судлаачдад үнэ төлбөргүй үйлчилж, тэдний судалгааны хэрэглэгдэхүүн болсон эх баримтыг хадгалж, хамгаалж байгаа газрыг ашгийн төлөө ажилласан гэж хардаж байгаад эмзэглэж байна.

Энэ номыг хэдэн төгрөгөөр зарчихлаа гэж хардахаасаа илүүтэй энэ бүтээлийн эрдэм шинжилгээ, судалгааны ач холбогдол юу вэ гэж харьцуулсан судалгаа хийж маргаж байгаа бол эрүүл.

Энэ дашрамд хэлэхэд, Монголын үндэсний номын сан судалгааны эргэлтэд оруулах олон арван сан хөмрөгтэй. Энэ сан хөмрөг дээр эрдэмтэд маань овоорч баймаар байна. Үүнийг эргэлтэд оруулахын төлөө, энэ сан хөмрөгт ямар сайхан нандин зүйлс байгааг тодруулж, уншигчдыг татахын төлөө, өөрсдөө эрдмийн зэрэг цолоо ахиулж, судалгаандаа шинэ судлагдахуун нээхийн төлөө ажиллаж баймаар байна.

Тэгэхгүйгээр эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагыг хардаж, увайгүй таамгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүү түгээгээрэй гэж хүсье. Биднээс асуу л даа. Шаардлагатай бол тэр зөвшөөрөл, гэрээг нь үзүүлнэ шүү дээ.

-“Өндөр гэгээний намтар”-ыг анх удаа хэвлэлээ. Гэхдээ хятад эрдэмтэнтэй хамтарлаа гэдгээр нь их бичиж байна?

-Бас л судалгаагүй дүгнэлт байна. 2009 онд манай нэртэй эрдэмтэн, судлаач Л.Хүрэлбаатар гуай Бээжингийн Ардын их сургуулийн эрдэмтэн Оюунбилэгтэй хамтраад 2009 онд Өндөр гэгээний намтрыг хэвлүүлсэн байдаг. Хэдийнэ судалгааны эргэлтэд орсны илэрхийлэл л дээ.

Баримтыг нягтлах талдаа эрдэмтэн, судлаачид маань бүр хэн хүнээс илүү байх учиртай. Гэтэл ийнхүү асууж, тодруулж, судлахгүйгээр Үндэсний номын санг буруутган, гүтгэж байгаа нь ямар учиртай юм бэ. Дээрээ төртэй, дэргэдээ засагтай байгууллагыг хувийн хэрүүлдээ хутгахын оронд судалгаагаа хийж, оюунлагаар маргалдаж, мэтгэлцээрэй гэж хүсье.

-Таныг мэдэгдэл хийсний дараа ч гэсэн эргэлзээ нь арилахгүй, гэрээгээ үзүүл, зөвшөөрлөө харуул гэсэн. Та ямар хариулт өгөх вэ? 

-Би энэ номын сангийн захирлаар ажиллах хугацаандаа нүүр бардам хуулийн дагуу ажиллаж байгаа. Манай номын сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хөл хориотой ч оюун санаа хоригдоогүй. Туурвин бүтээх, судлан шинжлэхэд үүд хаалга нээлттэй. Цахимаар ч үйлчилж байна.

Эрдэмтэн мэргэд минь ёс зүйтэй байцгаа. Хайрлаж, хүндэлж, эрдэмтэн гэж дээдэлдэг хүмүүс минь яагаад ингэж нийгмийг талцуулж, энэ нь зөв юм, энэ нь үнэхээр ажил хийгээд байгаа юм байна гэж хардаг өнцгийг үгүй хийж, эргэлзээтэй байдалд хүргэнэ вэ. Шат шатны байгууллага нь үүнийг тогтоогоосой. Би ч бас хуулийн байгууллагад хандана. Бид хууль зөрчөөгүй байхад хууль зөрчсөн мэтээр нийгэмд харуулж байна шүү дээ.

Шинжлэх ухааны академи бас эрдэмтдийнхээ ёс зүйн асуудалд анхаараасай. Би бас та бүхэнд тэр албан бичгийг хуулбарлаад өгье. Нийтэд дэлгээд харуулаарай.

-Танай сан хөмрөгт байгаа “Үйсэн дээрх бичиг”-ийн тухайд мөн л одоогийн Соёлын сайдтай холбож, зөвшөөрөлгүй хэвлэсэн гэсэн мэдээлэл бий. Үнэхээр зөвшөөрөлгүй хэвлэсэн юм уу? 

-Огт холбоогүй зүйлийг л энд дахиад ярих болох нь ээ. Энэ үйсэн дээрх бичиг бол манай байгууллагын санаачилж, харъяа яамнаасаа зөвшөөрөл авч, хэвлэлийн компанитай гэрээ байгуулж хийсэн ажил.

Монгол Улсын Үндэсний номын сангаас өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа чухал баримт бичгийг дэлхийн монгол судлал болоод эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад нээлттэй, хүртээмжтэй харуулах зорилгоор төсөл хэрэгжүүлж, “Үйсэн дээрх бичиг” гэдэг каталог гаргасан. Каталогийг “Соёмбо принтинг” ивээн тэтгэж хэвлэсэн. Бидэнд ийм каталог хэвлүүлэх төсөв байхгүй. Хэвлэгдэн гарсных нь дараа монгол судлаач эрдэмтдээр сайшаалгаж, сайхан юм хийлээ гэж хэлүүлж л байлаа. Бид үүрэгт заасан ажлаа л хийсэн.

Энэ каталогийг хийснээр Монгол Улсын Үндэсний номын санд ямар гайхалтай бүтээл хадгалагдаж байдаг юм бэ. Энэ үйсэн дээрх бичгийн судалгааг яаж дэлхийн төвшинд гаргах вэ гэдгийг анхаарлын төвд аваачсан. Тэр хүртэл олон нийт ч гэсэн ийм сайхан өвтэй гэдгээ мэдээгүй л явсан. Энэ өв санг дэлгэж, судалгааны эргэлтэд оруулж, залуу эрдэмтдээ сургах ёстой. Бид хэдий болтол нэг газраа эргэлдэх юм бэ. Сүүлийн үед сурвалж бичиг судлаач эрдэмтдийн тоо цөөрөөд байна. Гэтэл Үндэсний номын санд судалбал барагдашгүй баялаг өв сан байна. Үүн рүү яагаад орж ирэхгүй байна аа, эрдэмтэд ээ?

Оюутолгой, Тавантолгойгоос илүү өв сан байна шүү. Бид цаашдаа эрдэм шинжилгээ, судалгааны том төв болох ёстой. Судлагдахгүй байгаа энэ өв санг харуулж, таниулж, эргэлтэд оруулах гээд энэ их ажлыг хийгээд байна.

-Эрдэм шинжилгээний бүтээл эргэлтэд оруулдаг энэ үйл явц мэдээж танайд тасралтгүй өрнөдөг байх. Ойрын үед хэрэгжүүлсэн бусад ажлаасаа жишээ дурдаж болох уу?

-Бид БСШУСЯ-ны зөвшөөрлөөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран ажиллаж, Өндөр богдуудын тухай “Дээрхийн уг эх оршив” гэдэг есөн боть бүтээл хийсэн. ҮАБЗ-ын ажлын албатай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь ч энэ байна.

Бид ямар ч тохиолдолд эрдэмтэн, судлаачидтайгаа байнга хамтран ажилладаг. МУИС-ийн монгол судлалынхан манай маш олон арга хэмжээг дэмждэг. ШУА-ийн бүх хүрээлэн, Архивын ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичигтэй. Шинжлэх ухаан, түүх, соёлын байгууллагууд нь хоорондоо ажлаа уялдуулж хийдэг. Богд гэгээний ой боллоо гэхэд тус тусдаа нэг жижиг зүйл хийхийн оронд нийлээд томхон юм хийдэг байх жишигтэй. Гандан хийдийн архивтай хамтарч, үзэсгэлэн гаргаж байлаа. Бүх талын хамтын ажиллагаа, судалгааг үр дүнтэй хийхийг зорьж байгаа. Удахгүй манайх монгол судруудын каталогийг хоёр ботиор гаргана.

-Монгол Улсын Үндэсний номын сан 100 жилийн ойн босгон дээрээ шинэ барилгатай болох гэж байна. Тэгэхээр судалгаа, үйлчилгээнд аль алинд нь дэвшил гарах болов уу?

-Манай номын сангийн шинэ барилга энэ оны эхний улиралд ашиглалтад орох байсан ч ковид-19-ийн хориотой холбоотойгоор бага зэрэг хойшиллоо. Гэхдээ бид 100 жилийн ойгоороо шинэ байрныхаа нээлтийг хийж, төрөлжсөн уншлагын танхимууд болон цахим сангаа дэлгэж, дэлхийн жишиг стандартад нийцсэн номын сангийн үйлчилгээг Монголын нийт уншигчид, эрдэмтэн судлаачдад үзүүлнэ. Манай орчин үеийн номын сан шинэ байр руугаа бүрэн шилжиж, энэ байрандаа ховор судар номоо судалгааны эргэлтэд оруулж эрдэмтэн судлаачдаа хүлээн авч байх юм.

Үүний урьтал болгож бид монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг номын сан дээрээ зохион байгуулж, өөрсдөө илтгэл хэлэлцүүлж, сан хөмрөгийн дээжээсээ хэвлүүлж, олон улсын эрдэмтдийг урин дуудаж байна. Нээлттэй урьж, олон гайхалтай бүтээл төрүүлж, дэлхийгээр нэг шагшуулахыг хүсэж тэмүүлж явна. Монголчууд газар дороо зөвхөн алт эрдэнэстэй биш, оюундаа тэрнээс ч илүү эрдэнэтэй, хүчтэй, гайхамшигтай ард түмэн шүү гэдгийг батлан харуулахын төлөө ажиллаж байна.

Монголчууд зүгээр л морин дэл дээр сэлэм эргүүлдэг биш шүү. Тэд ингэж явахдаа дэлхийн хэмжээний соёл, түүхийг бүтээсэн юм. Хамгийн олон бичиг үсгийг зохиож, хамгийн олон бичиг үсгийн дурсгалыг хаа сайгүй үлдээж, тэр бичиг дурсгалаараа түмэн олон эрдэмтнийг төрүүлж, насных нь хоолыг бэлдэж өгсөн юм шүү.

Эх сурвалж: СОЁЛЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж