Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны нөлөө бүхий охин дүү Ким Ё Жонд юу тохиолдсон талаар эх сурвалжууд олон таамаг дэвшүүлцгээж байна.
Ким Жон Уны хамгийн сүүлд танилцуулсан эрх баригч намын онцгой зөвлөлийн гишүүдийн тоонд Ким Ё Жон багтаагүйн шалтгааныг БНАСАУ-д анхаарлаа хандуулдаг эх сурвалжууд сонирхоцгоох болжээ.
Зарим хүмүүс Ким Жон Ун дүүгийнхээ гаргасан зарим алдаанаас болж тушаал бууруулсан байж магадгүй хэмээн үзэж байгаа бол зарим нь Ким Ё Жоны нөлөө, эрх мэдэл дэндүү хурдан өсч байгаад ах нь санаа зовж, эдийн засгийн хямралын хажуугаар хүчирхэг өрсөлдөгчтэй болохоос эмээсэн байх гэж таамаглаж байгаа юм.
Түүнчлэн Сөүлийн Солонгос хүрээлэнгийн тоймч У Гён Собын тайлбарласнаар Ким Жон Ун дүүгийнхээ байр суурийг дарах болсон шалтгаан нь эдийн засгийн хямралтай, хувийн эрүүл мэнд нь асуудалтай байгаа Ким Жон Уны хувьд Ким Ё Жоны эрх мэдэл, нэр хүнд асар хурдтай өссөн нь аюултай гэсэн үзэлтэй холбоотой аж.
Ким Ё Жон өнгөрсөн жил эрх баригч намын онцгой зөвлөлийн гишүүн болж, олон хүний анхаарлыг татаж байсан тул хүмүүс энэ жил ч бас түүнийг зөвлөлийн гишүүн хэвээрээ үлдэнэ хэмээн найдацгааж байсан юм. Зөвлөлийн гишүүд нь улсын хамгийн өндөр эрх мэдэлтнүүдэд тооцогддог. Учир нь Ким Жон Ун хамгийн чухал шийдвэрүүдээ өөр хэнтэй ч биш, зөвхөн зөвлөлийн гишүүдтэйгээ хуралдаж гаргадаг билээ. Жишээлбэл, 2013 онд авга ах Жан Сон Тэг, 2012 онд цэргийн удирдагч Ри Ён Хо нарыг устгах шийдвэрээ Ким Жон Ун зөвлөлийн хүрээнд хуралдан гаргаж байсан аж.
2016 оноос хойш зохион байгуулагдаагүй, өнгөрсөн долоо хоногт эхлэн найман өдөр үргэлжилж, энэ долоо хоногт дууссан эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хурал дээр Ким Жон Ун зөвлөлд багтах 30 хүний нэрсийн жагсаалт танилцуулсан ч тэр дунд дүүгийх нь нэр байгаагүй аж.
Хэдий тийм ч Ким Ё Жон улс төрийн цэвэрлэгээний золиос болоогүй, мөн улс төрийн карьераа орхиогүйг баттай эх сурвалжууд мэдээлж буй. Тухайлбал, тэрбээр хэдий онцгой зөвлөлд багтаагүй ч намын төв хорооны гишүүн хэвээрээ гэнэ. Түүнчлэн тэрбээр энэ долоо хоногт Өмнөд Солонгосыг шүүмжлэн “БНСУ-ын Гадаад хэргийн яам бол маш хачин байгууллага” хэмээн мэдэгдэл хийхэд төрийн мэдээллийн эх сурвалж дээр түүний албан тушаалыг намын орлогч дарга хэмээн бичжээ. Энэ нь түүний өмнөх албан тушаал буюу намын нэгдүгээр орлогч дарга гэдгээс доогуур албан тушаал юм.
Эх сурвалж: APNEWS
Холбоотой мэдээ