Украины “Коммунизмыг нураах тухай хууль” болон Зөвлөлтийн үеийн хөшөө, дурсгалыг хориглох журмын дагуу Запорожье хотын төвд сүндэрлэж байсан В.И.Ленины сүүлчийн хөшөөг саяхан буулгасан байна.
20 метр өндөр энэхүү аварга хөшөө Зөвлөлт системийн үед хэдэн мянгаар нь бүтээж, сүндэрлүүлсэн Зөвлөлтийн хувьсгалын эцэг В.И.Ленины сүүлчийн хөшөө байжээ.
Харин Украинчууд коммунизмыг нураах ганц арга нь хөшөөг буулгах гэж үзсэн аж. В.И.Ленины хөшөөг буулгасан ч Запорожье хотын барилга, байгууламж, далан гээд коммунизмыг санагдуулах зүйлс маш олон үлдсэн байна.
Запорожье хотыг бараг бүхэлд нь Сталины маягийн хот төлөвлөлтөөр зохион байгуулсан учраас төмөр замын өртөөнөөс авахуулаад Ленины хөшөө байсан өргөн чөлөө хүртэлх өргөн зам Зөвлөлтийн үеийн хотуудтай адилхан ажээ. Хэдийгээр хотын иргэд коммунизмын тухай ярих дургүй боловч коммунизмын ул мөр энэ хотын хаа сайгүй шингэж үлдсэн.
В.И.Ленины хөшөөг буулгасан цагаас хойш Проспект Ленина өргөн чөлөөг Гүүглийн газрын зургаас хайгаад олдохгүй болжээ. Учир нь өргөн чөлөөг хувьсгалаас өмнө нэрлэж байснаар нь Проспекс Соборний хэмээн нэрлэх болсон байна. Харин Украинчууд Зөвлөлтийн үеийн неоклассик загварын кино театр, синема, концертын танхимыг хэвээр үлдээжээ.
Н.ЭНХ