УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийв.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: ШҮҮГЧИД ХУУЛИАС ӨӨР ДАРГА БАЙХГҮЙ
2020 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласан. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж ажилласан уг ажлын хэсэгт талархаж байгаагаа илэрхийлье. Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийлээ. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа үг, үсэг заалт бүрээр санал хураалт явуулсан. Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуулийн салаа мөчир нь. Шүүхийн тухай хууль шүүхийн засаглал, шударга ёсны үндэс. Шүүгч хэнээс ч, юунаас ч хараат бус ажиллах боломжийг бид энэ хуулиар бүрдүүлж чадлаа. Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн зарчим Шүүхийн тухай энэ хуулиар бодитой хэрэгжих боломж бүрдэж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна. Энэ цагаас эхлэн эзэнтэй, эрх мэдэлтэй, эдийн засгийн хараат шүүгч хэрхэвч байж болохгүйг хуулиар хааж хязгаарлаж өгсөн. Шүүгч нар бие биедээ нөлөөлдөг, дарамталдаг байдал энэ хуулиар эцэс болж байна. Шүүгч нарын томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж, хонгил үүсгэх асуудал энэ цаг үеэс төгсгөл болж байна. Өмнө нь дөрвөн тусдаа хуулиар зохицуулж байсан хариуцлагыг Шүүхийн тухай багц нэг хуулиар зохицуулдаг боллоо.
Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчдэд хориглох 40 гаруй зөрчлийг тусгаж өгсөн. Хариуцлага алдсан ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо энэ хуулиар ажиллаж эхлэх бололцоотой боллоо. Шүүгчийг хамгаалах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавигдах шаардлагыг хуульд тусгасан. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг нь шүүгчдээс, мөн тавыг нь УИХ нээлттэй сонгон шалгаруулалт хийж томилно. ШЕЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлага ч нэмэгдэнэ. Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хуульзүйн өндөр мэргэжилтэй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг шаардлага тавина. Шүүхийн шийдвэр бүхэн үндэслэлтэй байж, ил тод байхыг энэ хуулиар үүрэгжүүлж байна. Сайн хуулийг муу хэрэгжүүлж, амийг нь тасалдаг алдаа гаргаж болохгүйг шүүгч нартаа сануулж байна. УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн хувь заяа шүүгч нарын гарт очиж байна. Шүүх эрх мэдэл бол ард түмний хүсэмжлэлийн бодит биелэл байх ёстой.
"САЙН ХУУЛЬ АМИЛАХ ЭСЭХ НЬ 500 ГАРУЙ ШҮҮГЧЭЭС ИХЭЭХЭН ХАМААРНА"
ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Б.ЭНХБАЯР:
1992 оны шинэ Үндсэн хуулийг эх баригч, гавьяат хуульч агсан Б.Чимид багш маань "Сайн төрийн дээр хууль ноёлж байг" гэж хэлсэн байдаг. 1992 оны Үндсэн хуулиар бид хараат бус бие даасан шүүх байгуулахаар бичсэн. Гэхдээ ердийн хуулиар энэхүү үзэл санааг амилуулахдаа өнгөрсөн хугацаанд хангалттай ажилласангүй гэдэг дүгнэлт хийсэн байдаг. Хүнээс, ердийн хуулиудаар Үндсэн хуулийнхаа үзэл санааг алдагдуулж, шүүх чухамхүү хараат бусаар ажиллах боломж алдагдсаныг ард иргэд ч, шийдвэр гаргагч УИХ, Ерөнхийлөгч, шүүгчид өөрсдөө хүртэл хүлээн зөвшөөрч ирсэн. Олон улсын хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан нь гашуун боловч үнэн юм.
Бид шүүхийн энэ системийн гажуудал ердийн эм тариа, боолт хийгээд тос түрхээд арилгаж чадахааргүй хүндэрсэн байна гэдэг дүгнэлт хийсэн. Тиймээс хүнд хэлбэрийн хагалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ утгаараа шүүхийн хууль тогтоомжийг цогцоор нь, иж бүрнээр өөрчилж шинэчиллээ. Тиймээс энэ хуулийн шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа. Шударга ёсны хувьсгалыг хуулиар хийх, хуулиар засварлах ийм алхмыг хийлээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл, гараа. Одоо сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаарна. Тэр дотроо Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна. Бид хуулиа гаргахдаа тэдгээр шүүгчдийг хөтөч болгохын тулд ирээдүйгээ харж хийсэн. Бид өнгөрсөн рүүгээ биш, ирээдүйг харж хуулиа бичсэн.
Одоо байгаадаа сайн дүгнэлт хийж, ирээдүйдээ цагаан жин татуулж, шударга ёсыг манлайлахыг зорьж, энэ хуулийн шинэчлэлийг хийлээ. Энэ шаардлагад шүүгчид маань нийцэж, өөрсдийгөө засч, нийцүүлж ажиллах үүрэг хүлээж байна. Ингэж чадахгүй, өнөөдөртэйгөө байхыг хүсч, эрх мэдэлтэй зууралдаж, авлигажин, хонгилдон, муу муухайтай эвлэрч, сайн бүхнийг үгүйсгэж ажиллавал тухайн шүүгч шаардлага хангахгүй гэсэн үг. Шаардлага хангахгүй хүнтэй хариуцлага тооцох эрх ард түмнийг төлөөлдөг УИХ-д байгаа. Энэ утгаараа гараа гэж хэлж байгаа юм. Хууль хэрэгжих явцдаа олон саад бэрхшээл туулах болно. Олон хүний эрх ашгийг хөндөж байгаа. Тэдгээр хүмүүс янз бүрийн байдлаар энэ хуулийн үзэл санааг үгүйсгэх, таслан зогсоохыг оролдсон үйлдлээ зогсоохгүй хийх болно гэдгийг мэдэж байгаа. Үүнийг улдан дарж, шударга ёсны манлайлал, түүчээ болох тэр хүч УИХ-д байгаа. Яагаад гэвэл УИХ-д суудалтай бүх улс төрийн нам, бие даагчид шүүхийн шинэтгэлийг хийх ёстой, шударга ёсыг хуулиар тогтоох ёстой гэдэг дээр цул хүч болж, Шүүхийн тухай багц хуулийг УИХ-ын гишүүдийн 96.2 хувийн саналаар дэмжин баталлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
Шинээр батлагдсан Шүүхийн тухай хуультай холбогдуулж хэн нэгний хэргийн асуудалд нөлөөлөх, үндэслэл болох зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх процессын асуудлууд хуульд тусгагдаагүй. Шүүхийн тухай хуулиар шударга бусын гэх хонгилын нөлөөллийг үндсэнд нь устгахаар зорьсон, энэхүү үр дүнд хүрсэн гэж үзэж байна.
Холбоотой мэдээ