ХҮН-ын Удирдах зөвлөлийг Б.Найдалаа толгойлно

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

ХҮН-ын Удирдах зөвлөлийг Б.Найдалаа толгойлно

ХҮН-ын Удирдах зөвлөлийг Б.Найдалаа толгойлно

Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 14-нд цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд хуулиа хүндэтгэн, эв нэгдлээ баталгаажуулж, Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцсон байна.

Энэхүү хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ.

Б.Найдалаа хурлын илтгэлдээ "Аливаа намын зорилго бол улсын хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, нийтийн сайн сайхны төлөө шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх байдаг. Энэ нийгмийн захиалгаар бий болсон шинэ төрлийн улс төрийн хүчин бол ХҮН юм. Миний бие 2016 оны гуравдугаар сараас ХҮН-ын даргаар сонгогдон ажиллаж ирлээ. Энэ бүх хугацаанд гарсан ахиц, амжилт бүр дараах гурван зүйлд тулгуурласан.

  1. Сайн баг. Мэргэжил боловсролтой, туршлагатай шинэ цагийн, идэр насны шилдэг мэргэжилтнүүд нэгэн цул баг болж ажилласан.
  2. Чин дэмжигчид. Урам зориг, тууштай зүтгэх, өдий нам болон бэхжих хүч, боломжийг өргөн олон чин дэмжигчид маань олгосон.
  3. Үзэл санаа, зарчим. Ямар ч ажилд үзэл санаа, нэг зарчим байж л баг эв нэгдэлтэй, хүчтэй болж, амжилтад хүрдэг. Бидний хүчтэй тал бол үзэл санаа, зарчим, үнэт зүйл юм. Ийм учир ХҮН бусдын санаанд оромгүй хүчирхэг, төсөөлснөөс илүү дэмжлэг авсаар байна.

Өнгөрсөн хугацаанд нам шиг нам байж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор бидний баг дараах бүлэг ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүнд:

  1. Намаа бэхжүүлэх, дотоод ажлууд
    • Баримталж ирсэн мөрдлөгө
      • Аль ашигтай нэгний талд биш, аль зөвийн талд байх
      • Шийдлийг мэдлэг, судалгаанд суурилах
      • Эргэлзээтэй зүйл гарвал үндсэн зарчмаа л барих
      • Бусад намуудын гаргасаар байгаа алдааг давтахгүй байх
      • Намчирхаж, талцах, туйлшрахаас зайлсхийх
      • Нийгэмд улс төр, нам ямар байх ёстойг үлгэрлэн үзүүлэх
    • Үзэл баримтлал, бодлого. ХҮН-ын анхнаасаа ялгарах зүйл бол тов тодорхой үзэл баримтлал, үнэ зүйл, зарчим байсан. Эдгээрийг зүгээр дүрэмд заагаад орхих биш тодорхой цогц шийдлийг гишүүд, дэмжигчид хамтран “Монгол хүний товчоон” бүтээлээр гаргасан. Ийм цогц шийдэл өөр намд үгүй.
    • Бодлого боловсруулах чадавхи. ХҮН дэргэдээ Бодлого судалгааны хүрээлэнтэй бөгөөд намын дэргэд тусдаа тамгатай ганц байгууллага юм.
    • Шинэ залуус, манлайлагчдыг бэлдэх, дэмжих. ХҮН Академи залуусыг мэргэжлийн болон зөв улс төр, манлайлалд хөтлөн хөгжүүлэх болно.
    • Санхүүгийн ил тод байдал. Санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод тавьж ирсэн нь намуудын түүхэнд байхгүй шинэ зүйл.
  2. Улс төрийн үйл ажиллагаа, иргэд сонгогчдод хүрэх ажлууд
    • УИХ-ын ээлжит сонгууль 2020. МСДН, ЗЁН намуудтай хамтран “Зөв ХҮН Электорат” эвсэл байгуулан, УИХ-ын сонгуульд оролцож, нэг суудалтай болсон. Эвслийг Электорат хөдөлгөөний ахмадууд дэмжсэн нь ХҮН нийгмийн захиалга мөн гэдгийн нотолгоо юм. Бусадтай биш энэ хоёр намтай эвсэл байгуулах нь зөв шийдвэр гэдэг нь үйл явдлаар нотлогдсон, зөв бөгөөд чухал сонголт байсан юм.

УИХ-ын сонгуулиар эвсэл улс даяар нэр дэвшсэн тойргуудын нийт 2,963,302 хүчинтэй саналын 209,105 буюу 7.1%-ийн санал авсан. Харин Улаанбаатар хотод нэр дэвшсэн тойргуудын нийт 1,635,693 хүчинтэй саналын 176,725 буюу 10.8%-ийн санал авсан.

  • Орон нутгийн сонгууль 2020. Орон нутгийн сонгуульд ХҮН амжилттай оролцож, нийт 113 хүн нэр дэвшсэнээс нийслэлд 3, дүүргүүдэд 12 төлөөлөгчтэй боллоо. Энэ нь гуравдагч хүчний хувьд урьд өмнө үзэгдээгүй амжилт юм. Сонгогчид урьд өмнөөс илүү ХҮН-д итгэж дэмжих болсон.

 ХҮН улс төрийн гурав дахь хүчин болов. ХҮН Монгол Улсын түүхэнд анх удаа улс төрийн гуравдагч хүчин болж чадлаа. Яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ гэхээр, УИХ-ын сонгуульд суудал авч байсан нам, эвслүүд нэг биш байсан боловч хэзээ ч ийм олон хүчтэй нэр дэвшигч дэвшүүлж, өргөн хүрээнд хүчтэй өрсөлдөж байсангүй, мөн нийслэл, дүүрэг, орон нутгийн сонгуулиар бүх түвшинд төлөөлөлтэй болсон улс төрийн хүчин байхгүй.

ХҮН саад бэрхшээлийг даван туулж ирсэн. Энэ бүгд амжилт, сайн зүйлс зүгээр аяндаа бүтээгүйг бас онцлон дурдаж, үнэнээр өчих ёстой. Ил тод өрсөлдөхөөс эмээсэн улс төрчид, намуудын зүгээс шударга бус хандах, гүтгэх, мушгин гуйвуулах, хууль шүүхийг ашиглан намын үйл ажиллагааг гацаах, бүр сонгуульд оруулахгүйг оролдох бүдүүлэг тохиолдол нэг биш гарч байсан. Хамгийн сүүлийн жишээ бол хөлсний этгээдүүдийг ашиглан НИТХ-ын сонгуульд ХҮН-ыг оруулахгүй гэж оролдон, сонгуулийн сурталчилгааны тал хугацааг барж, сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлснийг дурдах байна.

Энэ бүх явуулга, довтолгоонд бид анхнаасаа үнэн зөв, үндсэн зарчмаа тууштай барьж ирсэн тул ямагт ялж, дэмжигчдийнхээ итгэлийг хямгадан хамгаалж ирсэн.

ХҮН хөгжлийн дараагийн шатандаа дэвшиж байна. Энэ бол дөнгөж эхлэл юм. Цаашид бид дараах чиглэлээр итгэлтэй ажиллах болно.

  1. Дэмжигчдийн хүрээгээ тэлэх, намын байр суурийг бэхжүүлэх хүрээнд
  • Намын дэмжигчдийн хүрээг нийслэл, орон нутагт жигд нэмэгдүүлэх
  • Нэмэгдэж байгаа дэмжигчидтэйгээ илүү ойр тулж ажиллах, уламжлалт намын биш, шинэ бүтэц загвар хөгжүүлэх
  • Бүх түвшинд зөв манлайлагчдыг бэлдэж, олноор нь гаргаж ирэх
  1. Намын дотоод нөөц, инстүүц чанарыг бэхжүүлэх хүрээнд
  • Намын үзэл баримтлал, зарчим, ёс зүй, дотоод дэг журам болон гишүүдийг хөгжүүлэх төрөл бүрийн сургалтыг өргөн хүрээнд хийх
  • Бодлогын хүрээлэнг эрчимжүүлж, шинэ судлаачдыг татан оролцуулах
  • Бодлогын зөвлөлүүдийг байгуулж, мэргэжилтнүүд ажиллах бүтэц үүсгэх
  • УИХ, нийслэл, дүүргийн төлөөлөгчдийг дэмжин ажиллах бүтэц бий болгох
  • Гишүүд дэмжигчдийн бүртгэлийг цахим технологид суурилан шинэчлэх
  • ХҮН Академийн тасралтгүй ажиллагааг ханган, залуу мэргэжилтнүүд, манлайлагчдыг дэмжих, олноор нь бэлдэж хөгжүүлэх

Эцэст нь, өдий хүртэл асуудал, эрсдэл дундуур хамтдаа зүтгэж ирсэн намын нөхөд, гишүүд, дэмжигчиддээ дахин талархал илэрхийлье! Бид хамтдаа ойрын сонирхолдоо биш, алсын зорилгодоо нэгдэн, итгэлцэл, эв нэгдлээ бэхжүүлж, шинэ цагийн XXI зууны эх орноо бүтээх үйлсдээ илүү итгэлтэй, илүү тууштай, илүү өөдрөг зүтгэцгээе ээ! Бид хаана ч байсан, юу ч хийсэн бидний зорилго, үнэт зүйл хэвээрээ” гэсэн байна.

Мөн ХҮН-ын Их хурлаас Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжин сонгожээ.

Ийнхүү УИХ-д суудалтай, улс төрийн нөлөө бүхий хүчин болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан оров.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж