АН Хөдөлмөрийн хуулиар, МАН Музейн хуулиар завсарлага авлаа | News.MN

АН Хөдөлмөрийн хуулиар, МАН Музейн хуулиар завсарлага авлаа

LiveАН Хөдөлмөрийн хуулиар, МАН Музейн хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулган хуралдаж байна

Posted by News.mn on Thursday, January 14, 2021

15 : 54
2021-1-15

АН Хөдөлмөрийн хуулиар, МАН Музейн хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авав.

Завсарлага авах болсон үндэслэлээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Уг хуулийн төсөл өргөн барьсан эх хувилбараасаа 50-80 хувь өөрчлөгдсөн тул Засгийн газраас мэдээлэл авах шаардлага үүссэн” гэж тайлбарласан юм.

Хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, завсарлага өгөв.

Дараа нь Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон ч УИХ дахь МАН-ын бүлэг мөн гурав хоногийн завсарлага хүсэв. Уг хуулийн төслийг бүлгээр дахин хэлэлцэх шаардлага үүссэн гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэж, УИХ-ын дарга тус бүлэгт гурав хоногийн завсарлага өглөө. Бүлэг ирэх Даваа гаригийн хуралдаанаар уг төслийг хэлэлцэх аж. 

УИХ-аар Патентын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон ч танилцуулга хийх гишүүн нь байхгүй тул хойшлов.

Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

14 : 59
2021-1-15

Н.Энхтайван: Хятад улстай хийж байгаа худалдааг 10 тэрбум долларт хүргэнэ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандан тавьсан Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаарх тавьсан асуулгын хариуг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өглөө. 

Түүний мэдээллээр Монгол Улсын гадаадын худалдааны эргэлт 2020 онд 12.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.5 тэрбум ам.доллар, импорт 5.3  тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр Монгол Улсын худалдааны тэнцэл 2020 онд 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Цар тахалтай үед гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад Засгийн газраас хөрш орнуудтай худалдааг хэвийн  үргэлжлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнчлэн эрдэс баялгийн экспорт нөлөөлжээ.

Монгол Улсын гадаад худалдаа ДНБ-ий 126 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Гэхдээ гадаад худалдааны нээлттэй чөлөөт бодлого нь эдийн засгийн бусад салбаруудтай харьцуулахад уул уурхайн салбарт хөгжлийн илүү өргөн боломжийг нээж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн бусад салбарын нийт экспортод эзлэх хувийн жин чамлалттай байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд онцоллоо.

Мэдээллийн дараа гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Гадаад харилцааг эдийн засагжуулна гэсэн, юу болж байна вэ. Урд хөрштэй эдийн засгийн харилцаа ямар төвшинд явна. Нүүрс гаргалт, тээврийн асуудал дээр тодорхой зохицуулалт юу байна?

Бараа бүтээгдэхүүнээ бид экспортод гаргахаас гадна залуучуудаа сургадаг байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт татахаар хөөж туугаад, технологийг нь оруулдаггүй, тэгсэн хэрнээ өөрсдөө бүтээмжээ нэмэгдүүлж чаддаггүй.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван:

-Гадаад худалдааны яам зөвхөн дипломат харилцаагаар зогсохгүй худалдаа, эдийн засгийн харилцаанд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Худалдаа, эдийн засгийн харилцаанд Гадаад харилцааны яам үүрэг оролцоогоо нэмэгдүүлэхэд анхаараад, олон жил болж байна. Худалдаанд тулгарч байгаа саад тотгорыг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг татахад анхаарлаа хандуулж ажиллаж байна. Өндөр дээр түвшний айлчлал, салбар хариуцсан сайд нарын айлчлалаар яригддаг асуудал бол эскпорт, импортыг хэрхэн нэмэгдүүлэх, гадаад худалдааг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаардаг. Засгийн газар хороондын комиссын хурлаар мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаардаг.  

Гадаад худалдаа хариуцсан бүтэц тогтворгүй байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэхүү бүтэц зургаан удаа өөрчлөгдөж, өөр өөр яам, агентлаг хариуцахын хэрээр хөрөнгө оруулалтад таагүй, сөрөг нөлөө үзүүлж ирсэн. Гадаад худалдаа өнөөдрийн байдлаар татварын 30 хувийг бүрдүүлж байна.

Яг одоогоор Гадаад харилцааны яаманд гадаад худалдаа хариуцсан нэг газар байдаг, арван хүнтэй. Нэг яам үүрч ажиллахад тодорхой бэрхшээл байдаг.

БНХАУ нь манай улсын худалдааны гол түнш, экспортын хамгийн том зах зээл. Хийж буй худалдаа сүүлийн таван жилд эерэг гарч байгаа, бусад улстай хийдэг худалдаа алдагдалтай гардаг.

Хятадтай хийж байгаа худалдаа 2019 онд 8.8 тэрбумд хүрсэн. Экспортын 90 гаруй хувь нь Хятадтай, импортын 60 гаруй хувьд Хятад улстай хийгддэг. Худалдааны хэмжээг нэмэгдүүлж, 10 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бус хүнс хөдөө аж ахуй, мал аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүнийг өмнөд хөршид гаргах бодлого барьж байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

-Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд хэчнээн аж ахуйн нэгжид зээл олгосон бэ? Евро Азийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон. Үр дүн ямар байна вэ? Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон. Хэчнээн аж ахуйн нэгж, хэчнээн хэмжээний экспорт дээр энэхүү худалдааны хөнгөлөлтийг эдэлж байна вэ? Худалдааг хөнгөвчлөх хороог хэн ахалж ажиллаж байна вэ? Гадаад худалдааг идэвхжүүлэх, дэмжих ажил үндсэндээ эзэнгүй явж байна. Хүний нөөц хангалтгүй, гадаад худалдааны бодлого хэлэлцээрийг хариуцсан байдлаар явж байгаа. Дэмжих, зохион байгуулах чиглэлээр ажил явахгүй байна.

Худалдааны дипломат харилцааг хөгжүүлэх асуудал чухал байна. Гадаад худалдааны дипломат харилцааг хөгжүүлэхэд Дипломат алба юу хийж байна вэ?

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван:

-Дэлхийн банкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгосон зээлийн асуудлаар ХХААХҮЯ мэдээлэл өгнө. Өнгөрсөн онд Гадаад харилцааны сайдын хувиар хойд хөршид айлчлахдаа Евро Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар болсон. Богино хугацаанд амжуулахын төлөө зорилго тавиад ажиллаж байна.

Гадаад харилцааны яам Дипломат төлөөлөгчийн газрыг илүү эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахад илүү чиглүүлж ажиллаж эхэлсэн. Ажлын үр дүнг нь хоёр орны хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж чадсан уу, хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн үү гэдгээр хэмжихээр ажиллаж байна. Энэ оноос тодорхой чиглэл өгч ажиллана.

Ази, Номхон далайн орны хэлэлцээр энэ оноос хэрэгжиж эхэлж байна. Одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Япон, Европын холбоо руу татварын таатай нөхцлөөр бараа бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон ч ашиглаж чадахгүй байна. Татварын өндөр хувь энэ бизнест сөргөөр нөлөөлдөг. Үе үеийн дарга нар урагшаа болон хойшоо очиж хэлэлцээр хийдэг ч үр дүн гардаггүй.

Оросууд манай улсад социализмын үеэс хойш бараг хориг тавьж ирсэн. 44 хувийн татвар төлж байж, Орос руу бүтээгдэхүүн гаргадаг. Үүнээс болоод эцсийн бүтээгдэхүүн гаргах сонирхол аж ахуй нэгжид байхгүй болсон.   

Гадаад харилцааны сайд та яг ийм ажил хийнэ гээд амлалт авч болохгүй юу?

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван: 

-Би амлалт авч байна. ОХУ, Европын комисстой чөлөөт худалдааны  үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажил хийж эхэлсэн.  Нэг жилийн  дотор  энэ ажил шийдэгдэнэ гэж бодож байна.  Энэ  үед  экспортын гол нэр төрлийн барааг ОХУ болон Европын комиссын гишүүн орнуудад гаргах боломж бүрдэнэ. 

Гадаад худалдааны хамгийн том зохицуулалт, тариф,  татварын зохицуулалт байдаг.  Эдгээр зохицуулалт  нь Сангийн яаманд байдаг. Сангийн яам, Гаалийн газраас хүмүүс ажлын хэсэгт орсон, ажиллаж байгаа. Тариф, татвараа тодорхой хугацаанд бууруулж чадна гэдэг амлалтыг өгч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Австралийн Элчин зөвлөхөөр ямар хүн томилно гээд, наймаалцаад байна вэ. Ардчилсан намын бүлэг хэрхэвч зөвшөөрөхгүй шүү. Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн ямар байна вэ. Дипломатууд хар тамхины хэрэгт нэр холбогдож, улсынхаа нэрийг гадаад, дотоодод унагаж байна. Энэ асуудалд анхаарал хэр тавьж ажиллаж байна вэ. БНСУ-д манай иргэд  маш хүнд нөхцөл байна, эх орондоо ирэх гээд чадахгүй байна гэж дуулдах. Гэтэл манай улстөрчид онгоц дуудаад нисч байдаг?

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван:

-Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Ардчилсан намын үед амжилттай байгуулсан. Хятад болон ОХУ тай иж бүрэн стартегийн түншлэлийн харилцаатай.

Хар тамхитай холбоотой асуудал олон нийтэд муухаaгаар харагдуулсан гэдэгтэй санал нэг байна. Намайг сайдаар ажиллах хугацаанд хар тамхитай холбоотой хэрэг гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Сайдын хувиар холбогдох шугамаар мээдэлэл авч ажиллаж байна. Боловсон хүчнээ сайжруулахад илүү анхаарч ажиллана.

Гадаад харилцааны сайдын хувьд гадаад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах нь тэргүүн зэргийн ажил байдаг. Тийм учраас хийх ажлынхаа нэгдүгээрт, гадаадад суралцаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах гэж тусгасан. Дипломат төлөөлөгчийн газар болон дипломатуудтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж, холбогдох дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн ямар байгааг судлах судалгааны ажлыг эхлүүлсэн. Хэлэлцээрийн үр дүн ямар байгаа вэ гэхээр манай талд алдагдалтай байгаа. Чөлөөт худалдааны хэлэлцээр улс оронд ашигтай байх нөхцөл чухал. Практик дээр амжилт харагдахгүй байна.

Ноднин АНУ-д УИХ-ын дарга айлчлахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон. Нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын гадаад худалдаа ашигтай гарч, валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн.

Асуулгын хариуг сонсч дууссанаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээр болов. 

 

 

13 : 54
2021-1-15

УИХ: Шүүхийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагуулж, Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүссэн гэж үзэж буй. Уг хуульд шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн байна. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм.

Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, Гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгоно. Тиймээс шүүгчдийн цалин одоогийн төвшнөөсөө буурахгүй, хууль батлагдсанаар ажлын ачаалал нь ч зохих хэмжээнд очно гэж үзэж байна.

Шүүхийн тухай хуулийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Та бид шүүхийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн гишүүд, эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

Үндсэн хуулийг амилуулах, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрх зүй хангагдлаа. УИХ-д суудалтай бүх нам, бие даагчид ойлголцлыг тэргүүнд тавьж, Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэгдмэл санаатай ажилласан явдал талархал илэрхийлье.

Олон улсын сайн туршлага, мэргэжилтэн, судлаачид, шүүгчдийн саналыг тусгахад хичээн зүгтгэсэн С.Бямбацогт даргатай Хууль зүйн байнгын хороо, ажлын хэсгийг ахалж ажилласан Б.Энхбаяр гишүүнтэй багт талархал илэрхийлье.

Хуульд эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэргээс сэргийлэх зохицуулалт тусгасан. Шүүгчид хэн нэгэн нөлөөлөх оролдлогыг хаасан, хууль зөрчсөн шүүгчид сахилгын бусад шийтгэл ногдуулахаар эрх, үүргийг тодотголоо. Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгчийг ил тодоор сонгон шалгаруулна. Шүүхэд шатлан дэвшин зарчмыг баримтална.

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч бус гишүүнийг томилгооны сонсголоор заавал оруулж, батлахаар болсон нь чухал зохицуулалт болсон.

Шүүгчээс мэргэжлийн шалгалтаас гадна зан төлвийн шалгалт авна. Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээдэг болно.

Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бүх шатны шүүхийн байгууллага, шүүгчдийн төдийгүй хүн бүрийн оролцоо чухал.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслөөс мөн тодорхой заалтууд энэхүү хуулийн төсөлд тусгалаа мөн олсон. Хуулийн төслийг санаачилсан Хууль зүй, дотоод хэргийн яам идэвхитэй оролцлоо. Мөн Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Цогт нар онцгой чармайлт гарган ажилласанд талархал илэрхийлж байна.

Энэ өдрөөс эхлээд шинэ хуулийг хаа, хаанаа сайн ойлгож, эрх мэдлийн ариун журамт үүрэг, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд хангаж ажиллахыг нийт шүүгчиддээ уриалж байна” гэв.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандан Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар тавьсан асуулгын хариуг сонсч эхлээд байна.

10 : 25
2021-1-15

С.Бямбацогт: УИХ чанартай хууль батлах зохицуулалт 2015 оноос хэрэгжиж эхэлсэн

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, January 14, 2021

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авч байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Энэ хууль бусад хуультайгаа уялдуулж, хамтад нь өөрчлөх боломжууд харагдаад байхад огт тусгагдаагүй байх шиг байна. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт:

-Засгийн газрын өргөн мэдүүлсэн хууль дээр ажлын хэсэг ажиллахдаа аль болох багцлах, хуулиудын хэрэгжих хугацааг наашлуулна. Жишээлбэл, 2021 онд 100 хууль өргөн барих мэтээр хууль эрх зүйн орчноо сайжруулах, хуулиудын хэрэгжих хугацааг нь наашлуулж, аль болох багцлах тал дээр ажилласан. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Шүүхийн тухай хуулийг өнөөдөр батална. Үүнийг дагаж мөрдөх хуулиудад өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөдөр энэ хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөх асуудал огт тусгагдаагүй байна. Тухайн шүүхийн шийдвэрийг прокурор хянаж, Улсын дээд шүүхэд хянан хэлэлцдэг. Дээд шүүх шүүхийн хуулиар бараг байхгүй болж байгаа. Тиймээс зохицуулалтыг яаж хийж байгаа вэ? Хууль тогтоомжийг сайжруулах хуульд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр нэг ч зүйл алга. Мөн УИХ-ын гишүүн хууль санаачлахад Дэгийн хуулиар төвөгтэй болсон. Заавал Хууль зүйн яамнаас хорооны санал авах зэрэг төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Би гэхэд covid-19-тэй холбоотой хууль өргөн барьсан ч хэлэлцэхгүй байна. Яагаад хэлэлцэхгүй байна вэ?

Ажлын хэсэг:

-Засгийн газрын санал дүгнэлтийг Хууль тогтоомжийн болон Засгийн газрын хуулиар Хууль зүйн яамнаас санал авч, бэлтгэж оруулж ирсний дараа хэлэлцэх эсэхийг шийднэ. Тэр дагуу хариулт өгсөн. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрх хаалттай болоогүй. Ер нь УИХ-ын гишүүд, УИХ хууль санаачлахдаа үндэслэл, тооцоотой, амьдралд хэрэгжих зэрэг хууль боловсруулахад тавигдах шаардлагыг өндөр болгосон. Тэгэхгүй бол амьдрал дээр хэрэгжихгүй, чанаргүй хууль баталсан гэдэг учраас 2015 оноос хойш шаардлага нь өндөр болж байгаа. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хаврын чуулганаар хэлэлцэгдэх юм билээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Миний өргөн барьсан, санаачилсан 10 хууль бий. Энэ бүх хуулийг ганцаараа бариад явахаар сөрөг хүчин учраас жаахан тийм байна. Тэгэхээр энэ хуулиудаа тодорхой хүмүүстэй хамтарч өргөн барих нь зөв юм байна гэж бодож байна. Жишээлбэл, НӨАТ-ын тухай хуулийн төслийг би Ж.Ганбаатар гишүүнтэй хамтарч өргөн барих зэрэг эрх баригч намын болон зарим гишүүдтэй хамтарч өргөн барьж, хамтатгаад хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн бодолтой байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт сөрөг хүчин идэвхтэй орж ажиллах нь зөв юм билээ. Эрх баригч намаас нэг гишүүнийг барьж авч, хамт өргөн барьсан ч нэг их үр дүнгүй л болох юм билээ. Тиймээс эрх баригч нэгэнт олонх учраас ажлын хэсэгт нь ороод явах нь илүү үр дүнтэй болов уу гэж харж байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд гишүүд үг хэлж, асуулт, тодруулга авч дууссан учраас байнгын хорооноос гаргасан санал бүрээр санал хураалт явуулж байсан ч техникийн саатал гарсан тул чуулганы хуралдааныг 12.30 цагаас эхлүүлэхээр түр завсарлууллаа. Ингэхдээ УИХ-ын таван танхимд хуваагдан сууж, гар өргөн санал хураахаар боллоо. 

10 : 11
2021-1-15

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гариг (2021.01.15)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:

-“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нарын 22 гишүүн  2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар" тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oyko 2021-01-15 66.181.161.96

oorsdoo uildverlegch oron bolxoos oor arga bxgui..nogoo tarix xergtei.. Sum oron nutgiin toog tsoolx xergtei.. xun bur aimag burtee nogoo tsagaa tariad saixan aj torox xergtei bn.. Maliin toog bagasgax xergtei xun bur eruul xoolloj oorsdoo nogoogoo darshilj… eruul xoollolt.. ayul baidliin ajillagaag xangasanaar xun bur ovdood bxgui… eruul mendiin togtoltsoog saijruulj ovchin buriig ert onshlox xergtei bn..

Avatar

ИРГЭН 2021-01-15 66.181.182.42

YUN MUZEIN ASUUDAL DEER ULS TOR HIIGEED BDGIIM BEEE.

Avatar

ТУЯА 2021-01-15 202.131.249.14

ТЭТГЭВРИЙН НАСЫГ ЭРЭГТЭЙ 60 БОЛГОХ АСУУДЛЫГ СУДЛААЧ ЭЭ, АН-ЫНХАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС ӨМНӨ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭЭД ӨГӨӨЧ ЭЭ, МОНГОЛ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТ ХЭД БАЙГАА БИЛЭЭ ДЭЭ, АМЖИЛТ,

Avatar

Шодоргос 2021-01-15 103.80.211.37

хутган үймүүлэгч занданг томилуулахгүй шүү.2 орны харилцаанд харш зүйл хийнээ Цаадах чинь урвана шүү дээ. Яасан чзөвшөөрч болохгүй шүү.

Avatar

зочин 2021-01-15 192.82.77.140

худлаа шуудэг шуугч нарынхаа эрх ямба цалинг мен жигтэйхэн хамгаалцгаах юмаа. Тэд нар чинь ингэлээ гээд ямар ч еерчлелт гарахгуй ээ. Менге улаан нуд цагаан болчихсон хуний сугнууд буг болчихсон юмнууд байхгуй юу.

Avatar

Зочин 2021-01-15 96.90.231.205

Эх сурвалжууд титэмт вирусыг чинь үүнээс цааш бидэнтэй үүрд хамт байна гэж мэдээлж байна. Хууль тогтоогчдоо ард иргэдээ вакцинжуулаад, хөл хориод алга болчихгүй бхоор хэрхэн зэрэгцэж амьдрахаа урт хугацаанд төлөвлөж, амьдрал ахуйгаа зохицуулах асуудлыг эртнээс ард иргэдийн ухамсарт суулгах нь чухал байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж