АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 6-нд болсон үймээнд буруутгагдаж, бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр удаа импичмент зарлуулсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон билээ.
Түүнийг АНУ болон түүний засаг захиргааны байгууллагуудын аюулгүй байдалд ноцтой аюул учруулахад нөлөөлсөн, ардчилсан системийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн, засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхэд саад хийсэн, Капитолын ордонд хууль бус үймээн дэгдээхэд иргэдийг турхирсан, хүчирхийлэлд уриалан дуудаж, хүний амь эрсдэхэд хүргэсэн хэмээн буруутгаж, Конгресс дэх Ардчилсан намын бүлэг импичмент зарласан юм.
Төрийн өндөр албан тушаалтныг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Ерөнхийдөө төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тогтолцоо гэж хэлж болно. АНУ-д Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг Конгресс дахь Төлөөлөгчдийн танхим санал хураасны дараа Сенатын танхим эцэслэн шийддэг.
Энэ сарын 6-ны өдөр Конгрессын танхим хуралдаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены ялалтыг баталгаажуулах үеэр сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Дональд Трампыг дэмжигчид Конгрессын ордон руу дайрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Үймээний үеэр таван хүн амь үрэгдэж, сөрөг хүчнийнхний зүгээс Ерөнхийлөгч Дональд Трампыг эмх замбараагүй байдалд иргэдийг турхирсан хэмээн буруутгаж, түүний эсрэг импичмент ажиллагааг эхлүүлсэн.
Эхний шатны санал хураалт буюу Төлөөлөгчдийн танхимын санал хураалтаар 232 төлөөлөгч Трампын эсрэг санал өгсөн бол 197 нь Трампыг үлдэх ёстой гэж үзжээ. Эсрэг санал өгсөн төлөөлөгчдийн дотор түүний Бүгд найрамдах намын 10 төлөөлөгч ч багтжээ. Төлөөлөгчдийн танхим нийт 435 суудалтай ба үүний 222 нь Ардчилсан намын гишүүн бол 211 нь Бүгд найрамдах намын гишүүн юм. Одоо Трампыг бүрэн эрхийнх нь хугацаанаас долоо хоногийн өмнө огцрох эсэхийг Сенатын танхим хэлэлцэн шүүх ёстой ч Сенатын танхимын олонхийн бүлгийн дарга Байдены тангараг өргөх ёслолоос өмнө Трампыг огцруулах нь цаг хугацааны хувьд боломжгүй хэмээн мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн эсрэг импичментийг Сенатын танхим гурван удаа хэлэлцэхэд эхнийх нь 83, дараагийх нь 37, сүүлийнх нь 21 хоног үргэлжилж байжээ.
Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах Төлөөлөгчдийн танхимын санал хураалтын дараа Бүгд найрамдахчууд хоорондоо хагаралдаж эхлэв. Дээрх санал хураалтаар намынх нь 10 гишүүн Трампаас нүүр буруулж эсрэг санал өгсөн юм.
Конгрессын гишүүн, Бүгд найрамдах намаас гуравт эрэмбэлэгддэг Лиз Чейни тэдний нэг аж. Иймд Бүгд найрамдахчууд түүнийг намын лидерийн үүргээсээ татгалзахыг шаардаж эхэлжээ. Түүнчлэн Вайоминг мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Чейниг Трампын эсрэг санал өгснийх нь төлөө огцрохыг шаардсан байна. Тэрбээр үүний хариуд “Би хаашаа ч явахгүй. Энэ бол миний өөрийн ухамсраараа өгсөн санал. Манай үндэстэн урьд өмнө нь тулгарч байгаагүй иргэний бослого тэмцэл, Үндсэн хуулийн хямралтай тулгарсан учир би Трампын эсрэг санал өгсөн” хэмээн хэлжээ.
Бүгд найрамдах намын өөр нэг гишүүн хэдэн нөхдийн хамт Трампын эсрэг санал өгснийхөө дараа заналхийлэлд өртсөнөө ярьжээ. Тэд гэртээ ч тайван байхад айдастай байгаа тул хамгаалах хувцас хэрэглэл, хуяг дуулгаа бэлэн байлгаж байгаа гэв. Мичиганаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Питер Мэйжер "Бид ийм байдалд хүрсэн нь харамсалтай байна. Хэн нэгэн биднийг алахыг оролдож байна. Цаашид юу болохыг бид мэдэхгүй. Капитолыг 200 жилийн дараа ингэж эзэлнэ гэж төсөөлж ч байсангүй. Урьд өмнө хэзээ ч байгаагүй айдас, хуваагдмал байдал, үзэн ядалт бий болоод байгаа учир би түүний эсрэг санал өгсөн” гэж ярьсан байна.
Трампаас өмнө хэн хэн импичмент зарлуулж байв?
Өнөөдрийг хүртэл АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчийн эсрэг импичмент хэрэглэсэн гурван тохиолдол байдаг байна. Хамгийн анх 1868 онд АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жонсонд, дараа нь 1998 онд Ерөнхийлөгч Билл Клинтоны эсрэг импичмент зарлаж байжээ. Гэвч энэ хоёр тохиолдолд Конгрессын шийдвэрийг сенат дэмжээгүйн улмаас буцаагдаж, төрийн тэргүүнүүд суудалдаа үлдэж байсан аж. Эндрю Жонсоныг буруутгасан 11 төрлийн буруутгал дотор 1867 оны Армийн актыг батлахыг тэр эсэргүүцсэн байсан бөгөөд үүний дээр АНУ-ын Конгрессын гишүүдийн нэр хүндийг гутаан доромжлох, үзэн ядалт явуулж буй байдлыг буруутгажээ.
1974 онд ерөнхийлөгч Ричард Никсоны эсрэг мөн л импичмент зарлагдаж, улмаар Конгрессын шийдвэрийг хүлээлгүйгээр тэрбээр сайн дураараа огцорч байсан аж. Түүнийг сонгуулийнхаа төсвийг буруу гараар олж авсан хэмээн буруутгажээ.
Төрийн тэргүүний эсрэг импичмент зарлах нь зөвхөн хууль журам зөрчсөн гэхээс илүүтэй тухайн ерөнхийлөгч өөрийн албан тушаал эрх мэдлийг хувийн зорилгоор ашигласан нь тогтоогдвол үйлчилдэг байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Билл Клинтоны хувьд түүнийг Цагаан ордны тэргүүний суудлаас буулгахаар импичмент зарлах болсон шалтгаан нь ихэнх хүмүүсийн ойлгож байгаа шиг дадлагажигч Моника Левинскитэй учир ургуулсан явдал биш, харин энэ харилцааныхаа талаар тангарагтнуудын өмнө худлаа мэдүүлэг өгч, худал ярьсан нь илүү нөлөөлсөн гэдэг.
Холбоотой мэдээ