Осол гардаг замуудыг зөөврийн камераар хянана

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Осол гардаг замуудыг зөөврийн камераар хянана

Нийслэлийн гудамж ихэнх нь камертай болсноор жолооч нарын дэг журам сайжирч, зөрчил буурсан гэж Замын цагдаагийнхан дүгнэжээ. Гэвч хянах боломжгүй замууд мэр сэр байсан.  Тухайлбал, Яармаг, Гачуурт, Налайх, Нисэхийн чиглэлийн замуудад жолооч нар “галзуу” мэт давхидаг нь хэвээр байсан тул эдгээр замд зөөврийн камер байрлуулж, дээрх чиглэлийн замыг  бүрэн хянадаг болжээ. Зөөврийн камерыг ажиллуулж эхэлснээс хойш нийтдээ 776 зөрчил илрүүлж, 202 жолоочийн эрхийг хасчээ. Мөн Яармагийн замд илрүүлсэн зөрчлийн багагүй хувь нь  150 км/ц-ийн хурдтай явсан нь зөөврийн камерт бичигджээ. Гол нь зөөврийн камерыг замын хаана ч байрлуулах боломжтой учраас жолооч нарт харагдахгүй байсан ч зөрчлийг илрүүлэх боломжтой юм байна.

Хэдийгээр хяналтгүй гэж бодсон замуудад хурд хэтрүүлдэг ч жолооч нарын зөрчил жил ирэх тусам буурсан дүр зураг харагдаж байгааг ЗХУТ-ийнхөн онцоллоо. Тухайлбал, 2013 онд өдөрт 3000 гаруй жолооч хурд хэтрүүлж, тэр хэмжээний гэрлэн дохионы зөрчил бүртгэгддэг байжээ. Харин 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг л авч үзэхэд хурд хэтрүүлсэн 73, гэрлэн дохио зөрчсөн 297 зөрчил бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, 3000 хүрч байсан зөрчлийн тоо 73 болтлоо буурчээ.

Мөн нөгөө талаас Замын хөдөлгөөний шинэ хууль мөрдөж, дээрээс нь зөрчлийн оноо  тооцож эхэлснээр жолооч нарын сахилга бат эрс сайжирсан талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн оны 1-2 дугаар сард замын хөдөлгөөний 140 мянга гаруй осол бүртгэгджээ. Харин энэ тоо 2016 оны 1-2 дугаар сард 44 мянгаар буурч,  96 мянга болжээ. Согтуугаар автомашин жолоодсон иргэдийн тоо 4000 байсан бол 2800, 600 гаруй хүн гэмтсэн осол гарч байсан бол 400 гаруй болж буурчээ. 2015 оны 1-2 сард 17 хүн зам тээврийн ослоор амиа алдсан бол энэ онд найман хүн амиа алджээ.  2015 оны хоёр сард 2200 гаруй машиныг журамлаж байсан бол энэ онд 600 болж буурчээ. Ийнхүү жолооч нарын сахилга бат сайжирч эхэлсэн хэмээн мэдээлж байна.

Гол нь жолооч нар торгуулийг шийтгэл, хүний мууг үзэх гэж буй асуудал гэж ойлгох хэрэггүйг албаныхан санууллаа. Замын хөдөлгөөний дүрэм, журам, торгууль зэрэг нь эргээд тухайн жолоочийн аюулгүй байдлыг хангасан, эрсдэлд оруулахгүйн төлөөх цогц үйл ажиллагаа гэдгийг ойлгож, дүрэм журмаа мөрдөхийг энэ үеэр санууллаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж