“Хилийн заставын хар нүдэн бүсгүй
Хээр талын хээнцэрхэн сарнай
Хэний ч хүүгийн хайрыг булаасан
Хэнзхэн соёолох ганган сарнай” хэмээх “Хар нүдэн бүсгүй” дууг ард түмэн сайн мэднэ. Энэ дууны бодит эзнийг “Мартагдашгүй танил” буландаа урьж ярилцлаа. Одоогоос 35 жилийн өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа Цэргийн ансамблийн хөгжмийн удирдаач гавьяат Д.Бадарч, хөгжмийн зохиолч Л.Магсаржав, “морины” хэмээн алдаршсан гавьяат дуучин Г.Батбаяр, н.Амгалан нарын уран бүтээлчид Сулин хээрийн заставm очжээ.
Тэднийг оройн хоол зооглох үед хөөрхөн алаг нүдтэй бүсгүй хоол зөөж байж. Тэр бүсгүй хаан найргийн хатан Дулмаа ахайтны хараанд өртжээ. Найрагч маань үзэсгэлэнт бүсгүй хамгийн бага офицерын гэргий гэдгийг сонссон байна. Тухайн үед Ш.Дулмаа “Шувуу ч нисэхгүй энэ газар ийм хөөрхөн бүсгүй хань ижлээ дагаад ирж дээ” хэмээн ихэд бодлогоширсон гэдэг. Гэтэл маргааш өглөө нь
“…Зүүдэнд гийх наран байгаарай
Зүрхэнд гэрэлтэх саран байгаарай…” хэмээх бадаг санаанд нь буусан аж. Тэгээд найрагч маань “Зүрхний наран” хэмээх дуу бичээд, хөгжмийн зохиолч Л.Магсаржавт үзүүлэхэд ихэд олзуурхаж “Ямар гоё шүлэг вэ” гээд сайхан аялгуу хийсэн түүхтэй.
Хилийн заставын хар нүдэн бүсгүйг Хүрэнбандийн Эгиймаа гэдэг. Тэрбээр залуу насандаа Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн заставт, заставын дарга Дамдины Энхжаргалын хамт таван сайхан хүүхдээ төрүүлж өсгөн хүмүүжүүлжээ. Түүний яриаг хүргэе.
-Та сайхан өвөлжиж байна уу. Хөл хорио, өвчин зовлон гээд зорин очиж, уулзаж чадсангүй. Цаг зав гарган, утсаар ярилцаж байгаад баярлалаа?
-Зүгээр дээ, хүү минь. Надаас ярилцлага авахаар холбогдож байгаад баярлалаа. Бид сайхан өвөлжиж байна. Манайх Тэрэлжид Дугуй цагаан гэдэг газар байдаг. Энд цас ихтэй л байна. Хөгшин бид хоёр энд дүүгийнхээ амралтын газар ажиллуулж, хэдэн малаа малладаг юм. Бид хоёр 2015 онд тэтгэвэртээ гарч, одоо нас 60 гарчээ.
-Таны залуу насандаа ханьтайгаа авахуулсан зургийг фэйсбүүкээс олж харлаа. Тэгээд таныг хайж, дүүгээр тань дамжуулж холбогдож байгаа юм?
-Би чинь ах дүү 11-үүлээ. Айлын хамгийн том хүүхэд бөгөөд доороо 10 сайхан дүүтэй хүн дээ. Зургаан хүү, таван охинтой айл. Миний нэг эмэгтэй дүү Өмнөговь аймагт их эмч мэргэжилтэй. Тэр дүү маань анх миний залуугийн зургийг фэйсбүүк дээр нийтэлсэн юм билээ. Би ухаалаг утас барьдаггүй болохоор тэрийг нь ч мэдсэнгүй. Зээ хүү маань л зургийг минь фэйсбүүкээс олж хараад, хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншиж өгсөн. Зарим нь “Энэ хүүхэн чинь иймээрээ байх ч юм уу, одоо амьд юм болов уу” гэсэн байна лээ (инээв).
-“Хар нүдэн бүсгүй” дууг хүмүүс сайн мэднэ. Харин энэ дууны эзэн хэн болохыг мэддэггүй. Энэ дуу анх мэндэлсэн түүхээс хуваалцахгүй юу?
-Энэ чинь 1986 онд болсон үйл явдал шүү дээ. Эгч нь 1977 онд арван жилийн сургуулиа төгсч, Москвагийн урлагийн дээд сургуулийн хуваарь авч суралцсан. Тэгээд багш мэргэжлээр Монгол Улсын их сургуульд суралцаж, 1984 онд Дорноговь аймгийн Сулин хээрийн отрядад нөхрөө дагаад очсон юм. Намайг анх хилийн заставт очиж байхад нэг ч эмэгтэй хүн тэнд очдоггүй байлаа. Одоогоос 35 жилийн өмнө 1986 оны хавар 27, 28 настай байсан юм уу даа. Би гурав дахь хүүгээ төрүүлчихсэн байсан. Монголын зохиолчдын эвлэлээс Ш.Дулмаа, хөгжмийн зохиолч Л.Магсаржав, “морины” Г.Батбаяр нар манай заставт ирлээ.
Би заставт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, угаагч, малчин, саальчин гээд бүхий л ажлыг хийдэг байлаа. Нөгөө багшийн ажил байхгүй шүү дээ. Тэр үед би хоол унд хийгээд, сайхан борцтой цай чанаж өгсөн чинь Ш.Дулмаа гуай надаас “Аль нутгийн хүүхэд вэ?” гэж асуусан.
Би “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынх” гэсэн чинь “Бид дөрөв, таван хилийн заставаар яваад ирлээ. Ямар ч эмэгтэй хүний бараа харагдсангүй. Ийм хөөрхөн охин энд ингээд байж байдаг” гээд ямар сургууль төгссөн, заставт хэзээ ирсэн тухай асуусан. Тэгж бид сайхан танилцаж байв. Хилийн заставт анх намайг хараад шүлэг зохиож, хөгжмийн зохиолч Л.Магсаржав гуай шууд аяыг нь хийгээд, анх хилийн цэргийн Наймдугаар заставт анх дуучин “морины” Г.Батбаяр тэр дууг дуулсан түүхтэй.
-Энэ дуу анх “Зүрхний наран” нэртэй байсан гэдэг?
-Тийм. Анх энэ дууг Гавьяат дуучин Г.Батбаяр “Зүрхний наран” гэдэг нэртэйгээр хүмүүст хүргэсэн. Сүүлд “Хар нүдэн бүсгүй” нэртэйгээр хилийн цэргийн дуучин Д.Лувсанням, нийтийн дуучин Л.Болдбаатар нар дуулсан. Хэдэн онд билээ дээ, дуучин Л.Болдбаатар Сэлэнгэ аймагт “Хар нүдэн бүсгүй” аялан тоглолтоо хийж, надад урилга өгч тоглолтод нь оролцож байлаа.
-Та залуудаа их л сайхан бүсгүй байж ээ?
–Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, өссөн. Сумын маань 80 жилийн ойн номон дээр “Эрдэнэдалай сумын сайхан бүсгүй” гээд зургийг минь тавьчихсан байдаг юм. Зуны ажлаар очсон залуус барааг нь хараад гүйлддэг байсан тухай бичсэн байдаг.
-Анх Сулинхээрийн отрядад олон харчуул дунд ганцаараа ажиллахад хэцүү санагддаг байв уу?
-Хэцүү байлгүй яах вэ. Анх 1984 онд хилийн заставт очиход нэг ч эмэгтэй хүн байгаагүй. Би яруу найрагч Ш.Дулмаа гуайтай уулзах үед ганцаараа таван жил эрчүүд дунд ажилласан байсан. Тэнд эмэгтэй хүн хийж болох бүхий л ажлыг хийнэ. Ариун цэврийн зааварлагчийг НАХЯ-наас тусгайлан бэлтгэдэг байлаа. Нэг ёсондоо бага эмчээс дутахгүй зүү тариур, эм бичиж өгнө. Зочид буудлын эрхлэгч гэхээр хүмүүс ирэхээр хоол, цайгаар үйлчилнэ. Тэгээд гал тогоонд хоол, цайгаа хийж, цэргүүдийн хувцас оёж, угаана.
-“Хар нүдэн бүсгүй” дуу мэндэлснээс хойш яруу найрагч Ш.Дулмаатай уулзсан уу?
-Бид хоёр уулзаж амжаагүй л явна даа. Яруу найрагч Ш.Дулмаа гуайтай хамт “Дуу төрсөн түүх” нэвтрүүлгээр оруулья” гээд миний хань ярьсан юм билээ. Тэгээд уулзах сэтгэл байсан боловч уулзаж чадаагүй.
-Бидэнд ханиа танилцуулахгүй юу?
-Миний ханийг Д.Энхжаргал гэдэг. Хань маань ОХУ-д цэргийн тусгай дунд сургууль төгссөн. Насаараа хилийн байгууллагад ажилласан хүн. Дорноговь аймгийн Сулин хээрийн отряд, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн хилийн застав гээд. Хамгийн том хүү маань аавынхаа мэргэжлийг залгамжлан ахмад цолтой хилийн боомтод ажиллаж байна. Хоёр дахь хүү маань хилийн цэргийн ахлах ахлагч байж байгаад Швед улсад ажиллаж, амьдарч байна. Бид дөрвөн хүү, нэг охинтой. Би айлын дархан бэр хүн шүү дээ. Одоо хүүхдүүдийн маань хүүхдүүд гээд дөрвөн ач охин, ганц зээтэй өнөр өтгөн айл болжээ.
-Таныг Сэлэнгэ аймагт багш мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж дуулсан?
-Бид хоёр 1993 онд хүүхдүүд маань том болж, хичээл сургууль бараадъя гээд Сэлэнгэ аймагт очсон. Миний хань тэнд 101 нэгдүгээр ангийн шалган нэвтрүүлэх боомтын ээлжийн даргаар ажилд орсон. Эгч нь Г.Бумцэндийн нэрэмжит Нэгдүгээр арван жилийн сургуульд бага ангийн багшийнхаа мэргэжлээр ажиллаж эхэлсэн.
Тэгтэл нэг жил 246 дугаар ангийн дарга гэж хүн ирээд “Хар нүдэн бүсгүй” дууны клип хийх гэсэн юм “Та өөрөө тоглох уу” гэсэн. Би дууны клипэнд тоглохгүй гэдгээ хэлсэн. Хилийн цэргийн дуучин н.Лувсанням тэр дууг дуулж, клипжүүлж, хил хамгаалах байгууллагын ажилтан н.Цогзолмаа гэх бүсгүй надаас зөвшөөрөл авч тоглосон байдаг.
Сэлэнгэ аймагт намайг анх тэгж мэдэж, бөөн юм болж байлаа. Жил болгон багш нарын баяраар хуралдаж, цэргийн үлээвэр хөгжимтэй надад шагнал гардуулж өгдөг байсан. Одоо ч бүх шагнал нь бий. Хэдэн хүүхдүүд маань Сэлэнгэ аймгийн Нэгдүгээр арван жилийн сургууль төгсч, би тэнд бага ангийн багшаар ажилласаар байгаад тэтгэвэртээ гарсан. Сургуулийн хамт олон маань Хөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын тэргүүний ажилтан гээд олон сайхан цол тэмдгээр шагнасан.
-Сүүлд Сулинхээрийн отрядад хэзээ очив?
-Өнгөрсөн 2020 оны намар Сулинхээрийн отрядын түүхт 80 жилийн ой тохиосон. Бид хоёр ойн арга хэмжээнд очиж чадаагүй. Өөрсдийн хандиваа өгч, найз нөхөд маань зураг хөргөө явуулсан. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвд 0168 дугаар анги гэж байсан. Тэнд тавдугаар заставт ажиллаж, заставаас заставын хооронд л амьдардаг байлаа.
Нэг жил болоод л өөр застав руу нүүнэ. Сүүлдээ нүүсээр байгаад бүр сурчихдаг юм. Ямар сайндаа “Сурлагагүй хэдэн хүүхэд, хэдэн чемодантай ямар ч өмч хөрөнгөгүй хүмүүс хилийн заставт ажилладаг” гэж хошин яриа гарах вэ дээ. Сайхан залуу насаа дурсаад, маш сайхан байна.
Холбоотой мэдээ