Алт олборлогч “NordGold” компанийн хамтран эзэмшигч, Оросын тэрбумтан Алексей Мордашовын хүү Никита 2020 оны зун их сургуулиасаа хөөгдөж, эцгийнхээ шаардлагаар армид алба хаахаар явжээ.
“Forbes”-т мэдээлснээр, Никита Мордашов 2019 оны зун Оросын их сургууль, Лондонгийн Эдийн засгийн сургуулийн хамтарсан хөтөлбөрт хамрагдаж, Эдийн засгийн дээд сургуульд элсэн орж, дэлхийн улс төр, дэлхийн эдийн засагт суралцаж эхэлсэн байна. Гэвч оны төгсгөлд тэрбээр хичээлээс хамгийн их хоцрогдсон оюутнуудын нэг болжээ.
Нэгэн эх сурвалж тухайн үед эцэг нь түүнд “Тэгвэл цэргийн алба хаа” гэж хэлсэн хэмээн мэдээлсэн бол өөр нэгэн “Бага Мордашов сургалтын хөтөлбөрийн дагуу сурах үнэхээр дургүй байсан” гэж тэмдэглэсэн байна.
Никита ах Кириллийн хамт 2019 онд эцгийнхээ бизнесийн хувьцаа эзэмшигч болжээ. Алексей Мордашов тэдэнд “TUI” тур оператор компанийн 25 хувь, NordGold”-ийн 65 хувийг өгсөн байна. Тэрбумтан нийт долоон хүүхэдтэй бөгөөд хамгийн бага охин Алина нь 2020 оны зун төржээ.
Мордашовын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, тэрбээр хөрөнгөө хөвгүүддээ шилжүүлсэн байна. Үүний дагуу тэд хөрөнгийн менежмент, түүнийг удирдах чиглэлээр туршлага хуримтлуулж эхэлжээ.
Алексей Мордашов нь ОХУ-ын хамгийн баян эрхэмүүдийн нэг юм. “Forbes”-т мэдээлснээр, тэрбээр 23.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөрөө тус улсын баячуудын жагсаалтын эхний дөрөвт бичигддэг ажээ. “Bloomberg” ч мөн адил Мордашовыг 23 тэрбумын хөрөнгөтэйд тооцож, баячуудын жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ