Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Б.Баттөмөр нарын УИХ-ын гишүүд 2020 оны намрын чуулганаар УИХ-д өргөн барьсан билээ. Тус хуулийн төслийг “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”, “Банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөр”, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж боловсруулсан бөгөөд УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн арилжааны банкуудад хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх олон давуу тал бий болох юм байна.
Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр буюу 3 хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байгаа дүр зурагтай байна. 2020 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж байгаа тул уг салбарын засаглалыг ахиулж, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй.
Дэлхийн банкнаас 2019 онд хийсэн судалгаанаас үзэхэд Канад, БНСУ, Австрали, Филиппин, Киргизстан, Малайз, Индонез, Бангладеш зэрэг дэлхийн 34 оронд банкуудыг хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг шаардахаас гадна нэг этгээдийн банкны хувьцааг эзэмших дээд хэмжээг тогтоож хязгаарласан талаар дурдсан нь сайн туршлага юм.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулах, хувь эзэмшлийн төвлөрлийг тархаах, аливаа этгээд саналын эрхтэй хувьцааны 20-оос дээш хувийг эзэмшихийг хориглох зохицуулалтуудыг тусгажээ. Ингэхдээ бүх банкийг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор хувьцаат компанийн хэлбэртэй болгож, өөрчлөх бодлогыг баримтлах ажээ.
Мөн банк татан буугдсан тохиолдолд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зохицуулсан төлбөр барагдуулах дарааллыг илүү боловсронгуй болгож, нийгмийн дундаж давхарга буюу хуримтлалтай иргэд, өрхийн хуримтлалыг тэргүүн ээлжинд хамгаалах өөрчлөлтүүд орж байгаа нь томоохон ахиц болсон байна.
Цаашид банкууд хувьцаат компани болж, хөрөнгийн захад үнэт цаас гаргах тохиолдолд ил тод байдал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагааны тодорхой шалгуур тавих, зохистой засаглалын зарчмын шаардлагыг заавал мөрдүүлэх талаарх зохицуулалтуудыг хийж, мөрдүүлэх боломжтой аж.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: МОНГОЛБАНК