Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Бараг найман жилийн турш Хөдөлмөрийн хуулийг өөрчлөх тухай яригдаж байгаа ч яг батлах цаг нь тулахаар нэлээд бэрхшээл үүсч буй бололтой. УИХ-ын байнгын хороод Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийсэн. Зарим нэгэн гишүүдийн байр суурь ч бичлэгээрээ цахим орчинд тарсан байна лээ.
Хуулийн хэлэлцүүлгээс харахад ажил олгогчдыг захиргаадаж, айлгасан зүйлс ч дайгдаад орчихсон явж байх юм. Хуулийн өөрчлөлтөөр ажил олгогчдыг 150 мянгаас таван сая төгрөгөөр 20 гаруй төрлөөр торгодог болж байгаа аж. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хүндэтгэн үзэх гэж нөхцөл тавилгүйгээр шууд цалингаа цагт нь тавиагүй бол торгоно гээд орчихсон байна. Өнөөдөр ажил олгогчид ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, өндөр хүүтэй зээл авахаас эхлээд тодорхой бэрхшээл туулж байгаа” хэмээн гайхаж байна лээ. Цар тахлын нөлөөнд орлогогүй нэг жил суусан хувийн хэвшлийнхэн өнөөдөр цалин хоцроох нь бүү хэл цалингаа ч тоо ёсоор тавьж чадахгүй болчихсон байгаа.
Гэхдээ ажил олгогчид үүргээ ухамсарлан ажилчдаа хоолгүй хонуулахгүйн төлөө чөмгөө дундартал зүтгэж буй. Тэдний нөхцөл байдлыг Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл бүр дордуулж, олон зуун аж ахуйн нэгж хаалгаа барих эрсдэл хүлээх нь байна.
Ингээд УИХ-ын зарим гишүүн Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг хэлэлцэх явцдаа хэрхэн дүгнэснийг нэмэлт хачиргүй хүргэе.
Б.ЭНХ-АМГАЛАН: АЖ АХУЙ ЭРХЭЛСНЭЭС ХӨЛСНИЙ АЖИЛЧИН БОЛСОН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Энэ хууль гарвал аж ахуйн нэгж эрхэлж байснаас хөлсний ажилчин болсон нь дээр юм байна. Ажил хийлгэхгүй юм байна. Цалин олгоогүй бол, илүү цаг ажиллуулсан бол, баярын өдөр ажиллуулсан бол торгоно гэж байна. Дээр нь цалин хөлсний тодорхойлолт гаргаж өгөөгүй бол торгоно гэнэ. Дэвтэрт нь бичилт хийгээгүй бол торгоно, томилолтоор ажиллуулсан бол торгоно, барьцаа шаардсан бол торгоно. Өөр ажилд шилжүүлсэн бол торгоно. Ингээд 24 заалттай. Аливаа ажил олгож байгаа хүн чинь маш их эрсдэл үүрч тэр ажлыг хийдэг. Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулна л гэнэ. Тэр комисс нь эхний шатанд зуучлах, тэгээд явсаар эцсийн шат нь ажил хаялт зохион байгуулна гэх юм. Туслах малчин авлаа гэхэд эхнэрт нь бас цалин өгөх юм шиг байна. Ингэж ажил олгогч гэж нэг мангас байдаг юм шиг ойлгож болохгүй шүү дээ. Тухайлбал, эд хөрөнгө хариуцаж байгаа нярав хүнээс бид бичиг баримтууд шаардаж болохгүй юм байна. Байгууллагын эд зүйлийг нь аваад алга болчихвол яах юм бэ. Мэргэжлийн үнэмлэх шаардах эрхгүй, хувийн бичиг баримт шаардаж барьцаалахыг хориглоно. Тэр байтугай ажил олгогч мэдээлэл цуглуулж болохгүй гэнэ ээ. Жирэмсэн үү, үгүй юу гэж асууж болохгүй юм байна. Тэр хүн чинь зургаан сарын дараа төрөх болоод явчихвал яах юм бэ. Ажил олгогчийг хязгаарласан ийм хууль байж болох юм уу. Ажил хийлгэхэд их л хэцүү болох нь дээ” гэсэн байна.
Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаас:
35-р зүйлээр шинээр нэмэгдүүлсэн “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах” заалт байна. Өөрөөр хэлбэл, ажилтан хүссэн үедээ тодорхойгүй хугацаагаар ажлаа гүйцэтгэхээс татгалзах үүндээ ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэнэ. Мөн хуулийн 59 зүйлээр ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд ажил олгогч ажилтны ажиллаагүй цалинг олгохоор зохицуулжээ.
Б.ДЭЛГЭРСАЙХАН: ОДОО ХЭН Ч КОМПАНИ БАЙГУУЛЖ, АЖИЛ ОЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Энэ хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй зэрэгцээд аж ахуйн нэгж эрхлэгчдээс гомдол тавьж байна. Та нар гаргах гэж байгаа хуулиа үзсэн үү гэж асууж байгаа. Ажил олгогчийн үүрэг нь маш их, ажилд орж байгаа хүмүүсийн үүрэг маш багатай ийм хууль байна л даа. Ийм хууль хийгээд цаашдаа компаниудаа дампууруулах юм уу. Өнөөдөр компаниуд эдийн засгийн хямралд өртөөд яая даа гэж байхад юун энэ Хөдөлмөрийн хууль. Ийм цагаа олоогүй хуулийг хэлэлцэх гэж байгаад үнэхээр харамсаж байна. Та нар албан тушаалтан тавих болохоороо сонсгол гээд хашгираад байдаг. Энэ хуулийнхаа талаар ажил олгогч нарыг цуглуулаад тэр сонсголоо хийж болдоггүй юм уу. Ажил олгогчид чинь нэг талаас мөнгө зээлж олно, компани байгуулна, баахан хүмүүс ажилд авна. Ажилд авч байгаа хүмүүс нь болох, болохгүй хүмүүс байна. Одоо хэн ч компани байгуулж, ажил олгохыг хүсэхгүй юм байна. Банк санхүү эрхлээд мөнгө хүүлээд сууж байх нь хамаагүй дээр болох нь. Бүгд төр рүү орох гээд зүтгээд байгаа чинь ажил олгогч нараа дарамталсны хар гай шүү дээ. Одоо ажил олгогч нарыг дарамталж байгаа газар мундахгүй шүү дээ. Татвар, нийгмийн даатгал байна. Цалин хойшлуулсны төлөө торгууль төлнө гэвэл өнөөдөр цалингаа тавьж чадахгүй хэдэн зуун аж ахуйн нэгж байна шүү дээ. Үүнийг чинь яах юм. Бүгдээрээ нийлээд дарангуйлах юм уу. Тийм учраас Хөдөлмөрийн хуулиа хойшлуулбал яасан юм бэ. Энэ цагаан гартнууд энэ хуулийг хийж болохгүй. Дээр нь тэмцэгч нар энэ хуулийг хийж болохгүй. Энэ үгийг хэлснийг төлөө зөндөө л дайрах байх. Энэ үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллага гээд аж ахуйн нэгжүүдийн үйл тамыг үздэг, ажил хийхээс залхааж байгаа улсууд ямар хариуцлага хүлээх юм тэгвэл. Тийм учраас ажил олгож, цалин өгдөг хүмүүсийн үгийг сонсоё гэдэг бодлого барьж байна шүү. Эдийн засаг тэлж, үйлдвэр баригдахгүй байгаа шалтгаан бол ажиллах хүчний дутагдлаас болж байгаа юм” гэжээ.
Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаас:
71-р зүйл. Жасаагаар ажиллуулах. Уул уурхайн салбарын жасаагаар ажиллах хугацааг 14/14 хоног болгох заалт орж ирсэн. Тус заалтаар уурхайчдын цалин одоогийнхоос буурах, мөн ажил олгогчид Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татавар гэх мэт санхүүгийн дарамт маш ихээр ирнэ.
Ж.ГАНБААТАР: АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛЧИН ХОЁРЫН ЗӨРЧИЛ ИХ БОЛНО
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Төрийн албаныхан маш урт хугацаанд амардаг. Монгол Улсад хийх ажил их байх юм. Энэ хуулийг би бүхэлд нь 80 хувьтай сайн болсон гэж үзэж байгаа. Гол асуудал нь ажил олгогч, ажилчин хоёрын зөрчил их болно гэдгийг бодоорой. Том аж ахуйн нэгжүүдийн хүний нөөц, хуулийн алба нь их том байдаг. Хөдөлмөрийн хуультай маш сайн танилцсан байдаг. Гэрээ контракт хийхэд асуудал гардаггүй шүү дээ. Жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд л үүн дээр асуудал үүснэ. Хүний нөөцийн ажилтан гэж байдаггүй аж ахуйн нэгжүүд ч бий. Би дутуу харж байгаа бол уучлаарай, амьдрал харуулах биз дээ. Амралтын тухайд миний санаа бол бид их л бага амармаар байгаа юм даа. Монгол Улсад ажил хийх л хэрэгтэй байна. Хагас сайн өдөр ажил олгогчид ажилчидтайгаа тохироод ажилламаар л байгаа юм. Найман цаг биш 14 цаг ажилламаар байна. Мэдээж илүү цагийн хөлсийг өгөөд ажиллах ёстой гэж боддог. Төрийн албаныхан ямар удаан амардаг юм бэ” гэжээ.
Холбоотой мэдээ