Харвонийн асуудал хаана мухардав

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Харвонийн асуудал хаана мухардав

-Элэгний өвчлөлөөр хоногт найман хүн амиа алдаж байна-

Монголд олон хүн элэгний өвчнөөр шаналж байна. Элэгний өвчлөлөөрөө Монгол улс дэлхийд дээгүүрт бичигдэх болжээ. Дэлхийн зарим улс орнууд 90 гаруй мянган доллараар зарж байгаа “Харвони”-г Монголд хамаагүй хямдхан үнээр зарах болсныг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч, гурван курс эмчилгээг хийлгэхэд дор хаяж гурван сая төгрөг шаардагдаж байгаа нь бэл нимгэн монголчуудын хувьд том бэрхшээл болсоор. Үнийг нь дийлээд авах өвчтөн цөөхөн тул Элэгний С вирустэй иргэд нэгдэн “Өвчтөнүүдийн зөвлөл”-ийг байгуулан яам, тамгын газрын үүдийг сахин, өндөр үнээр олдож буй “Харвони” эмийг нь хөнгөлж өгөхийг хүсч сууна. Монголд 150 мянга гаруй хүн элэгний С вирусийн өвчлөлөөр шаналж буй бөгөөд 99 хувь эдгээнэ гэх “Харвони” эмийг олж уухын төлөө чадах ядахаараа хичээж байна.  Өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд өвчтөнүүдийн зөвлөлийнхөн Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/, Эрүүл мэнд, спортын яамдуудад /ЭМСЯ/ орж эмийн үнийг хөнгөлөх асуудлыг яаравчлахыг сануулж, албаныхнаас хариу хүссэн юм. Учир нь Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар элэгний өвчлөлөөр жилд 2600 хүн нас барж байна. Үүнийг тооцож үзвэл хоногт 7-8 хүн элэгний өвчнөөр нас барж буй дүр зураг гарна. Тиймээс элэгний эмийн үнийг хөнгөвчлөх асуудлыг яаравчлах шаардлага бийг сануулж буй.

“ХАРВОНИ”-Г 80 ХУВЬ ХӨНГӨЛӨХ ҮҮ?

Иргэдийн зүгээс 2016 оны эрүүл мэндийн даатгалын төсөвт элэгний С вирусийн эмийг хөнгөвчлөхөөр 30 тэрбум төгрөг төсөвлөх шаардлагатай гэжээ. Эрүүл мэндийн даатгалаас иргэн бүр жилд тодорхой мөнгөн дүнд тохирсон эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй байдаг. Гэтэл зарим иргэн энэ эрхээ эдэлж чаддаггүйгээс жилийн төгсгөлд эрүүл мэндийн даатгалын санд хэдэн тэрбум төгрөгийн үлдэгдэл үүсдэг гэнэ. 2014 онд л гэхэд 80 тэрбум, 2015 онд 50 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарсан хэмээн “Өвчтөний зөвлөл”-ийнхөн тайлбарласан.  Энэ үлдэгдлээс “Харвони” эмийн үнийг 80 хувь хөнгөлөх боломжтойг тэд хэлж байна.  Харин нийгмийн даатгалынханд үүнийг дур мэдэн, зарцуулах эрх нь байдаггүй. Сангийн яамны шийддэг тухай хэлэв. Тэгвэл Сангийн сайд Б.Болор 2016 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр энэ асуудалд биечлэн анхаарал хандуулж, шийдвэрлүүлнэ хэмээн “ам алджээ”.  Энэ амлалтаа Сангийн сайд хэзээ биелүүлэхийг иргэд хүлээж сууна. Эмчилгээний асуудал хүндрэх тусам  иргэдийн зүгээс хугацаа алдаж, удааширч буйд бухимдаж, энэ асуудал хаана гацаад байгааг эрх мэдэлтнүүдээс сураглаж сууна.

“ВИРУСИЙН ЭСРЭГ ТАВАН ЭМИЙГ ХӨНГӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ”

Холбогдох яамдын зүгээс асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлэнэ гэдгээ хэлжээ. Ялангуяа хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад вирусийн гаралтай эмийг эхнээс нь оруулжээ. Өнгөрөгч баасан гаригт л гэхэд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар вирусийн эсрэг таван эмийг хөнгөлөлттэйгөөр олгох эмийн жагсаалтад багтаажээ.  Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэх вирусийн эсрэг эмүүд байна.

Гол нь иргэдэд хөнгөлөлттэй олгох эмийг батлахдаа Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалт”-д бүртгэсэн эсэхийг харгалздаг. Дээрх эмүүдийг долоо дахь жагсаалтад аль хэдийн оруулсан байжээ. Харин “Харвони” эмийг өнгөрсөн долоо хоногт л энэ жагсаалтад оруулсан байна. Ингэснээр дараагийн ээлжид “Эмийг хэдэн хувиар хөнгөлөх боломжтой вэ, хэчнээн төгрөг шаардагдах вэ, хөнгөлөлтийг ямар байдлаар хийх вэ” зэрэг асуудлыг шийдвэрлэх юм.

“ХАРВОНИ”-Г ИЛҮҮ ХЯМД ҮНЭЭР ОРУУЛНА

Гэхдээ “Харвони” эмийг “Омбол” компанийн борлуулж буй 1200 ам.доллараас доогуур үнээр өөр хоёр ч компани оруулж ирэх нь тодорхой болжээ. Тиймээс эхний ээлжид “Илүү хямд үнээр хэдэн газар оруулж ирэх, хэдэн хүнд хүртэх” зэрэг судалгааг хийж байгаа аж. Үүний дараа Сангийн яамнаас төсөв, мөнгөний асуудлыг шийдвэрлэнэ. “Харвони” эмийн хөнгөлөлтийг хүлээлгээд байгаа шалтгаан нь энэ юм байна.

Ямартай ч “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгох орчин нь эрхзүйн хувьд бүрдэж, асуудал ч нааштай эргэжээ. Харин илүү хямд үнэтэй эм оруулж, иргэдэд бүр бага үнээр олгох боломж бий юу, иргэдийн хэлж байгаа шиг 80 хувиар хөнгөлөх үү, зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр гурван яам хэлэлцэхээр 14 хоногийн хугацааг өнгөрсөн долоо хоногт авчээ.

 Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж