НЭМЭЛТ: 18.00
Улсын дээд шүүхийн хуралдааны шийдвэрийн талаар тус намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2021.01.14/ 18.00 цагт мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ:
-Улсын дээд шүүхэд АН-ын Үндсэн дүрмийг бүртгэх асуудлаар намын хэсэг гишүүдийн хүргүүлсэн хүсэлтийг хүчингүй болгох гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан. Хоёр талын хүсэлтийг тэгш хангах үүднээс Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Улсын дээд шүүхээс АН-ын X их хурлаас баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт, АН-ын даргын Улсын дээд шүүхийн цахим бүртгэлтэй холбоотой хоёр шийдвэрийг гаргалаа. Ирүүлсэн холбогдох баримт материалыг хянаж үзээд, АН-ын хэсэг гишүүдээс хүргүүлсэн X их хурлаар баталсан гэх Үндсэн дүрмийг бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Маш олон заалт зөрчиж, гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн зэрэг олон зүйлд үндэслэж, намын дүрмийг бүртгэх боломжгүй гэсэн. Мөн өнөөдөр Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг хасах шийдвэр гаргаж, С.Эрдэнийг бүртгэж өгөх хүсэлтийг хүлээж авахгүй боломжгүй гэсэн. Удахгүй АН-ын дараагийн даргыг томилох асуудал хэлэлцэх учраас намын даргыг маргаантай учраас нээлттэй үлдээх шийдвэр гаргасан. Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоол болох Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээр үлдсэн. АН-ын даргын эрх хадгалагдаж байгаа хүний хувьд намын даргын сунгааг зохион байгуулах, дараагийн АН-ын X их хурлыг зарлах, covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор санал боловсруулах ажлын хэсгийг өргөтгөж, дараагийн намын даргын сунгааг хэрхэн зохион байгуулах талаар дүгнэлт гаргана. Үүнийг ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн дүрмийн дагуу ажиллаад явна.
УДШ: ЦАХИМ БҮРТГЭЛД АН-ЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД ТОДОРХОЙ БУС ҮЛДЭВ
Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцлээ. Ардчилсан намын 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар их хурлаар баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Ц.Туваан, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлтийг С.Эрдэнэ тус тус Дээд шүүхэд ирүүлжээ.
Улсын Дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
ДЭЭД ШҮҮХ АН-ЫН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ
Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүхээр өнөөдөр /2021.01.14/ хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Дээд шүүх хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлээс хассан байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын X их хурлаас гарсан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзжээ. Түүнчлэн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэрийг гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзжээ.
Холбоотой мэдээ