Газар дундын тэнгисийг гатлан Европт хүрэхээр зорьсон цагаачдын гурван завийг Ливийн эргийн харуулынхан саатуулжээ. Африкийн 600 орчим цагаач Ливийн Сабратха эргээс завьтай хөдлөөд явж байхад нь эргийн харуулынхан эргүүлэн авчирсан байна. Цагаачдын дунд жирэмсэн эмэгтэйчүүд олон байсан аж.
Өнгөрсөн онд Ливи улсаас 800 мянга орчим дүрвэгч, цагаач Европ ирсэн хэмээн Францын батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан мэдэгдсэн юм. Харин Ливийн талаас үүнийг үгүйсгэж, 2014 оноос хойш 330 мянга орчим дүрвэгч тус улсаар дамжин Европ хүрсэн гэжээ. Дүрвэгч болон цагаачид Ливийн эргээс хөдлөн Италийн арлуудад хүрснээс цааш Европын аяллаа үргэлжлүүлдэг аж.
Ливийн удирдагч Муаммар Каддафийг суудлаас буулгаснаас хойш тус улсын улс төрийн байдал тогтворжиж чадаагүй бөгөөд хууль бусаар хүн тээвэрлэгчдийн үйлдэл газар авах болжээ. Европын холбоо Турктэй тохиролцон дүрвэгсдийн урсгалыг хязгаарлахаар оролдож эхэлсэн боловч нөгөө талд Ливи улсаар дамжин ирэгчдийн тоо нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Agence-France Presse
Б.АНХТУЯА