Иргэд торгууллаа, эрх мэдэлтнүүдээ хэзээ торгох вэ?

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Иргэд торгууллаа, эрх мэдэлтнүүдээ хэзээ торгох вэ?

Иргэд торгууллаа, эрх мэдэлтнүүдээ хэзээ торгох вэ?

Цар тахалтай тэмцэх хууль иргэдэд үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд хүчгүйддэг байж таарах уу, Улсын онцгой комисс (УОК)-ын удирдлагууд аа!

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан​ы мэдээллээр хзгаарлалтын дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан үндэслэлээр 55 иргэнийг 28.9 сая төгрөгөөр торгож, зургаан иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ.

Зөв, цар тахал дэгдсэн үед хөл хориог зөрчсөн хэнбугай ч хуульд заасан үндэслэлээр торгуулж, ял эдэлж болно. Гагцхүү төр хуулийг хэрэгжүүлэхдээ иргэн, эрх мэдэлтэн гэдэг ангиллын дор ялгаж, хоёр өөрөөр хандаж болохгүй. Учир нь шинэ он гарахын өмнөх өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Соёлын яам , Херо энтертайнмент хамтран хүүхдийн фондыг мөнгөжүүлэх нэрийн дор салбар, салбарын олны танил хүмүүсийг цуглуулан “наадам” зохион байгуулсан.

Тухайн үед Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хотын иргэд хатуу хөл хорионы дэглэм дор амьдарч байв. Өдөрт 30, 40-өөрөө Covid-19 халдвар илэрч,  хүмүүсийг олноороо цуглан, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байсан үе. Гэтэл эрх мэдэлтнүүдийн санаачилсан арга хэмжээ хөл хорионы хатуу дэглэмтэй байхад ч зохион байгуулагдаж болдог, эрх мэдэлгүй орлогогүй болсон иргэд нь дэглэм суларсан үед ч Төрийн ордны гадаа цугларч, шаардлага хүргүүлснийхээ төлөө торгуулдаг болж таарч буй.

Хуулийг зөрчсөн хэнбугай ч зохих хариуцлагаа хүлээдэг болсноор  Монголд шударга ёс тогтоно.

Болж өнгөрсөн хоёр үйл явдлаар жишээ авъя. Цар тахлын өндөр идэвхжилтэй үеэр хүүхдийн фонд босгох зайлшгүй шаардлага байсан уу. Фондод цугларсан хөрөнгөөр хүүхдийн номын сан, хүүхдийн театр барих юм гэсэн. Энэ яг хоолойд тулсан асуудал мөн байсан уу, бодоод үзээрэй.

Олонх хүн хоолойд тулсан, хоног өдөртэй уралдаж зохион байгуулахаас гарцаагүй ажил байсан гэж хариулахгүй л болов уу.

Харин Төрийн ордны гадаа зогсон, шаардлага тавьсан иргэд бол хоёр сар гаруйн хугацаанд ажилгүй сууснаас орлогогүй болж, ам бүлээ тэжээх боломжгүй болсон иргэд.  Аргагүйдээ Төрийн ордон бараадан, жагссан. Цар тахлын үеэр жагссан иргэдийг өмөөрөх гэсэнгүй, гагцхүү агуулга талаас нь харвал аргаа бараад л хийсэн алхам.

Гэтэл хүүхдийн фондод хандив босгох нүсэр арга хэмжээ болж өнгөрсний маргааш УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл хийхдээ Цар тахлын хууль зөрчин олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан уг “наадам” шахуу зүйлийн талаар юу ч яриагүй. “Энхсаран” сувилал дээр болсон шиг асуудал үүсэхээс сэргийлж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан байсан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гэдэг мэдээлэл хийгээд л өнгөрсөн.

Уг нь бол цагдаагийн байгууллагатайгаа хамжиж, дэмжээд л “Цар тахлын хуулийг  зөрчин, хэд, хэдээрээ цугларсан байсныг  таслан зогсоолоо.  Тусгаарлагдаж байгаа иргэд хоолоо, байраа голж байна. Тусгаарлалтын дэглэм зөрчин, гаднаас согтууруулах ундаа авахыг завдсаныг таслан зогсоолоо” зэргээр  хов зөөж, торгох тухай сануулга өгдөг хурандаа  бүлх залгисан мэт дуугүй өнгөрсөн.

Гэтэл UB Comedy-гийн залуус халдварт өвчнөөс үеийнхнээ сэрэмжлүүлэх зорилгоор хошин хэлбэрээр яриа өрнүүлэн, шинэ жилд зориулсан хөтөлбөр бэлтгэсэн нь  хариуцлагад татагдах үндэслэл болсон.

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Цар тахалтай хүнд үед залуус УОК-ын нэр барин бусдаар тоглон марзагнаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан цацсан. Халдварт өвчин бол тоглоом биш, тийм учраас хуулийн байгууллагад хандаж шалгуулна” гэж мэдэгдсэн билээ. Хариуцлага ч тооцсон л байх.

Харин Цар тахлын хууль зөрчсөн эрх мэдэлтнүүдэд хэзээ хариуцлага хүлээлгэх вэ, хурандаа Б.Ууганбаяр аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж