NBA-ийн 2020-2021 оны улирал тун сонирхолтой эхэлж байна. Өчигдөр (2021.01.14) дөрвөн багийг хамарсан томоохон солилцоо явагдаж, Жэймс Харден эцэст нь найман жил хүчин зүтгэсэн Хьюстон Рокетс багаасаа явж, аваргын цом хүртэх их аяндаа гарлаа. Хоёр тоглолт дараалан Лос Анжелес Лэйкерс багт хожигдсон Харден хэвлэлд хандан албан бусаар багаасаа явж буйгаа зарласан. Тэрбээр “Би Хьюстон хотод хайртай. Үнэндээ би чадах бүхнээ хийлээ. Гэхдээ нөхцөл байдал солиором байна. Зүгээр л хангалттай сайн биш байна” гэж хэлээд, багийнхаа бэлтгэлд ч оролцолгүй орой нь солигдсон юм.
- Брүүклин Нетс– Жэймс Харден
- Хьюстон Рокетс– Виктор Оладипо, Данте Эксам, Родионс Курукс, Брүүклин Нетс багийн ирээдүйн драфтын нэгдүгээр тойргийн гурван эрх, Милвауки Бакс багийн ирээдүйн драфтын нэгдүгээр тойргийн нэг эрх, Брүүклин Нетс багийн ирээдүйн драфтын нэгдүгээр тойргийн дөрвөн сольж авах эрх
- Индиана Пэйсерс– Карис Левер, ирээдүйн драфтын хоёрдугаар тойргийн эрх
- Кливленд Кавальерс– Жаррет Аллен, Тореан Принц
Дөрвөн багийн долоон тоглогч, ирээдүйн драфтын есөн эрх оролцсон солилцооны эцэст хэн нь хожиж, хэн нь хохирч үлдсэнийг та бүхэндээ хүргэе.
Ялагч – Жэймс Харден
Оклахома Сити Тандер багийн “Шилдэг зургаа дахь тоглогч” Жэймс Харден 2012 оны финалд Лебронд хожигдсоноосоо хойш их зүйл туулсан. Лигийн шилдэг сэлгээнээс тоглогчоос лигийн үнэ цэнэтэй тоглогч болтол ахиж дэвшсэн түүнд одоо гагцхүү NBA-ийн аваргын цом л дутуу. Энэ жил 32 нас хүрэх тэрбээр Хьюстон Рокетс багт эхлээд Дуайт Ховардтай аваргын төлөө дайралт хийсэн ч бүтэлгүйтсэн. Дараа нь Крис Пол, Кармело Энтони нартай хамтраад бараг л зорилгодоо хүрэх дөхсөн. Хэрэв 2018 оны плей-оффд Крис Полын гуяны ар гэмтээгүй байсан бол Рокетс аварга авах бүрэн боломжтой байлаа. Тэгээд сүүлд нь өнгөрсөн жил Рассель Уэстбруктэйгээ эргэн нэгдсэн ч дахин Леброны аварга авах замыг засч өгөв. Харденд дахин дээд түвшинд сагсан бөмбөг тоглох, ядаж ганц аварга авах 3-4 улирал бий гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнийгээ ч хангалттай ухаарсан Харден яг зөв цагтаа зөв нүүдлээ хийж, Брүүклинд Кевин Дюрант, Кайри Өрвин нартай нэгдлээ.
Хохирогч – Дорнод бүсээс финалд шалгарахыг хүсч буй багууд
Саяхан NBA-ийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээг хийсэн Яннис Антетокоунмпогийн аварга авах мөрөөдөлд бодит аюул тулгарлаа. Арай хийж Кавай Леонардыг өрнөд бүс рүү үдэж явуулаад Майами Хитийг давж гарах гэж Жрү Холидейг багтаа авчирсан ч супер их гурвал Брүүклинд үүсчихсэн нь тоогүй хэрэг. Хэрэв Кевин Дюрант, Кайри Өрвин нарын ужиг өвчин сэдэрчихгүй бол дорнод бүсэд плей-оффын долоон тоглолтод Брүүклин Нетсийг даваад гарчих баг цаасан дээр алга.
Энэ улиралд нийлээд 81.8 оноог дунджилж буй ид үе дээрээ яваа орчин цагийн NBA-ийн гурван супер од нэг багт.
Милвауки Баксаас гадна Бостон Селтикс, Майами Хит, Филадельфиа 76ers зэрэг багуудын аварга магадлал үнэхээр үлэмж хэмжээгээр буурлаа.
Ялагч – Хьюстон Рокетс
Хэдхэн сарын өмнө Рассель Уэстбрук, Жэймс Харден гэсэн хоёр толгойны өвчнөөсөө яаж ашигтай салах вэ гээд бодолд автаж байсан Хьюстон Рокетс багийн удирдлагууд ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийлээ. Эхлээд Жон Уоллыг драфтын нэгдүгээр тойргийн нэг эрхтэй авч, оронд нь Рассель Уэстбрукийг явуулсан бол өчигдөр драфтын нэгдүгээр тойргийн дөрвөн эрх, мөн солих боломжтой нэгдүгээр тойргийн дөрвөн эрх, гэрээ нь дуусч буй Оладипо болон Данте Эксам, Родионс Курукс зэрэг хоёр залуу тоглогчийг Хардены оронд авч чадлаа. Сүүлд гарсан мэдээллээр ахмад туршлагатай Пи.Жей.Такерыг хэд хэдэн баг солилцоогоор авахаар сонирхож байгаа аж. Хэрэв Рокетс Пи.Жей.Такерыг ашигтай наймаалцаж чадвал багийнхаа их цэвэрлэгээг онц дүнтэй хийлээ гэж дүгнэж болно.
Энэ улирлын хувьд Хьюстон Рокетс багийн төлөө Демаркус Казинс, Жон Уолл, Виктор Оладипо гэсэн хүнд бэртэл гэмтлийн золиос болсон гурван тоглогч өөрсдийгөө батлан харуулахаар талбайд гарна.
Хохирогч – Жарретт Аллен
Хоёр улирлын өмнө л ирээдүйн лигийн өнгө төрхийг тодорхойлох авьяаслаг төвийн тоглогчдын нэг гэгдэж байсан Жарретт Аллен самбарын тоглогчдын зах болоод буй Кливленд Кавальерс баг руу солилцоогоор очлоо. Дөнгөж 22 настай тэрбээр энэ улирал 26.2 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 11.2 оноо, 10.4 самбараас бөмбөг авалт дунджилж байгаа. Гэвч тэрбээр Кливлендэд очсоноор Андре Драммонд, Жавейл Макги нартай 48 минутыг хуваахаар болов. Удахгүй Кливленд Кавальерс багийн удирдлагууд хэнийг нь багаасаа явуулахаа шийдэх биз. Одоогоор тус багт Коллин Секстон, Дариус Гарланд гэсэн урд шугамын авьяслаг хослол лигт хөлөө олж эхлээд байна.
Ялагч – Карис Левер
Энэ улиралд Кевин Дюрант, Кайри Өрвин нарт дарагдаж, чимээгүйхэн гялалзаж байсан тамирчин бол яахын аргагүй Карис Левер. Өдгөө 26 настай тэрбээр сүүлийн таван тоглолтдоо 26.0 оноо, 6.6 ашигтай дамжуулалт дунджилж байсан юм. Магадгүй та Карис Леверийг өнгөрсөн долоо хоногт Мемфис Гриззлис багийн эсрэг 36 минутад 43 оноо авсныг нь дуулаагүй байх. Түүнийг Индиана Пэйсерст Виктор Оладипогийн үлдээсэн орон зайг хангалттай нөхнө гэж фэнүүд нь харж байгаа. 2020-2021 оны улиралд ердөө дөрөвхөн тоглолтод гараанаас гарч тоглоод буй Леверийг Нэйт Бьоркгрен дасгалжуулагч итгэл хүлээлгэн гараанд гаргах биз.
Хохирогч – Кайри Өрвин
Сүүлийн үед багийнхаа бэлтгэлд ирэхгүй, тоглолтод оролцохгүй байгаа Кайри Өрвингийг хэдхэн хоногийн өмнө ESPN-ийн Стефен А.Смит хурцаар шүүмжилсэн. Тэрбээр “Кайрид ямар ч үнэ цэнэ гэх ойлголт алга. Би Кайриг зодог тайлаасай гэж бодож байна. Сагсан бөмбөг тоглох сонирхолгүй байгаа нь илт байна шүү дээ” хэмээжээ. Хувийн шалтгааны улмаас тоглолтод оролцох боломжгүй гэж байсан Кайри Өрвин саяхан лигийн зүгээс тогтоосон дэглэмийг зөрчиж, аав, эгчийнхээ төрсөн өдрийн үдэшлэг дээр бүжиглэж байгаа бичлэг нь олон нийтэд ил болсон. Хэдэн бэлтгэл таслаад, тоглолтод оролцохгүй байсан ч Кайри шиг ур чадвартай, мэдрэмжтэй тамирчны юу ч өөрчлөгдөхгүй. Харин багийн дотоод уур амьсгалыг гэнэт гарч ирээд самраад хаячих вий хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Өчигдөр Брүүклин Нетс багийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр, Кевин Дюрант, Кайри Өрвин нарын хоорондын харьцаа “хол хөндий” гэв. Хэрэв талбайд гурван бөмбөгөөр тогловол гарцаагүй Брүүклин Нетс баг лигийн аварга болно. Гэвч лигийн хамгийн их бөмбөг эзэмшдэг гурван тоглогчийн дунд ганц бөмбөг бий. Кайригийн фэнүүд ч шүтээнээ эргэн багтайгаа нэгдэж, хоёр дахь аваргын цомоо хүртээсэй гэж хүсч байна.
Ялагч – Брүүклин Нетс
Хардены солилцооны дараа Лас Вегасын бооцооны газруудад Брүүклин Нетсийг 2021 оны NBA-ийн аварга болох хамгийн өндөр магадлалтай хоёр дахь багаар нэрлэж эхлэв. Нэгд, мэдээж аваргаа хамгаалагч, Лос Анжелес Лэйкерс баг нэрлэгдсэн. Кевин Дюрант Көрригүй, Кайри Өрвин Лебронгүй аварга авч чадна гэдгээ харуулахыг хүсч байгаа бол Харден аварга гэж дуудуулахыг зорьж байгаа. Гэхдээ Брүүклин Нетс багийн түүхэнд супер баг босгоод сүйрч байсан ойрын жишээ бий. Харин азаар супер баг хэрхэн сүйрдэг вэ гэдгийг сайн мэдэх Стив Нэш багийн жолоог нь атгаж байна.
Леброн, Уэйд, Бош нарын Майами Хит багийн дорнод бүсийн ноёрхлыг түлхэн унагаах гэж Пол Пийрс, Кевин Гарнетт, Дерон Уиллиамс, Жо Жонсон, Брүүк Лопез, Андрей Кириленко нар Брүүклинд нэгдсэн ч ердөө ганц улирлын дараа бүтэлгүйтлийн тод жишээ болж үлдсэн. Дараа нь Стив Нэш тамирчин ахуйдаа аваргын төлөөх сүүлийн дайралт хийх гэж Дуайт Ховард, Коби Брайант нартай нэгдсэн ч бэртэл, гэмтэл, багийн дотоод уур амьсгалаас болж мөн л бүтэлгүйтлийн өөр нэгэн жишээ болж түүхэнд бичигдсэн.
Брүүклин Нетс баг NBA-д түрүүлж үзээгүй 11 багийн нэг бөгөөд тэд хамгийн сүүлд 2003 онд Нью Жерси Нетс гэх нэртэй байхдаа финалд шалгарсан боловч Сан Антонио Спөрс багт цуврал зургаан тоглолтод хожигдож байлаа.
Брүүклин Нетс багийг 2021 оны NBA-ийн аварга болно гэж хэлэхэд эрт байгаа ч ид үе дээрээ яваа гурван супер од нэг багт нэгдсэнийг харвал тэд хамгийн боломжтой багуудын нэг. Хэдхэн жилийн өмнө Брүүклин Нетс баг лигийн хомоол хамдаг байсныг санах хэрэгтэй.
Холбоотой мэдээ