Ногоон байгууламжийн 7 ач тус

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламжийн 7 ач тус

Ногоон байгууламжийн 7 ач тус

Хүрээлэн буй орчин болон хүний амьдралын хэв маягт үзүүлэх ногоон байгууламжийн ач тусын талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Мэдээж ногоон байгууламж нь гэр бүлээрээ цэвэр агаарт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх таатай орчноос гадна агаарын бохирдлыг буруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид олонтаа сонссон. Түүнээс гадна ногоон байгууламжийн талаар та бидний мэдэхгүй маш олон ач тус бий. Тэдгээрээс онцлон зарим сонирхолтой баримтуудыг хүргэе.

НОГООН БАЙГУУЛАМЖ СЭТГЭЛЗҮЙД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛДӨГ

Хүн өөрөө байгалийн амьтан учраас байгальд илүү ойр байснаар сэтгэл санааны хувьд тайван байдлыг мэдэрдэг. Цэцэрлэгт хүрээлэнд алхах, зугаалах, цагийг өнгөрөөж тайван байдлыг мэдэрснээр бидний өдөр тутмын амьдралын стрессийг бууруулдаг. Түүнээс гадна ажлын их ачаалал эсвэл амьдралын зарим асуудлуудаас хэсэг зуур хөндийрч байгальтай ойр байж сэтгэлээ сэргээхийг чухалчилдаг хүмүүс цөөнгүй бий. Байгальд цагийг өнгөрөөснөөр сэтгэцийн эрүүл мэнд, ой тогтоолт болон аливаад анхаарал хандуулах чадварт эерэгээр нөлөөлдгийг харуулсан олон судалгаа бий. Жишээ нь, Стэнфордын их сургуулийн судлаачид хүн байгалийн орчинд 90 минут алхах нь сэтгэл зүйн хямрал, сэтгэцийн өвчинтэй холбоотой тархины хэсгийн үйл ажиллагааг бууруулдаг болохыг тогтоожээ.

ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ АШИГ ТУС ИХ

Цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулсан хотуудын оршин суугчид хэт таргалалт, чихрийн шижин өвчинтэй байх тохиолдол бага байдаг. Жишээ нь, Нидерланд болон Японд хийсэн сүүлийн үеийн судалгаагаар ногоон байгууламж ихтэй оронд амьдардаг хүмүүсийн эрүүл мэнд сайжирч, нас баралтын түвшин буурч байгааг тогтоожээ. Цонхоор харах гэх мэт байгальтай орчинтой шууд бусаар харьцахад ч даралт, айдас түгшүүрийг бууруулдаг байна. Сонирхуулахад, олон улсын стандартын дагуу нэг сая хүн амтай хотод нэг хүнд 24 м.кв ногоон байгууламж ноогдож байх шаардлагатай хэмээн үздэг. Түүнээс гадна ногоон байгууламж нь өвчтэй хүний бие илааршихад тусалдаг гэнэ. Жишээ нь, Техасын нэгэн эмнэлэгт сонирхолтой туршилт хийжээ. Адилхан төрлийн эмчилгээ хийлгэж буй ижил өвчинтэй хоёр хүний нэгнийх нь өрөөний цонхоор эсрэг талын байшингийн тоосгон хана, харин нөгөө өвчтөнийх нь цонхоор ногоон байгууламж бүхий жижигхэн цэцэрлэгт хүрээлэн харагддаг байв. Гэтэл цонхоороо моддыг харах боломжтой өвчтөний мэс заслын дараах хүндрэл бага, өвчин намдаах эм бага тунгаар ууж, нөгөө өвчтөнөөс 8.5 хувиар бага хугацаанд эдгэжээ.

НОГООН БАЙГУУЛАМЖ АГААРЫГ ЦЭВЭРЛЭЖ, ХАЛУУН ТЕМПЕРАТУРЫГ БУУРУУЛДАГ

Хотын ногоон байгууламж агаарыг цэвэрлэж, хэт халууныг бууруулдаг. Чикагод хийсэн нэг удаагийн судалгаагаар хотын модод агаарт дэгдсэн 234 тонн тоосонцор, 98 тонн азотын давхар исэл, 93 тонн хүхэрлэг хий, 17 тонн нүүрстөрөгчийн дутуу ислийг цэвэршүүлсэн болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ногоон байгууламж нь агаарт дэгдэх нүүрс хүчлийн хийг багасгаж хүчил төрөгчийн тоог нэмэгдүүлснээр цэвэр цэнгэг агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг.  Түүнээс гадна ургамал, ногоотой хэсэгт байрлах асфальт, бетон, барилгын материалын дулааны нөлөөг ч бууруулдаг байна. Жишээ нь, модод нь агаарын чийгийг 15-20 хувиар нэмэгдүүлж нарны хэт халалтыг 10-15 дахин бууруулдаг. Модны сүүдэр доорх хэсгийн агаарыг нарны шууд тусгалтай харьцуулахад 5°-10°  хүртэл сэрүүн байдаг. Мөн зүлэг ногоо агаарын температурыг тогтворжуулж, агаараас тоосжилтыг шүүдэг ба тэр дундаа зуны улиралд орчны шороо тоосыг 37-50 хувиар багасгадаг байна.

ОФФИСЫН АЖИЛТНУУДЫН БҮТЭЭМЖ НЭМЭГДДЭГ

Бизнесийн байгууллагын орчинд ногоон байгууламжтай байх нь хүмүүсийн ажлын бүтээмж, ёс суртахууныг дээшлүүлдэг гэнэ. Судалгаанаас үзэхэд цонхоороо, хананд өлгөөтэй зургаас эсвэл ажлын тасалгаанд байгаа ургамал ногоог байнга харж байдаг оффисын ажилчид илүү тайван, сэтгэн бодох чадвар, урам зориг ихтэй болдог байна.

ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛДАГ

Гэмт хэргийн гаралт ногоон байгууламжтай ямар хамааралтай юм бэ хэмээн та гайхаж магадгүй юм. Энэ нь хамааралтай гэдгийг судалгаагаар аль хэдийнэ тогтоожээ. Ихэнх хүмүүс мод, ургамал ихтэй газарт нуугдах боломжтой учраас гэмт хэргийн гаралт харьцангуй их байдаг гэж боддог. Гэтэл тийм биш юм. Чикагод хийсэн судалгаагаар мод ургамалтай газар нь гэмт хэргийн гаралтыг хоёр дахин бууруулдаг гэжээ. Учир нь ногоон байгууламж нь сэтгэлзүйд эерэгээр нөлөөлж, хүчирхийлэл үйлдэх нөхцөлийг бууруулахаас гадна, энд хүмүүс амрах, чөлөөт цагаа өнгөрөөхөөр олноор ирж хөл хөдөлгөөн ихтэй байдаг нь нөлөөлдөг.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД АШИГТАЙ

Вашингтоны эрдэмтэн Вулфын хийсэн олон удаагийн судалгаанаас үзэхэд хотын төвийн худалдааны дүүргүүдийн гудамжны мод, ургамал нь зочдод маш тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг учраас бусад дүүргийн худалдааны гудамжнаас илүү борлуулалт сайтай байдгийг тогтоожээ. Судалгаанд оролцсон хүмүүст гудамжны ногоон байгууламж нь таатай сэтгэгдэл төрүүлэхээс гадна  санал болгож буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын талаарх эерэг үнэлэмжийг нэмэгдүүлдэг гэжээ. Судалгаанд оролцсон хүмүүс тохижилт хийсэн худалдааны хорооллуудад бусад тохижилт хийгдээгүй дүүрэгтэй зарцуулахаас 9-12% илүү их мөнгө зарцуулах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлжээ.

ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛДӨГ

Анхаарал төвлөрүүлэх чадваргүй эсвэл анхаарал хэт идэвхжилийн эмгэгтэй 450 орчим хүүхдийн дунд явуулсан судалгаагаар ногоон байгууламж нь тухайн өвчний шинж тэмдгийг бууруулдаг болохыг тогтоожээ. Өөр нэгэн судалгаагаар мод ургамалтай орчинд тоглосны дараа хүүхдүүд бусдыг сонсох, санал хүсэлтийг нь биелүүлэх, зааврыг дагах чадвар нь сайжирсан байжээ.

МИШЭЭЛ- БАЙГАЛЬ ОРЧИН ТАНИН МЭДЭХҮЙН ХҮРЭЭЛЭН ТУН УДАХГҮЙ

Сингапурын жишгээр Монголд анх удаа хэрэгжүүлж буй “МИШЭЭЛ СИТИ” төсөл нь оффис, үйлчилгээний талбай, орон сууцнаас гадна ногоон байгууламжийг цогцоор нь бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн бизнес хүрээлэнг бүтээн байгуулж байна.

Уг төслийн хүрээнд бий болж буй 11 га талбай бүхий ногоон байгууламж нь 2021 оны 2 дугаар улиралд бэлэн болж нийслэл хотод маань томоохон цэцэрлэгт хүрээлэн бий болох юм.

“Мишээл Сити”-д байрлах оффисын ажилтнууд болон орон сууцны оршин суугчид Туул голын эрэг рүү гүүрэн гарцаар гарч, гэр бүлээрээ цэвэр агаарт амарч, аялах боломжийг бүрдүүлэх ба талбайг бүрэн камержуулж, харуул хамгаалалттай болгохоос гадна ойн хамгаалагчийг байрлуулж Туул голын сав газрыг онгон байгалиар нь хамгаалах юм.

Ашигласан эх сурвалж: HUMAN BENEFITS OF GREEN SPACES

https://www.udel.edu/academics/colleges/canr/cooperative-extension/fact-sheets/human-benefits-of-green-spaces/ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж