Ангараг дээр хөл тавих анхны хүн Алисса Карсон

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Ангараг дээр хөл тавих анхны хүн Алисса Карсон

Ангараг дээр хөл тавих анхны хүн Алисса Карсон

Хүн төрөлхтөн агаар мандлаас гарч, сансрын уудмыг эзэмших агуу их хүсэл мөрөөдөл тээн урагшилсаар байгаа билээ. Хэрэв эх дэлхий ачааллаа дийлэхээ больж, хүмүүс өөр гариг руу нүүдэллэхээс өөр аргагүйд хүрвэл хамгийн боломжтой гариг нь Ангараг хэмээн үзэж, тус гаригийг судалж эхлээд байгаа юм. Ингээд долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг "ХҮМҮҮС" булангийнхаа энэ удаагийн дугаарт Ангараг гариг руу аялах анхны хүн болохоор бэлтгэгдэж буй NASA-ийн дадлагажигч Алисса Карсоныг онцолж байна.


Одоохондоо хэний ч хөл хүрээгүй Улаан нүдэн гаригийг дэлхийн томоохон гүрнүүд өөрсдийн хөлгөө илгээн судалж байна. АНУ-ын Сансар судлалын агентлаг NASA 2033 онд анхны хүнийг тус гариг дээр газардуулахаар ажиллаж байгаа юм. Энэхүү хүндтэй даалгаврыг биелүүлэхээр өдгөө дөнгөж 20 настай Алисса Карсон гэх бүсгүй бага наснаасаа тус агентлагт бэлтгэгдэж байна. Түүнээс гадна зургаан сансрын нисэгч үүрэг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ч тэр хамгийн залуу нь юм.

Ангараг гариг нь дэлхийгээс 65 сая километрийн зайд байрлах нарны аймгийн дөрөв дэх том гариг билээ. Алисса тус гаригт хүрэхэд ойролцоогоор гурван жил шаардлагатай бөгөөд тэрбээр 29 насандаа түүхэн даалгавраа биелүүлэхээр дэлхийгээс хөөрөх юм.

ААВЫН ОХИН

Алисса Карсон нь 2001 оны гуравдугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Луйзиана мужийн Хаммонд хотноо Берт Карсоны охин болж мэндэлжээ. Алисса анх гурван настай байхдаа ”The Backyardigans” телевизийн шоуг үзээд сансрын нисэгч болох мөрөөдөлтэй болсон байна. Ноён Берт Карсон охиныхоо мөрөөдлийг бодит болгохоор цаг үргэлж дэмждэг байсны ачаар өнөөдрийн энэ амжилтад хүрч чадсан гэнэ.

Түүний эцэг Бертийн хувьд охиноо ганцаараа өсгөсөн бөгөөд гэрэл зурагчин, видео графикч мэргэжилтэй хүн ажээ. Охиноо өсгөхийн хажуугаар тэр насаараа дэлхийгээр аялсан нэгэн гэнэ.

Берт Карсон охиноо 2008 онд долоон настай байхад нь АНУ-ын Сансар огторгуйн кемпэд оруулжээ. Үүний дараа тэр NASA-гийн Сансар огторгуйн бүх кемпүүдээр зочилсон анхны хүн болсон юм. Таван жилийн дараа гэхэд Алисса NASA-гийн сансрын хөтөлбөрийг 14 төвөөр зочилж байж гүйцээж чаджээ. NASA-ийн өндөр босгыг давахын тулд тэр бүх хичээлээ Англи, Франц, Испани, Хятад хэл дээр үзэж дуусгасан байна. Мөн тэрбээр сансрын нисэгчдийн “Advanced Possum Academy” холбоонд элссэн хамгийн залуу гишүүн болсон ба энэ хооронд ахлах сургуулиа ч амжилттай төгссөн байна. Алисса өдгөө Флоридагийн технологийн хүрээлэнд астробиологийн чиглэлээр суралцаж байгаа ба үүнээс өмнө “Embry-Riddle Aeronautical” их сургуульд сансрын физиологийн чиглэлээр суралцсан юм.

Түүнд тулгарч буй гол асуудал нь тэр хэзээ ч гэрлэж, хүүхэдтэй болох боломжгүй. Гэхдээ тэр хүн төрөлхтнийг хэзээ нэгэн өдөр аварч мэдэх даалгаврыг биелүүлэхийн тулд үнэнтэй эвлэрч, бэлтгэл сургуулилалтаа шаргуу хийсээр байгаа аж. Мөн өмнө нь нэг ч хүн Ангараг руу аялж байгаагүй учир түүнд ямар эрсдэл тулгарахыг хэн ч тааж мэдэхгүй. Гэсэн ч тэр нэгэнт шийдсэн, хүсэл мөрөөдлөө олсон учир гаргасан шийдвэрээсээ хэзээ ч ухрахгүй гэдгээ ярьж байв.

Тэрбээр чөлөөт цагаараа өөрийнхөө үеийн хүүхэд залууст сансар огторгуйн тухай болон сансрын нисэгч болох тухай олон нийтийн лекц, ярилцлага тогтмол зохион байгуулсаар иржээ.

Түүчнлэн олон улсын сансар судлалын хурал цуглаанд байнга оролцдог байна. Хамгийн сүүлд тэр шинэ оны эхний өдөр болсон "Дэлхий дээрх Марс" олон улсын цахим хуралд оролцож, өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм. Энэхүү хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран зохион байгуулсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж