Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.14) мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 14-ний 11.00 цагийн байдлаар 10 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээр нь "Ачтан" эмнэлгээс халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн зэрэг ажиглалтанд байсан хүмүүсээс илэрлээ. 10 голомтоос гурав нь өндөр идэвхижилттэй байна.
Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1479 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 408 тохиолдол байна. Мөн нутаг буцсан 9 хүн бий.
- Улаанбаатар хотод шинээр 10, нийт тохиолдол 652
- Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
- Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
- Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
- Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
- Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
- Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
- Зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 408
"МАШ ХҮНД НЭГ, ХҮНД 12 ХҮН ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА"
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 14-ний 11.00 цагийн байдлаар нийт 15899 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 10 хүнээс Сovid-19 илэрлээ. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 17-р хороо, Ачтан эмнэлэгтэй холбоотой 9 тохиолдол, Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчаас халдвар илэрлээ. Бусад аймгуудад илэрсэнгүй. Баянзүрх дүүргийн 17-р хорооны хорооны 14 ажилтан халдвар авсан тул тус хороогоор сүүлийн долоон хоног үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээнд хамрагдаарай.
Гашуун сухайт боомтын 569 жолоочид PCR шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй. 2426 эрүүл мэндийн ажилчдад шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.
- Нийт батлагдсан тохиолдол 1479
- Эдгэрсэн 909
- Эмчлэгдэж байгаа 559 /хөнгөн 459, хүндэвтэр 87, хүнд 12, маш хүнд 1 хүн байна/
"ДЭГЛЭМ ЗӨРЧСӨН 55 ИРГЭНИЙГ 25.9 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН"
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Их Британийн шинэ мутацид орсон вирус нь sars-covid 2 вирусийг бодвол халдварлуулах индекс өндөр, 70 хувиар илүү байгаа нь халдварын тархалт өндөр байгаатай холбоотой гэж Америкийн эрдэмтэд үзэж байна. Дэлхийд 232 вакцин хөгжүүлэлтийн шатандаа яваа. Үүнээс эмнэлзүйн туршилтанд 172 вакцин орсноос 60 вакцин туршилтыг амжилттай давсан. Та бүхний мэдэх Pfizer компанийн вакциныг ДЭМБ-ын байгууллагын яаралтай хэрэглэх зөвшөөрлийг авсан. ОХУ “Спутник V" вакцинаа, БНХАУ “Синовак” гэсэн өөрсдийн улсдаа үйлдвэрлэсэн вакцинаа хэрэглэж байна. Канад, АНУ, Их Британи, Арабын Нэгдсэн Эмират, Бахрайн, Беларус, Аргентин, Израил зэрэг 46 улс оронд 28 сая тун дархлаажуулалт хэрэглэж байна. Дэлхийн хүн амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж covid-19-ийн давхар зүйд өөрчлөлт орно. 2021 онд хүн хоорондын зайг өргөнөөр хэвшүүлэх жил болгохыг ДЭМБ мэдээлсэн.
НХЖОНАБА-ны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан:
-Дэглэм буурсантай холбогдуулан 5000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Нийслэл хотыг тойрсон баталгаат бус замын постууд дээр алба хаагчдыг нэмж ажиллуулж байгаа. Тандалт, шинжилгээ авах зорилгоор Баянгол дүүргийн 4,5,6-р хороонд хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн 17-р хороог хаах шийдвэрийг тус дүүргийн засаг дарга гаргасан байгаа. 1648 иргэнийг нийслэлийн тусгаарлах 10 байранд байршуулж байна. Дэглэм зөрчсөн 55 иргэнийг 25.9 сая төгрөгөөр торгосон.
"БЗД-ИЙН АМГАЛАНД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН"
Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Өчигдөр шөнө 22.00 цагийн орчимд Амгаланд сэжигтэй тохиолдол илэрсэн гэдэг үнэн үү?
-Баянзүрх дүүргийн Амгалангийн задгай гэдэг газраас сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-ийн баг очиж, халдвартын клиникт тусгаарласан.
-Хятад улсад халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс дахин шинж тэмдэг илэрсэн гэж байсан. Манайд яаж байгаа вэ?
-Дэлхийн олон оронд энэ талаар судалсан. Зургаан сарын дотор эдгэрсэн хүний үс унах, булчих сулрах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн. Энэ бол эдгэрсний дараах хам шинж гэж үзэж байгаа. Гэхдээ хүн бүхэнд ийм хам шинж тэмдэг илрэхгүй байгаа. Нас, хэр хүнд өвчилсөн зэргээс нь хамаарч илэрч байна. Эмэгтэйчүүдэд гормоны өөрчлөлт явагдаж, хумс нь хугарч, үс нь унаж байгаа. Зургаан сарын дотор ийм өөрчлөлт гарч байгаа гэсэн судалгаа гарсан. Залуу хүмүүсийн зүрх судас, бөөр, уушгинд зургаан сарын дотор архаг хууч үлдэц ажиглагдаж байгаа.
-Алтан жолоо компанийн халдвар авсан хүн ажлаа хийж байсан уу? Ойрын хавьтлуудыг нь олж тогтоосон уу?
-Ойрын хавьтлуудыг бид гэр бүл, албан газраас нь гээд өндөр эрсдэлтэй хүмүүсийг тусгаарлалтанд оруулж байгаа. Шинжилгээ, хяналтын хугацаагаа зохицуулж байгаа. Ойрын хавьтлуудын 90 гаруй хувиас нь халдвар илэрдэг.
Баянзүрх дүүргийн 4,5,6-р хорооны хичнээн хүн шинжилгээнд хамрагдсан бэ?
-20176 хүн шинжилгээнд хамрагдсан.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Wednesday, January 13, 2021
Холбоотой мэдээ