Засгийн газар Оюутолгойд хөндлөнгийн шинжээч томилуулна

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Засгийн газар Оюутолгойд хөндлөнгийн шинжээч томилуулна

Засгийн газар Оюутолгойд хөндлөнгийн шинжээч томилуулна

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн парламент хэлэлцэн баталсан. УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар "Рио Тинто"-той ширээний ард сууж хэлэлцээр хийх ажилд томоохон алхам боллоо гэж тухайн үед холбогдох албаныхан мэдээлж байв. Тогтоолыг эргэн сануулахад, түүнд найман чиглэл тусгагдсан бөгөөд төсөл дэх Засгийн газрын эзэмшлийг нэмэлт роялти руу шилжүүлэх хувилбарыг судлах асуудал орсон нь анхаарал ихэд татсан билээ. Учир нь, Засгийн газар төсөл дэх 34 хувийн эзэмшлээ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй. Уг зээл нь 6.5 хувь дээр нэмэх нь LIBOR нөхцөлтэй буюу бараг 10 хувийн хүүтэй учир 2041 он хүртэл Монголын тал эзэмшлийн хувиасаа ямар ч ногдол ашиг хүртэхгүй гэсэн судалгааг УИХ-ын Ажлын хэсэг танилцуулж байв.

Тус тогтоолын төсөлд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Дубайн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, төслөөс Монголд оногдох өгөөжийг ТЭЗҮ-д тусгасан 53 хувиас бууруулахгүй байх, ус ашиглах нөхцөлийг тогтоох, ордын нөөцийн үнэлгээ хийх зэрэг олон асуудлыг хамруулсан билээ.

Оюутолгой төслийн 2020 оны ТЭЗҮ-ийг шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос эдийн засгийн үр өгөөж нэлээн буурахаар харагдаж буй тул Засгийн газар санхүүгийн дүн шинжилгээ, тооцоо хийж буй юм байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгын мэдээлснээр, “Рио Тинто” Монгол Улсын Засгийн газарт урьдчилсан байдлаар далд уурхайгаас манай улсын хувьд 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоо гарган өгчээ. Тус компани 2051 он хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг дөрвөн жил л төлөхөөр байгаа аж.  Ногдол ашиг авахгүй, дээр нь татварын орлого буурч байгаа нь энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй эсэх дээр хөрөнгө оруулагчтай нухацтай ярих шаардлагатай байна гэсэн утгатай албан бичгийг Засгийн газар илгээж, тодорхой шаардлага, саналыг хөрөнгө оруулагч талд тавьж, яриа хэлэлцээр үргэлжилж байгаа ажээ. Гүйцэтгэх засаглал тэдэнд төслийг зогсоох талаар ямар нэгэн санал өгөөгүй бөгөөд асуудал тэгтлээ хурцдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хамгийн гол нь эдийн засагт үр өгөөжтэй, манай улсад ашигтай байхаас гадна татварын орлого хуримтлуулах ёстойг онцолжээ.

Оюутолгойн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" болон "Туркойз хилл ресурс" компани 2015 онд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүний дагуу 2021 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байсан ч энэ хугацаа олон хүчин зүйлээс шалтгаалан 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлоод буй билээ.

Өнөөдрийн байдлаар далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн хэмжээнээс 1.4 дахин нэмэгджээ. ЗГХЭГ-ын дэд дарга М.Солонго “Анх төлөвлөсөн зардал нь 5.3 тэрбум ам.доллар байсан бол төсөвлөсөн хэмжээнээс 30 орчим хувиар нэмэгдэхээр байна. Нийт 11 тэрбум ам.долларын зээлтэй компани бөгөөд зээлийн төлбөрт зардал их гарч байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Засгийн газраас “Рио Тинто”-д менежментийн үйлчилгээний төлбөрт хувь тооцож авдгийг багасгах, мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ямар шалтгаанаар өссөн талаар хөндлөнгийн шинжээч томилуулах зэрэг саналууд тавьжээ. Энэ асуудлаар “Оюутолгой”-н ТУЗ-өөс тусгай хороо байгуулж, Засгийн газраас хоёр, “Туркойз Хилл”-ээс хоёр хүн томилогдон, хөндлөнгийн шинжээч томилохоор ажиллаж буй юм байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан гаднын шинжээчид байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, “Financial Times” сонинд Монгол Улсын Засгийн газраас “Rio Tinto”-д явуулсан захидлын талаар "Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto”-ийн төслийг зогсоохоор сүрдүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах сонирхолтой байна" гэж бичжээ.

“Bank of Nova Scotia”-ийн шинжээч "Монгол Улсад татвар, рояалтигаас өөрөөр бэлэн мөнгөний урсгал орж ирэхгүй байгаа ийм үед Монгол Улсын Засгийн газар ийм байр суурь илэрхийлсэн нь тийм ч гэнэтийн биш байлаа" гэж хэлсэн байна.

“Рио Тинто” компани аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой санал гаргаж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өнөөдөр ч тэр байр сууриа хадгалсан хэвээр байгааг “Reuters” агентлаг уламжилжээ. Тодруулбал, тус компани “Хувь нийлүүлэгчдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломж нээлттэй хэвээр байгаа" хэмээн мэдэгдсэн байна.

Татварын ерөнхий газар (ТЕГ) “Оюутолгой” ХХК-д дөрөв дэх удаагаа хяналт шалгалт хийж, нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлдсэн. Гэвч “Turquoise Hill Resources” компани Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Оюутолгой” ХХК бүх татвар, хураамжаа төлсөн гэсэн байр сууриндаа хэвээр байгаагаа дахин илэрхийлжээ.

“Morgan Stanley”-ийн шинжээч “Оюутолгойн гүний уурхайн төлөвлөгөөтэй холбоотой хэлэлцээ дахин эхэлж магадгүй байгаа нь төслийн санхүүжилт, хугацаатай холбоотой эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж дүгнэсэн байна.

“Turquoise Hill Resources” компани Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой” төслийн гүний уурхайн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн тухай мэдэгдсэн. Түүний дараа тус компанийн хувьцааны ханш Торонтод 19 хувиар буурчээ. Харин дараагийн өдрийн арилжаагаар бага зэрэг буюу дөрөв орчим хувиар сэргэж, 15.53 канад доллар болсон байна.

“Саnaccord Genuity”-ийн шинжээч “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханшийн төлвийг 18.5 канад доллар болгосноо бууруулж, 16.5 канад доллар болгожээ.

“Rio Tinto”-ийн хувьцааны ханш өнгөрсөн Мягмар гаригт Австралид нэг хүрэхгүй хувиар, Лондонд нэг гаруй хувиар буурчээ. Харин Лхагва гаригийн арилжаа эхэлснээс хойш Австралийн Хөрөнгийн биржид хувьцааны ханш нь бага зэрэг өсч, 121.64 австрали доллар болсон байна.

Хоёр тал асуудлыг хэлэлцэж, дундын шийдэл олох ёстой. Хамгийн гол нь Оюутолгой төслөөс Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг эдийн засагчид онцолж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж