Катар улсын нийслэл Доха хотод жүдо бөхийн дэлхийн мастерс тэмцээн гурав хоног зохион байгуулагдаж, 69 улсын 398 шилдэг тамирчид хуран хүч сорив. Өнгөрсөн оны аравдугаар сарын Унгарын Гранд Сламаас хойш олон улсын тэмцээн зохион байгуулагдаагүй байсан учир улс орнууд баг тамирчдаа өргөнөөр илгээсэн нь харагдсан. Зарим улсын хувьд олимпийн өмнөх чансаагаа шалгах сүүлийн тэмцээн нь Дохагийн дэлхийн мастерс байх магадлалтай.
БӨХИЙН ОРНУУД БУСДААСАА ЯЛГАРАВ
Мастерсын эхний өдрөөс л бөхийн ундарга сайтай орнууд бусдаасаа ялгарч эхэлсэн. Эрэгтэй -60 кг, -66 кг, -73 кг гэсэн гурван жинд Өмнөд Солонгосын Ким Вон Жин, Ан Баул, Ан Чанрим нар түрүүлсэн бол эмэгтэй хөнгөн жингийн гурван ангилалд нь Косовогийн Дистриа Красники, Францын Амандин Бюшар, Японы Ёшида Цүкаса нар аваргалав. Ер нь л эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн гурван ангилалд Франц, Япон, Косово гэсэн гурван улс ноёлж байгаа нь илт харагдав. Тэдэнтэй Украины Дариа Билодид, Монголын Д.Сумъяа, М.Уранцэцэг, Канадын Криста Дэгүчи, Жессика Климкайт тэргүүтэй цөөн тамирчид л цаашид өрсөлдөөн үзүүлэх шинжтэй.
Харин эмэгтэй -63 кг, -78 кг, +78 кг гэсэн дээд гурван жинд Франц бүсгүйчүүд болох Кларис Агбеньену, Маделейне Малонга, Романе Дико нар алтан медаль хүртсэн бол дунд нь нэг завсар орсон нь -70 кг-д түрүүлсэн Японы Йоко Оно байлаа.
Эрэгтэй дээд жингүүдийн тухайд Гүрж улс боловсон хүчин сайтай гэдгээ харуулсан. -81 кг-ын жинд Тато Григалашвили алт , -90 кг-ын жинд Бека Гвиниашвили мөнгө, Лаша Бекаүри хүрэл, -100 кг-ын жинд Варлам Липартелиани алтан медаль тус тус хүртэв. +100 кг-ын жинд олимп, дэлхийн олон удаагийн аварга Тедди Ренье түрүүлдгээрээ түрүүлж, эргэн ирснээ зарлав.
Ялагдал гээчийг мартаад байсан Тедди 2020 оны Парисын Гранд Сламд Японы Кагэүра Кокород ялагдан 2010 оноос хойшхи анхны ялагдлаа амсаад байсан юм. Өдгөө 31 настай Франц эрийн хувьд гуравдахь олимпийн алтан медалиа авахаар ирэх зун Токиог зорино.
Тонаки Фүна, Ёшида Цүкаса нарыг хоёрдугаар шигшээ багтайгаа илгээсэн Япон улс ямар чадвар, нөөц бололцоотой вэ гэдгээ харуулан есөн тамирчных нь хоёр нь алт, тав нь мөнгөн медаль хүртжээ. Харин Косовогийн жүдогийн түүхийг бичилцэж буй Дистриа Красники, Майлинда Келменди, Нора Гжакова, Лориана Кука гэх дөрвөн бүсгүй ангилал тус бүртээ алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Тэгвэл Францын хувьд бүхий л шилдгүүдээ багтаасан олимпийн шигшээ багаа илгээж, таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль богцолжээ.
Дохагийн дэлхийн мастерсыг багийн амжилтаараа тэргүүлсэн улсууд:
- 1. Франц – 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл
- 2. Өмнөд Солонгос – 3 алт
- 3. Япон – 2 алт, 5 мөнгө
- 4. Гүрж – 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл
- 5. Нидерланд – 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл
- 6. Косово – 1 алт, 3 хүрэл
ОНЦЛОХ БАРИЛДААН
Мастерсын эхний өдрийн онцлох барилдаанаар эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд явагдсан дэлхийн аварга Украины Дариа Билодид болон дэлхийн аварга Японы Тонаки Фүна нарын барилдааныг нэрлэхээр байна. Дариа Билодид өмнө нь Тонаки Фүнатай дөрөв барилдахдаа бүгдэд нь ялаад байсан ч Дохад ялж чадсангүй. Өдгөө 20 настай Билодид ялагдсаныхаа дараа ч, хүрэл медаль хүртсэн хойно ч нүдэндээ нулмистай байв.
Мөн ОУХМ О.Ууганбаатарын хэсгийн эхний хоёр барилдааныг онцлох нь зүйтэй. Тэрбээр эхний тойрогтоо олимпийн аварга Оросын Хасан Халмурзаевыг, дараагийн тойрогтоо дэлхийн аваргын мөнгөн медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Антуан Валойс Фортьег дараалан ялж, бэлтгэлтэй байгаагаа харуулсан ч гуравдугаарт тойрогтоо сүүлийн үед тодроод буй Узбекстаны Шарофиддин Болтабоевд торгуулиар ялагдсан нь харамсалтай.
М.УРАНЦЭЦЭГ, Д.СУМЪЯА НАР ЖИЛИЙН ДАРАА ХИЛИЙН ДЭЭС АЛХАВ
Дохагийн дэлхийн мастерст Монголын тамирчид санасныг бодвол тааруу амжилтыг үзүүлснийг тэдний формтой холбож тайлбарлаж болох юм. Учир нь өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулагдсан Унгарын Гранд Сламд Монгол улс үндсэн шигшээ багаа гэхээсээ илүүтэйгээр залуучуудаа илгээсэн. Унгарын зорьсон багийн бүрэлдэхүүнд Л.Өнөболд, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Г.Алтанбагана, О.Мөнхцэцэг зэрэг цөөн хэдэн л шигшээ багийн тамирчид багтаж байлаа. Монголын жүдогийн өнөө цагийн нүүр царай болсон МУГТ М.Уранцэцэг хамгийн сүүлд 2020 оны хоёрдугаар сард Парисын Гранд Сламд оролцсон бол МУГТ Д.Сумъяа мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард Дюссельдорфын Гранд Сламд оролцож байжээ. Өөрөөр хэлбэл, Монголын топ, олимпийн найдвар гэсэн жүдочид нэг жил олон улсын тэмцээн уралдаанд оролцоогүй юм. Тиймээс энэ удаагийн Дохагийн мастерс Монголын тамирчдын цочроог гаргасан тэмцээн боллоо гэж бөх сонирхогчид харж байна. Олимпийн наадам хүртэл хэд хэдэн томоохон тэмцээнүүд зохион байгуулагдана. Харин Монгол улс үндсэн шигшээ багаа илгээх эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ олимпийн оноо ахиулах шаардлагатай цөөн хэдэн жин байгаа учир тодорхой тооны тамирчдыг илгээх биз ээ.
Монгол улсаас ганц МУГТ М.Уранцэцэг Дохагийн мастерсаас хүрэл медаль хүртсэн.
ШҮҮГЧИД ХЭЛ АМ ДАГУУЛАВ
Дохагийн мастерсыг шүүсэн шүүгчдийн талаарх хэл ам сүүлийн гурав хоног цахим орчинд шуурлаа. Тэдэн дундаас хамгийн олны анхаарлыг татсан нь олимпийн аварга Италийн Фабио Базилегийн инстаграм хуудаснаа оруулсан пост байлаа. Хэсгийн шатанд Германы Игор Вандткетай барилдах үеэрээ хансокүмакэ аван хасагдсан тэрбээр инстаграм хуудаснаа “Жүдо жүдо биш болжээ. Хэн илүү жүжиглэсэнд нь ялалт өгдөг болсон байна” хэмээн бичжээ. Сонирхуулахад, Д.Сумъяа, Г.Хэрлэн, Ё.Басхүү, О.Ууганбаатар нар бүгд үнэлгээгээр бус торгуулиар ялагдсан.
ЦАХИУР ХАГАЛСАН ТАМИРЧИД
Мастерс эхлэхэд медалийн таамагт байгаагүй хэд хэдэн тамирчин чанараа таниулсан. Тодруулбал, Тайванийн Яан Юүн Вэй хэмээх өдгөө 23 настай залуу эхлээд дэлхийн аваргын мөнгөн медальт Өмнөд Солонгосын Лий Харимыг, дараа нь Гүржийн Темур Нозадзег, хэсгийн аваргын төлөө Азийн наадмын аварга Узбекстаны Диёрбек Урозбоевыг тус тус ялж, мөнгөн медалийн төлөө Европын аваргын мөнгөн медальт Оросын Яго Абуладзег 15 минутын хүндхэн барилдааны эцэст буулган авсан. Мөн Мадина Таимазова хэмээх 21 настай Орос бүсгүй хэсгийн шатандаа дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аваргын иж бүрэн медальтай Францын Мари-Ив Гахьег мөнгөн медалийн төлөө Австралийн Аойфе Көвлан нарыг ялж, аваргын төлөө Японы Йоко Онод тахим буулгасан.
Холбоотой мэдээ