Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 8-нд 37 нас хүрч, төрсөн өдрөө шинэ, шинэ зэвсгүүдээр дүүрэн хүслийн жагсаалттай тэмдэглэлээ. Түүний хүслийн жагсаалтад илүү хүчин чадалтай холын зайн пуужингууд, том хэмжээтэй цэнэгт хошуунууд, тагнуулын хиймэл дагуулууд, цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцууд багтжээ. Түүнээс гадна Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт тэр бүр зохион байгуулаад байдаггүй, сүүлийн таван жилийн хувьд хамгийн том арга хэмжээ болох эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хурлаа зохион байгуулж цэрэг армийн ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцсэн нь илэрхий заналхийлэл хэмээн ажиглагчид үзэж байгаа билээ.
Гэхдээ нөгөө талаас Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч солигдож буй үйл явдалтай давхцуулан ийнхүү хуралдсан нь шинэ Ерөнхийлөгч Жо Байдены хувьд нэгэн том сорилт болж байгаа юм.
Эрх баригч Хөдөлмөрчдийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчийн талаар үйл явдлуудад дарагдаж, олон улсын анхаарлын төвөөс гарахыг хүсээгүй бололтой. Гэхдээ АНУ-ын шинэ удирдлага БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилго тавьж байгаа бол Ким Жон Уныг одоо маш анхааралтай ажиглах хэрэгтэй ч байж магадгүй. “Ким Жон Уны сүүлийн үед хийж буй үйл ажиллагаанууд нь яриангүй АНУ-ын шинэ удирдлагатай холбоотой. Учир нь АНУ өдгөө тун завгүй байгаа учир өөрийнх нь цэргийн хүчээ өргөтгөх оролдлогод АНУ, БНСУ-ын нийтлэг ашиг сонирхол саад хийхгүй гэдгийг Ким Жон Ун мэдэж байгаа” хэмээн ажиглагч Анкит Панда хэлээд, тиймээс Жо Байден энэ асуудлыг онцгой анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
Суудлаасаа бууж буй Ерөнхийлөгч Дональд Трамп гурван ч удаа Ким Жон Унтай уулзаж, багагүй дотноссон боловч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон АНУ, ЕХ-ны Пёньянд тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн тал дээр дорвитой тохиролцоонд хүрч чадаагүй билээ.
Харин шинэ Ерөнхийлөгч Жо Байден Умард Солонгосын асуудалд илүү амжилт гаргаж, зөв зохицуулж чадах эсэх, тус асуудалд хэр анхаарлаа хандуулах магадлалтайг Анкит Панда “Миний бодлоор энэ асуудалд Жо Байден аль болох түргэн онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Тэрбээр бүх шатанд дүн шинжилгээ хийж, Умард Солонгостой харилцаа тогтоох бүх боломжийг олж, ашиглах хэрэгтэй. Миний үзэж байгаагаар Ким Жон Ун дээрх үйл ажиллагаа болон мэдэгдлүүдийнхээ хариуд АНУ-ын талаас ямар нэг хариу сонсохгүй бол цаашид улам олон зэвсгийн туршилт, үйл ажиллагаа эхлүүлэх болно” хэмээн тайлбарлажээ.
Хөдөлмөрчдийн намын их хурал дээр Ким Жон Ун үг хэлэхдээ Ерөнхийлөгч нь хэн ч байлаа гэсэн АНУ бол бидний хамгийн том заналт дайсан хэмээн тодорхойлсон билээ. Хоёр улсын удирдагчдын уулзалтууд онц үр дүнд хүрээгүй хэдий ч дэлхийн улс төрийн түүхэн дэх хамгийн чухал ач холбогдол бүхий уулзалтуудын тоонд хэдийн багтсан билээ. Харин Жо Байден хичээж чадвал тус түүхийг дахин шинэчлэх ч боломж бий хэмээн ажиглагчид үзэж буй.
Шинэ Америкийн аюулгүй байдлын төвийн ахлах ажилтан Дюйон Кимийн үзэж байгаагаар АНУ ямар ч үнээр хамаагүй санаачлагыг гартаа авч, эхний алхамыг хийн тохиролцоонд хүрэх хэрэгтэй гэнэ. тэрбээр “Ким Жон Уны хүсч буй зүйл бол АНУ Сөүлтэй хамтарч цэргийн сургуулилт хийхээ болих, эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ цуцлах, БНАСАУ дахь хүний эрхийн зөрчлийн тухай үргэлж ярихгүй байх гэх мэт. харин Вашингтон тэдний алийг нь ч тодорхой ашигтай болзолгүйгээр биелүүлж болохгүй. Цаашлаад хэлэлцээр сунжирвал Ким Жон Ун улам даварч, том зүйлүүд шаардаж магадгүй. Учир нь тэрбээр хүйтэн дайны үеийнх шиг зэвсгийн хяналтын нөхцөл байдал үүсгэхийг хүсч байгаа. Гэхдээ энэ бол утгагүй зүйл. Учир нь хоёр улсын цөмийн хөтөлбөрийн хүчин чадлыг харьцуулахын аргагүй шүү дээ” хэмээн тайлбарласан байна.
Ким Жон Ун, Дональд Трамп хоёрын 2019 оны хоёрдугаар сард Ханойд болсон хоёр дахь уулзалт тохиролцоонд хүрэхэд нэлээд ойртсон ч тэр бол одоо өнгөрсөн асуудал. Учир нь Ким Жон Ун одоо тэс өөр хүнтэй харилцах гэж байгаа билээ. Тиймдээ ч Ким Жон Уны сүүлийн үед хийж байгаа бүхэн өөрийнхөө үзэл бодлыг тууштай илэрхийлж, шинэ Ерөнхийлөгчид ойлгуулах гэсэн оролдлого байж болох юм. тэрбээр үүгээрээ шинэ харилцааны эхлэлийг тавьж, тэгэхдээ хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ хатуу илэрхийлж, шинэ, илүү хүчирхэг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж байгаа оролдлого байж магадгүй билээ.
ИЛҮҮ ИХ ГАЛ, ИЛҮҮ ИХ УУР ХИЛЭН
Ким Жон Уны цэргийн хүчээ нэмэгдүүлэх гэсэн оролдлого болон энэ зан авир гайхаад байхаар шинэ зүйл биш ч гэлээ төрсөн өдрөөрөө зарласан шинэ төлөвлөгөө нь харин сонирхол татам байлаа. Тэрбээр хүслийн жагсаалтандаа алсын зайн пуужингууд, хүчирхэг пуужингууд, дуунаас хурдан пуужин, цэргийн тагнуудын хиймэл дагуул, хатуу түлш бүхий тив хоорондын баллистик пуужин, шинэ жолоочгүй агаарын нисэх төхөөрөмж, шинэ цөмийн цэнэгт хошуу, цөмийн зэвсэг зэргийг нарийвчлан багтаажээ.
Эдгээр зэвсгүүдийнхээ аль нэгийг бүтээж, турших нь Ким Жон Уны хувьд цаг хугацааны л асуудал болж байгаа бололтой. Гэхдээ 2017 онд БНАСАУ гурван ч алсын зайн пуужин туршсаны дараа Дональд Трампын “Гал болон уур хилэн”-гээр хариу барих тухай сануулж байсныг хэн ч мартах учиргүй юм. Их хурал дээр Ким Жон Уны ярьснаас үзвэл Умард Солонгосын алсын зайн пуужин 15 мянган км хүртэлх зайг төвөггүй туулах чадвартай гэнэ. Энэ нь Пёньяанаас АНУ-д цохилт өгөхөд хангалттай хүчин чадал юм. Мөн тэрбээр 2017 оны Хвасонд хийсэн туршилтынхаа дараа туршсан пуужин нь АНУ-ын хаана ч цөмийн цэнэгтэй хошуу тээн очих чадвартай болсныг онцолж байсан билээ. Гэвч тэдний тус пуужингууд нь цөмийн цэнэгт хошуугаа хамгаалахын тулд агаар мандлаас гарч, эргэн байруугаа чиглэн унадаг технологи ашигладаг эсэх нь одоо ч тодорхойгүй байгаа юм.
ӨЛСГӨЛӨНГИЙН ҮЕИЙН ТОМ АМБИЦ
Гэхдээ Ким Жон Уны мэдэгдэлд нэгэн том асуултын тэмдэг гарч ирж байна. тухайлбал, тэрбээр улм орон нь сүүлийн хэдэн арван жилийн түүхэндээ хамгийн хүнд эдийн засагтай байгаа энэ үед хэрхэн дээрх төлөвлөгөөнүүдээ биелүүлэх гэж байна вэ? эсвэл энэ бүхэн ердөө хоосон сүрдүүлэг юм болов уу. Тэрбээр өмнөх удаагийн эрх баригч намын их хурлаар буюу таван жилийн өмнө ард иргэдийн амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлэх, улсын эдийн засгийг аврах том зорилго бүхий төлөвлөгөө танилцуулж байсан юм. гэвч энэ удаагийн их хурал дээрх төлөвлөгөө бүтэлгүйтсэн талаар илтгэлээр эхэлсэн билээ. Тэрээр мөн өнгөрсөн жилийн сүүлээр болсон цэргийн сүрт жагсаалыг нээхдээ амлалтаа биелүүлж чадаагүйнхээ төлөө ард иргэдээсээ уучлал гуйн нулимс дуслуулсан юм.
Учир нь цар тахлаас болж хилээ хааснаар БНАСАУ хамгийн том түнш болох БНХАУ-тай худалдаа хийх боломжгүй болсноос гадна өнгөрсөн жилийн үер усны гамшгаас болж ургац хураалт бүтэлгүйтэж, ард иргэд өлсгөлөнгийн аюулд ороод буй.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ