С.Баярцогт, С.Баяр нараас 9,5 тэрбумыг хураана

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, С.Баяр нараас 9,5 тэрбумыг хураана

С.Баярцогт, С.Баяр нараас 9,5 тэрбумыг хураана

Улсын Ерөнхий прокурорын газраас /УЕПГ / 2020 онд хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар өчигдөр /2021.01.13/ мэдээлсэн билээ. 


С.БАЯРЦОГТООС 4 ТЭРБУМ 10 САЯ, 3 ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ХУРААНА

Тодруулбал, С.Баярцогт, С.Баяр, Ч.Давааням, Ш.Батхүү нарын хөрөнгийг хураах шийдвэр гарчээ. Ингэхдээ С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая, 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны  долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн арван жил хорих ял,гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс  арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил болгон өөрчилсөн юм.

С.БАЯРААС 5 ТЭРБУМ 580 САЯ ТӨГРӨГ, 1 ТЭРБУМ 97 САЯ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУРААНА

Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн  "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 4-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням  нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн 2 жил зургаан сар болгон бууруулсан юм. 

Харин Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан. Ингэхдээ С.Баяраас 5.5 тэрбум, Ч.Давааням  5.7 тэрбумын хөрөнгө хурааж, улсад оруулах анхан шатны тогтоолыг хэвээр үлдээсэн юм. С Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн оны долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон.

Ш.БАТХҮҮГЭЭС СИНГАПУР, АНУ ДАХЬ ГАЗАР  БОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГҮҮДИЙГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  "Жаст" группын захирал асан Ш.Батхүүг бусадтай бүлэглэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт буруутайд тооцож найман жилийн хорих ял эдлүүлэх, бусдад учруулсан 137.9 тэрбум төгрөгийн хохирлыг Ш.Батхүүгийн өмч хөрөнгөөр нөхөн барагдуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Ш.Батхүүгийн  Сингапур, АНУ дахь газар  болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгохоор тус, тус шийдвэрлэжээ.

Үүнээс гадна УЕПГ-аас Оффшор бүсэд хамаарах 23 иргэн, төрийн байгууллагын ажилтантай холбогдох хэрэг шалгагдаж байгаа талаар дуулгасан юм.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг төрд шилжүүлэн өгөх талаар өөрөө санаачлага гаргасан иргэн хүртэл бий гэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж