Хоёр талцсан АН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Хоёр талцсан АН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэх үү?

Хоёр талцсан АН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэх үү?

Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүхээр өнөөдөр /2021.01.14/ хэлэлцэнэ. Ардчилсан намын X их хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18,19-нд цахимаар болж, намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсан. Ардчилсан намын их хурлаас баталсан үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэснээр хүчин төгөлдөр баталгаажих учиртай. Энэ дагуу АН дүрмийн өөрчлөлтөө  бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд шуудангаар мөн цахимаар хүргүүлсэн. Дээд шүүх АН-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн цахим хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн эсэхийг тогтоож байж тус намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

АН-ын хувьд дотроо хоёр хуваагдаж, АН-ын дарга С.Эрдэнэ дээрх их хурлыг хууль бус хурал болсон гэж үзэж буй.  Учир нь Ардчилсан намын 10 дугаар их хурлыг цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулахдаа тусгай журам, дэг батлаагүй. Мөн тус намын үндсэн дүрэмд цахимаар хуралдах тухай ямар ч зохицуулалт байхгүй гэж С.Эрдэнэ мэдэгдсэн.

Нөгөөтэйгүүр АН-ын 10 дугаар их хурлыг тухайн үед АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Туваан зохион байгуулсан нь дүрмийн бус гээд улмаар түүнийг Ардчилсан намын тамгыг хүлээлгэн өгөхийг шаардаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн байдаг. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч дээрх  хүсэлтийн дагуу хуучин тамгыг хүчингүй болгож, С.Эрдэнэд шинээр тамга авах эрхийг өгсөн.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Тувааны хэрэглэж байсан Ардчилсан намын тамгыг Улсын бүртгэлийн газраас хүчингүй болгосон гэсэн үг. Тэгэхээр Ц.Тувааны батлуулсан АН-ын дүрмийн өөрчлөлт хүчингүй болохыг үгүйсгэхгүй. Намын тамга нь хүчингүй болмогц Ц.Туваан дахин Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, намын даргын үүрэг гүйцэтгэгч, тамга нь хуулийн дагуу эсэхэд гомдол гаргасаныг нь УБЕГ-аас гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй болохыг өчигдөр мэдэгджээ. Ийн АН дотроо хуваагдаж, шинээр батлуулсан дүрмийн өөрчлөлтийг нэг хэсэг нь хууль бус гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь дүрмийн өөрчлөлтийг эрх ашгийн зөрчилгүй, анхны дүрэм болсон гэж ҮБХ-ны зарим гишүүн нь хэлж байгаа.

Харин Улсын дээд шүүх хэрхэн шийдвэрлэх нь өнөөдөр тодорхой болно.

Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсний дараа нь намын даргаа тодруулах юм. Шинэ дүрэмдээ намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулахаар тусгасан. Намын даргад нэр дэвших хүмүүсээс хоёрыг нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхоор үлдээж, намын их хурлаар сонгоно гэсэн заалтыг оруулсан юм.

Хэрэв АН-ын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгээгүй тохиолдолд АН-ын дарга С.Эрдэнэ дахин Их хурлаа зарлаж, дүрмийн өөрчлөлтөө батална гэсэн үг. Тиймдээ ч өнгөрөгч амралтын өдөр  /2021.01.10/ АН-ын ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаан болж, Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Мөн уг хуралдаанаар АН-ын  цахим хуралдааны дэгийн журмын төслийг боловсруулсан нь  Их хурлаа цахимаар хуралдуулах  нөхцөлийг  хуулиар хангасан гэсэн үг.

Ямартай ч Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн АН-ын дүрмийн өөрчлөлтийн онцлох заалтуудаас танилцуубал, дүрмийнхээ 30 хүртэлх хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд дүрмийн өөрчлөлтөөр санхүүгийн ил тод байдлыг тодорхой болгосон байна. Тухайлбал, намын санхүүжилт ба тайлагнал нь шат шатны намын байгууллага, сонгуульт гишүүд, бусад хуульд заасан талуудад ил тод, нээлттэй байж, намын удирдлагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, намын үйл ажиллагаа болон санхүүг төлөвлөх, бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих замаар намын үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ гэж тусгажээ.

  • ТАТВАР, ДЭНЧИН

АН нь үндсэн дүрмийн 8.2.2-т заасан намын гишүүний татвар болон сонгуульт гишүүний татвартай байна.

  • Намын гишүүний татвар гэдэг нь улс төрийн намын санхүүжилтийн анхдагч эх үүсвэр бөгөөд намыг бэхжүүлэх, амын санхүүжилтийн хараат бус байдлыг хангахад чухал нөлөөтэй, гишүүдийн улс төрийн итгэл үнэмшил, намын шат шатны түвшинд шийдвэр гаргахад оролцож, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх эрх олгох арга хэрэгсэл юм.
  • Намын гишүүний татвар төлөөгүй нь намын дотоод сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох үйл явцад нөлөөлөх нөхцөл болохгүй.
  • Намын гишүүний болон бүх шатны сонгуульт гишүүний татварын хэмжээг ҮБХ тогтооно.
  • Намын гишүүн нь жилийн татвараа өмнөх оны 11-р сарын 15-ны дотор тухайн сум, дүүргийн АН-ын хорооны дансанд бүрэн төлсөн байна. Сонгуульт гишүүн татвараа хугацаандаа төлөөгүй нь сонгуульт гишүүнийг татах үндэслэл болно.
  • “Дэнчин” гэж сонгуульт гишүүний татварыг төлөх баталгаа болгон нэр дэвшигчээс намын дансанд байршуулсан тухайн шатны сонгуульт гишүүний татвартай тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг хэлнэ. Сонгогдоогүй тохиолдолд дэнчинг буцаан олгоно.

АЙМАГ, ДҮҮРГИЙН НАМЫН ДАРГА

  • Аймаг, дүүргийн намын даргыг аймаг, дүүргийн Намын чуулганаас сонгох бөгөөд хоёроос дээш нэр дэвшигчтэй тохиолдолд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг дахин санал хураалтанд оруулж, олонхийн санал авсан гишүүнийг намын даргаар сонгогдсонд тооцно. Аймаг, дүүргийн намын даргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт гишүүнээр 3-аас доошгүй жил ажилласан байна. /”Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга”, “Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга/

Намын Даргыг дараах үндэслэлээр Намын чуулганы хурлаар чөлөөлж, ДсНДХ-оос Намын даргын сонгуулийг журмын дагуу зохион байгуулна. Энэ тохиолдолд дараагийн намын дарга сонгогдох хүртэл хамгийн ахмад настай дэд дарга нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Үүнд,

  • АН нь ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • -Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
  • Эрүүл мэндийн шалтгаан;
  • Үндсэн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон.
  • Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон
  • Намын даргын үүргийг хангалтгүй биелүүлж байна гэж тухайн намын хорооны гишүүдийн 1/3 нь санал гаргасны дагуу намын хорооны нийт гишүүдийн 50-иас дээш хувь итгэл үзүүлээгүй бол.
  • Аймаг, Дүүргийн Намын дарга нар тухайн шатныхаа Засаг дарга биш бол УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.
  • Аймаг дүүргийн нам нь 3 хүртэл дэд даргатай байна.

НИЙСЛЭЛИЙН НАМЫН ДАРГА

Нийслэлийн намын даргын сонгуулийг нийслэлийн хорооны хурлаар явуулах бөгөөд хуралд таслах эрхтэй оролцсон гишүүдийн ердийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг намын даргад сонгогдсонд тооцно. Нийслэлийн намын даргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт гишүүнээр 4-өөс доошгүй жил ажилласан байна.

  • Намын Даргыг дараах үндэслэлээр Намын хорооны хурлаар чөлөөлж ДоСХ-ноос намын даргын сонгуулийг явуулна. Үүнд,
  • АН нь НИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон
  • Үндсэн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон
  • Нийслэлийн нам нь 6 хүртэл тооны дэд даргатай байна.

НАМЫН ДАРГА

  • Ардчилсан Намын Дарга нь Намын тэргүүн бөгөөд Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
  • Намын Даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулна.
  • Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн бол ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.
  • Намын Их Хурлаас намын даргыг 4 жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.
  • УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно
  • Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил ажилласан байна.
  • Намын Даргыг дараах үндэслэлээр ҮБХ-ны хурлаар чөлөөлж намын даргын сонгуулийг явуулах ҮБХ-ны хурал, намын Их хурлыг товлон зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл ҮБХ-оос Намын Даргын эрх, үүргийг аль нэг дэд даргад шилжүүлнэ. Үүнд:
  • АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
  • Эрүүл мэндийн шалтгаан.
  • ҮБХ-ны нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг зөвхөн дараах шалтгаануудын аль нэгийг баримтлан намын их хуралд өргөн мэдүүлснийг намын их хурал хүлээн авч огцруулах шийдвэр гаргана. Үүнд:
  • Санхүүгийн зөрчил гаргасан
  • Намын дүрэм зөрчсөн нь ДХХ-ны шийдвэрээр тогтоогдсон
  • Үзэл баримтлалын эсрэг үл ажиллагаа явуулсан
  • ҮБХ-ны нийт гишүүдийн 3/1- ээс доошгүй хувь нь намын дарга чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж гарын үсэг зурж, ҮБХ хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхи дэмжсэн.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж