Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээллийг хүргэе.
Өнөөдрийн байдлаар /2021.01.13/ улсын хэмжээнд 42 тусгаарлан ажиглах байранд 1283 хүн байна. 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 533 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Архангай аймгийн дөрвөн эмнэлэгт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, тусгаарлах өрөөгүй зэрэг зөрчлийг илрүүлэн албан шаардлага, зөвлөмж өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээг авчээ.
Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 1823 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгсөн. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 278 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 474 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна. Улсын хилээр нэвтрэн орсон 960 тээврийн хэрэгсэл, 874 жолооч, хилээр гарсан 970 тээврийн хэрэгсэл, 872 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ