"Нийгэмд шинж тэмдэггүй, Covid-19-өөр өвчилсөн хүмүүс байж болно" | News.MN

"Нийгэмд шинж тэмдэггүй, Covid-19-өөр өвчилсөн хүмүүс байж болно"

COVID-19

"Нийгэмд шинж тэмдэггүй, Covid-19-өөр өвчилсөн хүмүүс байж болно"

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар  өнөөдөр /2021.01.13/ дахин мэдээллээ хийлээ.  ХӨСҮТ-ийн халдвар судлаач Д.Оюунгэрэл хавьтлын тандалтыг илрүүлэхэд ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өгсөн юм.


 Тэрбээр “Хавьтлын илрүүлэг гэдэг нь халдвар хүн амын дунд дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, зорилгоор халдварт өртсөн байж болзошгүй хүмүүсийг тодорхойлох, үнэлэх, удирдах үйл ажиллагааг хэлдэг. Хавьтлыг системтэйгээр тандан илрүүлэх нь Covid-19 халдвар дамжин тархах гинжин хэлхээг таслан зогсоох, вирусийн тархалтыг хумих өндөр ач холбогдолтой. Ойрын хавьтал болон хоёрдогч хавьтал гэсэн хоёр ойлголт бий.  Халдвар авсан хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнөх 24-48 цагийн хугацаанд  вирусийг гадаад орчинд ялгаруулж эхэлдэг.  Мөн ард иргэдийн дунд шинж тэмдэггүй хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн  хүмүүс ч байх магадлалтай. Дээрх хоёр онцлогт тохируулан  ойрын хавьтагчийг тодорхойлдог.

Үүнд, халдварын  шинж тэмдэг илрэхээс өмнөх хоёр хоног, эсхүл шинж тэмдэг илэрснээс хойших 14 хоногийн хугацаанд халдварын батлагдсан тохиолдолтой 1.5 метрээс дотогш зайнд 15 минутаас дээш хугацаанд уулзсан, эсхүл хамт амьдардаг, нэг тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг ойрын хавьтал гэнэ. 

Монгол Улсын хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 10-аас хойш өнөөдрийг хүртэл  дотоодын халдвар 643-д хүрээд байна. Эдгээр тохиолдлын ойрын хавьтал болох 3200, хоёрдогч хавьтал болох 21 мянга гаруй хүнийг тандалт судалгаагаар тогтоон, бүрэн шинжилгээнд хамруулсан.  Ойрын хавьтлыг илрүүлэх  арга хэмжээний ард маш том баг ажилладаг. Эхний ээлжид ойрын хавьтагчийг 24 цагийн дотор илрүүлж, ажиглан тусгаарлах байранд долоо хоног эрүүл мэндийн тандалт  хийнэ. Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй тохиолдолд тухайн хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлдэг. Ажиглалт тандалтын хугацаанд халдварын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт тусгаарлан халдварыг баталгаажуулах шинжилгээг авдаг.

Хоёрдогч хавьтлын хувьд батлагдсан тохиолдлын ойрын хавьталтай уулзсан хүнийг хэлнэ.  Хоёрдогч хавьтлыг гэрээр 14 хоног хугацаанд тусгаарлан эрүүл мэндийн тандалт, шинжилгээнд хамруулдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж