Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Баянцогт Баянчандмань, Угтаалцайдам, Архуст, Эрдэнэ, Сэргэлэн сумын нутагт зээр болон бугын сүрэг нүүдэллэн орж ирж, айлын ногооны талбайд өвөлжиж буй юм байна.
Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас шуурхай арга хэмжээ авч, сумдын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт зэрлэг ан амьтныг суурьшлын бүс рүү оруулахгүй байх, ядарч сульдсан амьтдад өвс, хужир тавьж өгөх тухай албан тоот хүргүүлжээ.
Эрдэнэсант сумын дөрвөн байршилд 500 кг хужир, 250 кг өвс тавьсан бол Баянчандмань сум хоёр байршилд 400 кг хужир, Аргалант сум гурван байршилд 450 кг ногоон тэжээл, Баян-Өнжүүл сумын гурван газарт 500 кг хужир таван боодол өвс, Хойд Өнжүүл ууланд зургаан газарт нэг тонн хужир, Бүрэн сум 30 боодол өвс, 10 шуудай хужир тус тус тавьж өгчээ.
Төв аймгийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, Аргалант сумын нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтанд тооцогддог 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээрийн сүрэг тариалангийн хашаатай талбай, сумын төвийн орчимд ихээр орж ирсэн байна. Тус сумын ЗДТГ-аас биотехникийн арга хэмжээ авч, Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг гурван цэгт 450 кг өвс тавьж, амьдын бэлчээрлэх бололцоог бүрдүүлжээ.
Бусад сумдын хувьд шат дарааллаар биотехникийн арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа хангаж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ