2020 оны арванхоёрдугаар сараас өндөр хөгжилтэй орнууд covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад ард иргэдээ хамруулж эхэлсэн. Иймээс 2021 оны оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг Дэлхийн банк, ОУВС илүү өөдрөгөөр төсөөлж байна. Тэр тусмаа өнгөрсөн онд уналтад орсон газрын тосны салбарт эерэг хүлээлт үүссэн нь АНУ, БНХАУ, Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд зарцуулах далайцтай багц арга хэмжээнүүд авах болсноос гадна Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үнэ өсөхөд түлхэц болж байгаа аж.
Саяхан Саудын Арабын улс өөрийн өдрийн олборлолтоо огцом нэг сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь 2021 оны нэгдүгээр сарын эхээр тосны үнэ огцом нэмэгдэх хүчин зүйл болов. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох Голдман Сакс 2021 онд “брент төрлийн түүхий газрын тосны баррелийн үнэ 65 ам.доллар болно" гэсэн өмнөх таамгаа бататгажээ.
2020 оны тавдугаар сараас брент төрлийн түүхий газрын тосны үнэ 20 ам.доллараас 2.3 дахин өсөж өнөөдрийн байдлаар 56 ам.доллар/баррель болсон.
Энэ нь Монголын хувьд дотоодод зарагдаж буй бензин, шатахууны үнэ өсөх муу таагүй мэдээ юм. Монгол Улс шатахуун үйлдвэрлэдэггүй, зуун хувь гадаадаас хэрэгцээгээ хангадаг учраас. Үүний 90 хувийг нь Оросоос нийлүүлдэг.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 19-ны хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний талаарх гаргасан шийдвэрийн дагуу импортлогчид бензин, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг өнгөрсөн хавар 280-300 төгрөгөөр бууруулсан юм. Мөн Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын "Роснефть" компани хилийн үнээ хямдруулсан нь дотоодод шатахууны үнэ буурахад нөлөөлсөн юм.
УУХҮЯ-ны албан ёсны сайтаас авсан мэдээллээр, өнөөдрийн байлаар Аи-92 автобензины үнэ баруун бүсэд литр нь 1640 төгрөг, төвийн бүсэд 1520 төгрөг, зүүн бүсэд 1570 төгрөг, Улаанбаатар хотод 1450 төгрөг байна. Засгийн газрын зүгээс АИ92 бензин онцгой албан татварыг тэглэж, дотоодод зарагдаж буй жижиглэнгийн үнийг тогтвортой барихад дэмжлэг үзүүлсэн.
Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Гэхдээ Засгийн газрын зүгээс аж, ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны үнийг ирэх долдугаар сар хүртэл даахаар болсон нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилготой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг.
Гадаадын зах зээл дэх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор дотоодын зах зээлд зарагдаж буй шатахууны үнэ дагаад өөрчлөлт орох нь дамжиггүй. Товчхондоо, зах зээлийн зарчмыг эвдэж, Засгийн газар хүчээр шатахууны үнийг барих боломжгүй гэсэн үг. Хэрэвзээ, шатахууны үнийг энэ хэвээр нь барина гэвэл Засгийн газар татаас өгөхөд хүрнэ. Монголын Засгийн газарт ийм сонирхол болоод эдийн засгийн боломж байхгүй. Угаасаа У.Хүрэлсүх ч нэгэнтээ бензин шатахууны үнийг бууруулахын тулд төрөөс импортлогдчдод татаас өгөхгүй, хүчээр бууруулахгүй, зах зээлийн жамаараа буурч, өсч явах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан билээ. Энэ удаад Ерөнхий сайд шатахууны үнийн өсөлт, бууралтыг зах зээлд нь даатгахаас өөр аргагүй болж байх шиг. Учир нь гадаад зах зээлд газрын тосны үнэ сэргэсэн, Оросууд хилийн үнэ нэмсэн дээр нь Монгол Улс шатахуун үйлдвэрлэдэггүй гэх олон шалтаг, шалтгаан байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ