Г.Ганзориг: Валютын ханшийн өсөлт, инфляци өнөөдрийн санаа зовох асуудал биш

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Г.Ганзориг: Валютын ханшийн өсөлт, инфляци өнөөдрийн санаа зовох асуудал биш

Г.Ганзориг: Валютын ханшийн өсөлт, инфляци өнөөдрийн санаа зовох асуудал биш

Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Мөнгөний бодлогын хүүг хамгийн сүүлд хоёр нэгж хувиар бууруулж, репо санхүүжилт нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүнд­рэлийн үед хэр үр дүнтэй алхам болсон гэж та үзэж байгаа вэ?

-Бодлогын хүүг бууруулах нь зээлээр дамжин зах зээлд нөлөөлж бодит эдийн засагт дэмжлэг болдог. Гэтэл яг одоо цагт хөл хорио гээд бизнесүүдийн үйл ажиллагаа хэвийн явахгүй байгаа нь зээлийн эрэлтийг эрс бууруулсан байдалтай байна. Өнөөгийн нөхцөлд бодлогын хүүний бууралт нь хуучин шигээ зах зээлд нөлөөлж чадахгүй байгаа. Энгийн үед ч бодит эдийн засаг дахь бодлогын хүүний нөлөө нь хэсэг хугацааны дараа гардаг. Харин энэ удаад тэрхүү хугацаа нь улам бүр л хойшилж байх шиг байна. Репо санхүүжилтийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үед тун ч тохиромжтой алхам болсон гэж харж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед ийнхүү зах зээлд мөнгө нийлүүлэх нь зайлшгүй шаардлагатай байсан. Олон улсад ч гэсэн их хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлсээр байгаа. Манай улсын хувьд багадсан уу гэхээс ихдээгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан мэдээллийн дагуу нийт 175 тэрбум төгрөгийг репо санхүүжилтийн хүрээнд олгосон. Шалгуур хангаж буй аж ахуйн нэгжүүд зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулж, үндсэн төлбөрөөс зургаан сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой болсон. Сайн хэрэг, зөв алхам. Гэхдээ хангалттай биш. Өнөөгийн нөхцөл байдалд үүнээс ч илүү зоригтой алхамууд удирдах байгууллагууд хийх шаардлагатай байна. Мэдээж эдгээр арга хэмжээ урт хугацаанд валютын ханш болон инфляцид дарамт болох эрсдэлтэй. Гэвч энэ бол өнөөдөр бидний  санаа зовох ёстой асуудал биш.

-Тэгвэл одоо гол санаа зовох зүйл нь юу вэ. Оны төгсгөлд ханш нэлээд өслөө шүү дээ?

-Хэрэв та ам.доллар болон төгрөгийн харьцах ханшийг ярьж байвал харин ч тогтвортой байсан. Үүний цаад шалтгаан нь манай улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай байсантай холбоотой. Гадаад валютын нөөцийг импорт­той харьцуулан харахад бид боломжийн өндөр нөөцтэй байна. Нэг л валют хүчтэй чангарсан. Энэ бол БНХАУ-ын юань. Гэхдээ энэ бол цэвэр АНУ болон Хятадын эдийн засаг болон тэдгээр улсуудын мөнгөний бодлоготой холбоотой. Манайд кросс ханшаараа л ингэж өсч байгаа юм. Энд бидэнтэй холбоотой асуудал огт байхгүй. Би яагаад ханш бол одоо санах зовох ёстой асуудал биш гэж байна гэхээр богино хугацаанд манай гадаад худалдааны тэнцэл сайн ашигтай хэвээр байна. Түүнчлэн бидэнд тодорхой валютын нөөц ч байна. Одоо бол ерөөсөө л Stagflation болгохгүй байх нөхцөлийг эрэлхийлэх учиртай санагдана. Санаа нь инфляци өндөр мөртлөө, эдийн засгийн өсөлтгүй байх үе шүү дээ. Ховорхон тохиох үзэгдэл. Газрын тосны үнэтэй холбоотой 1970 оны сүүлээр л АНУ-д болж байсан зүйл. Араасаа шууд хямрал дагуулж, тухайн үеийн ам.долларын хүүг хоёр оронтой тоонд хүргэж байсан. Хэрэв ийм зүйл болвол Мөнгөний бодлого ямар ч үр нөлөөгүй болдог айхтар эд. Сая зах зээлд улсууд маш их мөнгө хэвлэсэн бас энэ нь Stagflation бий болгох эрсдэлийг л үүсгээд буй. Манайд ч гэсэн болзошгүй л харагдаж байгаа. Тэгэхээр нэг талдаа зах зээлд мөнгө нийлүүлэх нь зөв, гэхдээ нөгөө талдаа тэр нь бодит эдийн засгийн өсөлт биш зөвхөн хоосон инфляци болчихвол яах вэ л гэдэг асуудалд санаа зовох шаардлагатай болж байна.

-Репо санхүүжилт өшөө их хүртээмжтэй байх ёстой гэсэн санааг хэлж байх шиг байна. Гэхдээ нөгөө талдаа том эрсдэл ярьж байна. Оновчтой гарц нь юу вэ?

-Stagflation-с сэргийлэх үндсэн арга нь бүтээмжийг дэмжих, нийлүүлэлт талын бодлого явуулах. Энэ нь илүүтэйгээр Засгийн газартай холбоотой болно. Монголбанкны хувьд бодлогын хүү одоо нөлөө багатай. Харин репо санхүүжилтийн хувьд уул, уурхайн бус экспортын салбаруудыг онилсон байсан. Энэ нь эхний алхам гэдгээрээ бол маш зүйтэй санагдсан. Одоо харин өөр бусад салбартаа олгож эхлэх тухай л яриад буй хэрэг. Ингэхдээ хамгийн бүтээмж өндөртэй салбарууд руу шат дараатайгаар оруулах нь зөв болов уу. Мэдээж энд хамгийн эхэнд уул уурхайн салбар орж ирнэ шүү дээ. Бүтээмж багатай салбаруудын хувьд миний хэлээд буй Stagflation үүсгэчих эрсдэлтэй. Түүнчлэн 2008 онд АНУ-д TARP гээд хөтөлбөр явж байсан. Үүнийг Монголд хэрэгжүүлэх тухай бас Монголбанк, Засгийн газартай ярилцаж эхлэх шаардлагатай гэж харж байгаа. Хэр хэмжээтэй, ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой судалгаа болон хэлцлийн үр дүнд гарч ирэх учиртай.

-Репо санхүүжилт нэвт­рүүлсэн нь зээлийн хүүг бууруу­лахад хэрхэн нөлөөлөх вэ?

-Энэ чинь шууд утгаараа хүүг бууруулж байгаа юм чинь нөлөөлөхгүй яах вэ. Гэхдээ репо санхүүжилтийн хувьд нийт дүн нь системтэйгээ харьцуулахад бага. 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар банкны салбарт нийт 17.5 их наяд орчим зээлийн үлдэгдэл байгаа шүү дээ. Зээлийн хүүний статистик харвал арваннэгдүгээр сарын байдлаар шинээр олгосон зээлийн хувьд жигнэсэн дундаж хүү нь төгрөг дээр 15.8 хувь байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буурсан үзүүлэлт. Үүнд зөвхөн репо гэхээсээ илүүтэйгээр гадаад хүчин зүйлсийн нөлөө бий. 2020 оны хувьд газрын тосны үнэ маш хямд байсан, нэмээд хөл хорио гээд импорт харьцангуй бага түвшинд байлаа. Энэ нь нэг талдаа инфляцийг, нөгөө талдаа валютын ханшийг тогтвортой нам дор байхад нөлөөлсөн.

Эргээд тэр нь бодлогын хүүг чөлөөтэй бууруулах боломжтой болгосон. Улмаар банкуудын эх үүсвэрийн зардал буурсан. Ингээд зээлийн хүү буурах гол нөхцөл бүрдсэн гэж харж байна. Хэлэх гээд буй санаа нь зээлийн хүү буурахад өөр олон хүчин зүйлс нөлөөлсөн.

-2021 оны эдийн засгийн төлөв байдал, таамаглалыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Олон улсын зах зээл дээр зэс, нүүрсний ханш маш өндөр түвшинд байна. Эдгээр нь манай улсын эдийн засгийн гол индикатор болдог шүү дээ. Зэсийн ханшийн хувьд Хятадын эдийн засаг маш эрчимтэй сэргэж байна. Энэ нь мэдээж зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ. Гэтэл нөгөө талд нийлүүлэлт хийдэг улсуудын хувьд хөл хорио гээд хангалттай нийлүүлж чадахгүй байна. Үр дүнд нь үнэ харьцангуй өндөр түвшинд хүрээд буй. Харин нүүрсний хувьд Австрали, Хятад хоёр маргаантай байна, энэ нь нүүрсний зах зээлд нөлөөлж буй. Гэхдээ эдгээрийн аль аль нь урт хугацаанд үргэлжлэхгүй болов уу. Тэгэхээр манай улсын экспортын орлого ийм өндөр буй нь ч түр зуурынх гэж айж байна. Дээр нь нэмээд манайд Covid-19-ийн шинэ тохиолдолууд гарсаар л байна. Вакцины асуудал ч их хол байх шиг байна. Иймд үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг салбаруудын хувьд мөн л таатай жил болохгүй бололтой. Эцэст нь аялал жуулчлалын салбар ч мөн адил олон улсын нөхөл байдалтай уялдан сэргэлт ажиглагдахгүй. Ингээд бодохоор 2021 онд ч гэсэн манай эдийн засагт хүндхэн жил болохоор харагдаж байна.

-Ер нь репо санхүүжилтийг бий болгосон нь эдийн зас­гийг төрөлжүүлэх, бүтцийн өөрч­лөлтийг бий болгоход чухал суурь алхам байж чадах уу?

-Манай эдийн засгийн уул уурхай­гаас хэт хамааралтай бай­дал ойрын 10 жил лав өөрчлөгдөхгүй байх. Үүнд зөвхөн репо санхүүжилтаас илүү зүйл хэрэгтэй. Энэхүү репо санхүүжилт нь уул, уурхайн бус экспортын салбарт гэж байсан. Мэдээж эдийн засгийг төрөлжүүлэх алхам мөн үү гэвэл тийм. Гэхдээ суурь алхам гэж хэлэхэд арай дэгсдүүлсэн хэрэг болов уу. Эдийн засгийг төрөлжүүлэх нь зөвхөн Монголбанкны бус засгийн газрын хэмжээнд яригдах ёстой зүйл. Харин түүний нэг хэрэгжүүлэгч  нь Монголбанк болно.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж