Засгийн газраас аж ахуй нэгж, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд хариуцахаар болсон. Энэхүү шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн билээ. Эрчим хүчний хэрэглээнээс гадна усны төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр /2021.01.13/ мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн мэдээлснээр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор усны хэрэглээ нэмэгдсэн байна. Тодруулбал, нэг өрхийн усны хэрэглээ 4-6 хувиар өссөн байна. Ирэх хоёрдугаар сараас эхлэн усны хэрэглээ өсөх хандлагатай байгаа нь Цагаан сарын баяртай холбон тайлбарлав.
Нэг өрхийн дундаж хэрэглээ хоногт 80-100 литр ба найм, ес, арванхоёр, хоёрдугаар сард усны хэрэглээ өсдөг байна. Энэ нь хичээл, сургууль орох, баяр ёслолын өдрүүдтэй холбоотой байдаг аж. Хөл хорионы үед усны хэрэглээ өссөн ч төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулахыг албаны хүмүүс мэдээлэв. Гэхдээ хэтэрсэн хэрэглээнд хяналт тавих ба үйлдвэрийн зориулалтаар ашиглах, өөр зориулалтаар ашигласан бол илүү төлөлтөө иргэд төлөх юм байна. Өөрөөр хэлбэл, ахуйн болон ундны усны төлбөрийг хөнгөлж байгааг тодотгов. Харин үйлдвэрийн зориулалттай аж ахуй нэгжүүдийн усны хэрэглээ, төлбөр айл өрхүүдээс ялгаатай гардгийг мэдээлэв.
Усны төлбөрийг тэглэхдээ тухайн сарын усны хэрэглээний төлбөрийг дундаж төлбөртэй нь харьцуулж, хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах юм байна. Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн мэдээлснээр 700 гаруй айл өрх, 20 мянга гаруй аж ахуй нэгжид 10 тэрбум 900 гаруй төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм байна. Мөн иргэд тоолуурын заалтаа хариуцлагатай өгөхийг сануулав. Хэрэв усны төлбөрийн бичилт өндөр гарсан бол 7014-1448 дугаарт хандаж, гомдол мэдээллээ шалгуулах хэрэгтэйг сануулав. Тоолуураа баталгаажуулахдаа иргэн аж ахуй нэгжүүд арванхоёрдугаар сарын төлбөрийг нэгдүгээр сарын 10 хүртэл, нэгдүгээр сарын төлбөрийг хоёрдугаар сарын 10 хүртэл мэдээллээ өгөхийг анхааруулав.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ