АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А визний ангиллаас хассан талаар тус улсын Дотоод хэргийн яамны цахим хуудас өчигдөр /2021.01.12/ мэдэгджээ. Ингэснээр Монгол Улсын иргэд 2021 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх визээр АНУ-ыг зорих боломжгүй болж байна.
Залилан, хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдох, визний хугацаа хэтрүүлэх, визний холбогдорх журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд тухайн улс орныг жагсаалтаас хасдаг аж. Харин Монгол Улсын иргэдийн хувьд визний хугацаа хэтрүүлсэн зөрчил ихээр илэрсэн тул энэ ангиллаас хасагдаж байна. Өнгөрсөн жил гэхэд H-2А визээр АНУ-ыг зорьсон 67 хүнээс 27 нь буюу 40 хувь нь хугацаагаа хэтрүүлсэн зөрчил гаргажээ. 2018 оны H-2 ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-д Монгол Улс анх багтсан бөгөөд 2019 онд сунгагдсан байв.
Түүнчлэн Самоа, Тонга улсыг H-2B ажлын визний ангиллаас хасчээ. H-2A визийн ангилал нь улирлын чанартай, түр хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллах эрхийг олгодог бол H-2B ангилалд хөдөө аж ахуйн бус салбарын түр ажилчид авдаг юм байна. Тонга болон Самоа улсуудын хувьд Засгийн газрын хамтын ажиллагаа хангалтгүй байсан гэсэн үндэслэлээр жагсаалтаас хасагдаж байна. Учир нь Тонга улс албадан гаргах зарим нислэгийг хүлээн авахаас татгалзсан бол Самоа улс буцаах ёстой иргэдийн зорчих бичиг баримтыг тогтмол гаргаж өгөөгүй ажээ.
Энэхүү шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
ЭХ СУРВАЛЖ: HTTPS://WWW.USCIS.GOV/
Холбоотой мэдээ