"Байрны агааржуулалтаар халдвар дамждаг эсэхийг судлаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

COVID-19

"Байрны агааржуулалтаар халдвар дамждаг эсэхийг судлаагүй"

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, January 12, 2021

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.13/ мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 16975  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 13 хүнээс халдвар илэрлээ. Нийслэлд илэрсэн халдваруудын тохиолдлоос дурдвал, тусгаарлалтад байсан "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн дөрөвдүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварын нийт тохиолдол 643 боллоо. Бусад зургаан аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-ээс 20 хүн эдгэрч, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжсэн. Монгол Улсад батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 1469. Үүнээс эдгэрсэн 909. Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, ХӨСҮТ-д нийт эмчлэгдэж байгаа 549 хүн байна. Дээрх хүмүүсээс биеийн байдал хөнгөн 449,хүндэвтэр 87, хүнд 12, маш хүнд нэг хүн байна.

“Ачтан” эмнэлгийн халдварын голомтыг хумихаар ажиллаж байна. Тус эмнэлэгтэй холбоотой нийт халдварын тохиолдол 48 болсон. Үүнээс эмнэлгийн ажилтан 22, гэр бүлийн болон бусад хавьтал 26 байна. Нийслэлд “Мөнххада” компанийн ажилчдын гэр бүл болон “Тэнүүн-Огоо” ХХК-тай холбоотой түүнээс улбаатай халдварууд идэвхтэй хэвээр байна. Эдгээрээс улбаатай халдвар гэхэд БГД-ийн 4-5 байранд голомтлон гарсан. Халдварын батлагдсан тохиолдол, ойрын хавьтлуудыг тусгаарласан.

БЗД-ийн 17-р хорооны 3-4 гэр бүлийн арав гаруй хүн халдвар авсан. Дээрх хорооноос улбаалан тус дүүргийн есдүгээр хороонд 2-3 гэр бүлийн хүмүүс өвчилсөн. Үүнтэй холбоотойгоор БЗД-ийн 17-р хороонд голомтын илрүүлэг шинжилгээг өнөөдрөөс эхлэн хийнэ. Дээрх шинээр үүссэн халдварын голомтын цаана олон хүнийг хамарсан ААН-үүд бий.

Тухайлбал, “Алтан жолоо импекс” ХХК-ийн нэг ажилтан халдвар авсан учраас тус компанийн төв оффисын ажилчдаас шинжилгээ авч 47 хүнийг тусгаарласан. Мөн БЗД-ийн 17-р хорооны гурван ажилтан халдвар авсан. Харуул хамгаалалтын хоёр компаниас халдвар илэрч 6-10 хүнийг тусгаарласан.

БГД-ийн 5,6 хороонд 20.000 гаруй мянган хүнд шинжилгээнд хамруулахад голомтоос найман тохиолдол илэрсэн бол өргөжүүлж хийсэн шинжилгээнд дөрөвдүгээр хорооноос зургаан хүнээс халдвар илэрсэн. Бусад хүмүүсийн дунд халдвар илрэх нь харьцангуй гайгүй байна. Үргэлжлүүлэн БЗД-ийн 9, 17-р хороонд шинжилгээ хийнэ. Гадуур халдварын нэг, хоёрдугаар хавьтал явж байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛЛАА.

-Байрны орцоороо халдвар авах тохиолдол их байна. Энэ тохиолдолд магадгүй агааржуулалт, усны хоолойгоор халдвар тархах боломжтой юу?

-А.Амбасэлмаа: БГД-ийн  дөрөвдүгээр хорооны дөрвөн орон сууцнаас  хөрш айл, дээд доод давхрынх нь хүмүүс халдвар авсан тохиолдол гарсан. Учир нь дээрх  дөрвөн орон сууц голдоо ганц  СӨХ-тэй, хүнсний дэлгүүртэй байсан. Орцондоо ороод бие биеэсээ халдвар авах магадлал их. Монгол Улсын хувьд одоогоор агааржуулалт, усны хоолойгоор халдвар дамжих магадлалтайг баталгаажуулсан судалгаа дүгнэлт байхгүй. Covid-19 халдвар амьсгалын замаар халддаг учраас бие биетэйгээ хавьтал болсон үед халдвар авсан гэж үздэг.

-ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Дэлхий дахинд хийсэн судалгааны дүнд  агааржуулалтын хоолойгоор дамжин халдвар тархах боломжтой гэж үзсэн. Тухайлбал, 2020 онд Сингапурт гадаад ажилчдын байранд агааржуулалтын хоолойгоор дамжин халдвар тархсан. Мөн Хонгконгод нийтийн байранд  агааржуулалтын хоолойгоор дамжин халдвар тархсан гэх судалгаанууд бий. Байранд амьдардаг иргэд аль болох цахилгаан шатаар явахгүй байх хэрэгтэй. Нэг удаа цахилгаан шатанд суухдаа хоёроос дээш хүн суухгүй байх, нүүр нүүрээ харж зогсохгүй байх гэсэн зөвлөмжийг дагах нь зөв.

-БЗД-ийн  “Алтан жолоо импекс” ХХК-ийн нэг ажилтан халдвар авсан гэлээ. Энэ нь халдварын шинэ голомт уу аль эсхүл өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал  уу?

-А.Амбасэлмаа: БЗД-ийн  17-р хороонд  халдвар тархсан нь хамар хашааны хүмүүс нэгнийхээрээ орж гардгаас үүдсэн. “Алтан жолоо импекс” ХХК-ийн ажилтан халдвар авсан нь тухайн ажилтны гэр бүлийн хүн халдвартай байснаас болсон. Ер нь ажилчид тухайн байгууллагаасаа биш өөрийнх нь гэр бүл, найз нөхөд буюу ойрын хүмүүсээсээ халдвар авах нь давамгайлж байна.

Монгол Улсад анх бүртгэгдсэн Франц улсын иргэн хоёр сар орчим эмчилж байсан. Одоо бол хүмүүс 20 хоног эмчлэгдээд гарч байх шиг байна.

-Д.Нарангэрэл: Франц улсын иргэний хувьд 56 хоног эмчлүүлсэн. Уушгины хүнд хэлбэрийн хатгаатай, биеийн байдал маш хүнд байсан. Тухайн үед  бид эндчих вий гэсэн их  айдастай байсан.  Ер нь хүнд, хөнгөн гэсэн эмчилгээний тактикаас шалтгаалан эмчлэгдэх хоног нь  өөр. Хүн бүрийн биеийн онцлог өөр. Тухайн үед Франц улсын иргэн олон хүнтэй хавьтал болсон ч бүх хавьтлуудаас халдвар илрээгүй. Тиймээс  монголчууд  амны хаалт зүүж хэвшсэн нь сэргийлсэн гэж үзсэн.

-А.Амбасэлмаа: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмнэлзүйн удирдамжаа өөрчилж, эмчилгээний ор хоногийг цөөлсөн. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн  10 хоногт вирусийн эсрэг эмчилгээг хийгээд, эмнэлзүйн шинж тэмдэг нь бүрэн арилсан буюу гурав хоног дараалан халдварын шинж тэмдэг илрэхгүй бол эмнэлгээс гаргаж ажиглалт руу шилжүүлнэ гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын тушаал гарч хөнгөн өвчтөнийг 10 хоног эмчлээд, шинж тэмдэг илрэхгүй бол Яармагийн эмнэлэг рүү шилжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд эдгэрсэн 909 хүмүүсээс дахиж халдвар авсан хүн одоогоор гараагүй байна.

 -Одоогийн байдлаар өдөрт илэрч байгаа тохиолдлын хичнээн нь олон нийтийн дундаас илэрч байна вэ?

БГД-ийн 5,6 хороонд халдвар голомтлон гарч олон нийтийн дунд тархсан эсэхийг тандсан. Ерөнхийдөө дээрх хороодод гарсан халдварын голомтуудаас өөр газарт халдварын шинэ тохиолдол илрээгүй. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн халдварын  голомт хамрах цах хүрээ нь өргөн учраас  тус эмнэлгээс улбаатай гэр бүл, албан байгууллага гэх мэтчилэн халдварын гинжин хэлхээ  үргэлжилсээр  байна. Үндсэн цөм голомтууд нь хумигдсан. Сүүлийн үед БЗД-ийн 17-р хороонд ялангуяа техникийн зах, Шар хадны эмнэлгийн ойролцоох эмнэлгийн гудамж гэж нэрлэдэг газарт  3-4 гэр бүлийн 10 хүн өвчилсөн. Тиймээс  БЗД-ийн 17-р хороонд илрүүлэг шинжилгээг хийж үзээд  халдварын тархалт өндөр байвал тэр хавьд нь хязгаарлалт хийж дахин шинжилгээ авна. Нийт гарсан халдваруудын тохиолдлыг харахад  хамт олон дундаас халдвар илрэх нь 20 хувь, гэр бүлийнхэн дундаас 40 хувь,олон нийтийн арга хэмжээ зохиосон үед 10 хувь, хороо, гудамж орцноос 8 хувь, халдвартай хүнтэй хавьтал болсноос үүдэн халдвар авсан тохиолдол 20 гаруй хувийг эзэлж байна.

Д.Нарангэрэл: Ялангуяа нийслэл хотын хэмжээнд хамт олны дунд халдвар тархах явдал бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Тиймээс бүх ажилчдын 30 хувийг ажлын байранд нь  ээлжлүүлэн ажиллуулах, амны хаалт зүүлгэх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа. Гэвч ЭМЯ-ны утсанд иргэдийн зүгээс  өгч байгаа мэдээллээс харахад албан байгууллагууд бүх хүмүүс ажил гэж шаардаж байна. Зарим байгууллагууд ажилчдаа долоо хоногт хоёр удаа PCR шинжилгээ өг гэсэн  байна. Ийм зүйл байж болохгүй. PCR шинжилгээ халдвар аваагүй гэдгийн баталгаа болж чадахгүй. Шинжилгээ өгчихөөд ажилдаа ирэх замд халдвар авахыг үгүйсгэхгүй. Магадгүй халдварын нууц үеийн хугацаанд байсан учраас халдвар илрээгүй ч  байж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж