БНСУ, Япон, Франц алтын буухиагаа үргэлжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

БНСУ, Япон, Франц алтын буухиагаа үргэлжлүүлэв

БНСУ, Япон, Франц алтын буухиагаа үргэлжлүүлэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй 2021 оны Дохагийн дэлхийн мастерсийн хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр(2021.01.12) явагдаж, өндөрлөлөө.


Эмэгтэй -63 кг

  • Алтан медаль – Кларис Агбеньену, Франц
  • Мөнгөн медаль – Набэкүра Нами, Япон
  • Хүрэл медаль – Санне Вермир, Нидерланд
  • Хүрэл медаль – Андрей Лески, Словени

Кларис Агбеньену 2018 оны хоёрдугаар сараас хойш оролцсон бараг бүх тэмцээндээ түрүүллээ. Гагцхүү тэрбээр 2019 оны Чиндаогийн мастерст л мөнгөн медаль хүртсэн байна. Олимп, дэлхийн алт мөнгөн медальтай Кларис жиндээ босоо гэдгээ дахин баталлаа. Залуучуудын дэлхийн аварга Санне Вермир энэ өдөр онцгой байж, хэсэгтээ олимпийн хүрэл медальт Бразилын Кетлейн Квадрос, Пан Америкийн аварга Кубын Мэйлин Дел Торо Карваяал нарыг буулган авсан. Монгол улсаа төлөөлөн Б.Ганхайчийн хувьд эхний тойрогтоо Оросын Дариа Давидоватай тааран барилдаж ялагдал хүлээсэн билээ.

Эмэгтэй -70 кг

  • Алтан медаль – Йоко Оно, Япон
  • Мөнгөн медаль – Мадина Таимазова, ОХУ
  • Хүрэл медаль – Жиованна Скоссимаро, Герман
  • Хүрэл медаль – Ким Поллинг, Нидерланд

Мадина Таимазова хэмээх 21 настай Орос бүсгүй хэсгийн шатандаа дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аваргын иж бүрэн медальтай Францын Мари-Ив Гахьег ялж, цааш сайн барилдан мөнгөн медаль хүртэж, өөрийгөө харуулав. Харин МУГТ Д.Сумъяатай адил мастерсийн дөрвөн түрүүтэй Ким Поллинг хэсэгтээ Австралийн Аойфе Көвлан хэмээх бүсгүйд ялагдсан ч дагах барилдаанд Мари-Ив Гахьег, хүрэл медалийн төлөө нутаг нэгт Санне Ван Дикег тус тус ялж, мастерсаас тавдахь медалиа хүртлээ.

Дохагийн мастерсийн эмэгтэй таван ангилал одоогоор явагдаад байгаа бөгөөд Япон, Франц хоёр тус бүр хоёр ангилалд нь түрүүлж, үлдсэн нэгт нь Косово алтан медаль хүртээд байна.

Эрэгтэй -73 кг

  • Алтан медаль – Ан Чанрим, Өмнөд Солонгос
  • Мөнгөн медаль – Соичи Хашимото, Япон
  • Хүрэл медаль – Игор Вандтке, Герман
  • Хүрэл медаль – Хикматиллох Тураев, Узбекстан

Ази, дэлхийн аварга Ан Чанрим мастерсийн анхны алтан медалиа хүртэж, олимпоос бусад бүхий л томоохон тэмцээнүүдийн алтан медалийг цуглуулж чадлаа. Түүнтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг олимп, дэлхийн мөнгөн медальт Рустан Оружов, олимп, дэлхийн аварга Шохэй Оно нар энэ удаагийн мастерсийг өнжсөн бол Ц.Цогтбаатар, Г.Одбаяр зэрэг Монголын шилдгүүд эрт тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин нэг сонирхолтой үйл явдал болсон нь олимпийн аварга Италийн Фабио Базиле хэсгийн шатанд Игор Вандткетэй барилдаж байх үедээ өрсөлдөгчөө илт гэмтээх үйлдэл гаргаж, хансокүмакэ аван тэмцээнээ өндөрлүүлсэн. Үүний дараа Фабио Базиле инстаграм хуудаснаа “Жүдо жүдо биш болжээ. Хэн илүү жүжиглэсэнд нь ялалт өгдөг болсон байна” хэмээн пост оруулав.

Өмнөд Солонгосын эрэгтэй жүдочид одоогоор Дохагийн мастерсийн дөрвөн ангиллын гуравт нь түрүүлээд байна. Эхний өдөр Ким Вон Жин -60 кг-д, Ан Баул -66 кг-д түрүүлээд байсан юм.

Эрэгтэй -81 кг

  • Алтан медаль – Тато Григалашвили, Гүрж
  • Мөнгөн медаль – Франк Де Вит, Нидерланд
  • Хүрэл медаль – Ивайло Иванов, Болгар
  • Хүрэл медаль – Саки Муки, Израил

-81 кг-ын жинд тааварлаагүй үр дүнтэй олон сайхан барилдаан болсон. Эхлээд дэлхийн чансааг тэргүүлэгч Бельгийн Маттиас Кассе эхний барилдаандаа Шведийн Робин Пашект ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн бол дараа нь О.Ууганбаатар ямар потенциалтай тамирчин гэдгээ дэлхийн нийтэд харуулсан. Тэрбээр эхний тойрогтоо олимпийн аварга Оросын Хасан Халмурзаевыг, дараагийн тойрогтоо дэлхийн аваргын мөнгөн медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Антуан Валойс Фортьег дараалан ялсан ч гуравдугаар тойрогтоо Узбекстаны Шарофиддин Болтабоевд торгуулиар харамсалтай ялагдав. Мөн дэлхийн аварга Монгол улсыг төлөөлөн оролцсон Сайед Моллай Австрийн Шамил Борчашвилид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж