Хүн төрөлхтөн Covid-19 хэмээх цар тахалтай бүтэн жилийн турш тэмцэлдэхэд өнөөг хүртэл энэ өвчний эх үүсвэрийг олж мэдээгүй байна. Дэлхийн өнцөг булан бүрт тархаж, 91 сая хүнийг өвчлүүж, 1.9 сая хүний амийг авч одсон хөнөөлт халдвар анх Хятадын Ухань хотоос бусад улс оронд тархсан гэж итгэсээр байгаа. Гэвч зарим судалгаагаар энэхүү өвчин Ухань хотоос ч өмнө Европын зарим улс оронд тарчихсан байсан нь тогтоогдсон нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Мэдээж анх Ухань хотод Сovid-19 өвчин бүртгэгдсэн, дээр нь Хятадын эрх баригчид халдварт өвчин гарсныг нуун дарагдуулсан нь илүү их эрсдэлийг дагуулсан. Удалгүй зарим улс цар тахлыг улстөржүүлж эхэлсэн. АНУ-ын эрх баригчид ДЭМБ-ыг цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй, Хятад улстай хуйвалдсан хэмээн буруутгаад тус байгууллагад өгдөг санхүүжилтээ царцаасан. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп уг вирусийг Хятад улс Уханийн лабораториос алдсан хэмээн ямар ч баримт нотолгоогүй мэдэгдлийг хийсэн.
Үүний хариуд Хятад улс ДЭМБ-д өгөх хандиваа нэмэгдүүлж, АНУ-аас ч их мөнгийг тус байгууллагад хандивлав. Хятад улс ийнхүү ДЭМБ-д их хэмжээний мөнгө хандивласныхаа дараа Ухань руу очиж шинэ төрлийн Covid-19 халдварыг судлах ДЭМБ-ын багийг нутаг руугаа нэвтрүүлэхгүй “гэдийсээр” байв. ДЭМБ Хятадын эрдэмтэдтэй цахимаар харилцаж, мэдээлэл солилцохоос өөр аргагүй байсан билээ. Түүнчлэн Хятадын худалдааны томоохон түнш Австрали улс цар тахлын эх үүсвэрийг олохын тулд Хятадыг шалгах хэрэгтэй гэх АНУ-ын уриалгыг дэмжсэнийхээ төлөө өнөөдөр хоёр улсын харилцаанд ан цав үүсээд байна.
Хятад улс энэ асуудалд эмзэг хандах нь мэдээж юм. Цар тахал дэгдэж эхлэхэд дэлхий нийтээрээ Хятадыг чичилж, улмаар азиудыг ялгаварлан гадуурхах хандлага газар авсан.
Цар тахлын нөхцөл байдал хүндрэх тусам олон улсын зүгээс шахалт ихсэж, ДЭМБ-ыг өөрсдийн багаа Хятад руу илгээж вирусийн гарал үүслийг судлах ёстой хэмээн уриалсаар байв. Ингээд 2020 оны тавдугаар сард ДЭМБ-ыг Хятадад очиж, вирусийн гарал үүслийн талаар бие даасан шалгалт, судалгаа хийх нь зүйтэй гэж үзэн 100 гаруй улс орон нэгдсэн тогтоол гаргасан байна. ДЭМБ Хятадын эрх баригчидтай удаан хугацааны турш хэлэлцсэний үр дүнд Уханьд очиж судалгаа, хяналт шалгалт хийх тал дээр шинэ оны өмнөхөн зөвшилцсөн байна. Нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг Covid-19 өвчний гарал үүслийг судлахаар энэ сард Хятадыг зорихоор болсон ч Бээжин амласнаа зөрчин ДЭМБ-ын багийг нэвтрүүлсэнгүй. Визний асуудал гарсан учир тэдгээр эрдэмтэд Хятад руу нэвтэрч чадалгүй зарим нь замаасаа буцаж, зарим нь гуравдагч орноор дамжин орохоор хүлээж байв.
Энэ талаар ДЭМБ-ын захирал Тедрос Адханом “Ийм зүйл болсонд Хятадын талд сэтгэл дундуур байна. Би Хятадын хэд хэдэн өндөр албан тушаалтантай холбогдож энэхүү судалгаа нь ДЭМБ болон олон улсын эрдэмтдийн хувьд маш чухал зүйл болохыг тайлбарласан” хэмээн ярьсан юм.
Удалгүй Хятадын тал тайлбар хийж, тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин “Энэ зөвхөн визний асуудал төдий зүйл биш. ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн баг ирэх огноо болон Хятадад ажиллах нарийн төлөвлөгөөг бид хэлэлцэж байна. Тус байгууллагын тэргүүний байр суурь, түүний санаа зовниж байгааг бүрэн ойлгож байгаа ч шинжээчид амжилттай ажиллахын тулд ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн.
Аль нэг улсыг цар тахалд буруутгах гэж бус чухам юу болсон, хаанаас энэ өвчин үүссэн, цаашид хэрхэн ажиллах, эрсдэлийг хэрхэн бууруулах боломжийг олж мэдэхээр Хятадыг зорих гэж байгаагаа ДЭМБ-ийн эрдэмтэд өмнө нь учирлаж байв.
Ийнхүү хэд хоног тодорхойгүй байдалтай байсан асуудал энэ долоо хоногт шийдэгдэж, бараг бүтэн жил яриа хэлэлцээ хийсний үр дүнд Хятад улс сая ДЭМБ-ын багийг нэвтрүүлэхийг зөвшөөрчээ. Эрдэмтдийн баг маргааш /2021.01.14/ Хятадад газардах талаар албаны хүмүүс мэдээлсэн байна. Төлөвлөгөөний дагуу ДЭМБ-ын баг 4-5 долоо хоног Хятад улсад тус улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах юм. ДЭМБ-ын баг энэ удаагийн судалгаагаар Сovid-19 өвчний талаар ойлголтоо нэмэгдүүлэх ч Хятад улсаас хүссэн хэмжээний мэдээллээ олж авна гэдэгтээ итгэлгүй байгаагаа илэрхийлээд, дэлхий нийтэд хэт их найдлага тавих хэрэггүйг сануулжээ.
Эх сурвалж: SCMP, GUARDIAN
Холбоотой мэдээ