"Валютын ханш зөвхөн Монголбанкнаас хамаарахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

"Валютын ханш зөвхөн Монголбанкнаас хамаарахгүй"

"Валютын ханш зөвхөн Монголбанкнаас хамаарахгүй"

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн хэдэн сарын турш тасралтгүй чангарч, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2850 төгрөгтэй тэнцээд байна. Монголчуудын худалдаа үйлчилгээ хийдэг гол хоёр мөнгөн тэмдэгтийн төгрөгтэй харьцах ханш өссөнөөс бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр.  Мөн иргэдийн худалдан авах чадвар муудаж, айл өрхийн амьжиргаа доройтсоор байгааг хэн хүнгүй хэлж байна.

Тэгвэл Монголбанкнаас 2020 оны төгсгөлд “Гадаад валютын албан нөөц /ГВАН/ 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өссөн” талаар мэдээлсэн. Тэгвэл ГВАН нөөц хангалттай түвшинд хүрсэн байхад ам.доллар чангарч байгаа нь Монголбанк зах зээлээс доллар хамж эрэлтийг үүсгэж байгаа талаар яригдах болсон.

ГВАН-ИЙГ ДОТОГШ ИНТЕРВЕНЦ ХИЙХ НЬ ТОМ ЭРСДЭЛТЭЙ

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Н.БАТЖИН:

-Валютын ханш зөвхөн Монголбанкнаас хамаарахгүй бөгөөд гадаад худалдааны тэнцлээс ихээхэн шалтгаална. Валютын ханш ихээр унах юм бол эргээд хүчтэй өсөх эрсдэлтэй байдаг учраас Монголбанкны зүгээс оролцохгүйгээр зах зээлийн зарчмаар нь явуулж байна. ГВАН-ийг дотогш интервенц хийх нь том эрсдэлтэй. Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна. Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт зэрэг багтдаг. Монгол Улсын гадагш экспортлох гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсний үнэ 2021 онд буурахгүй тогтвортой байх хандлагатай байна. Тиймээс ам.долларын ханш тогтвортой байна гэсэн үг. Түүнээс биш ам.долларын ханшийг бууруулахын тулд нөөцөө дотогш интервенц хийж зарах нь хэтэрхий богино хугацааны л асуудал.

Гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад итгэл хүлээлгэх нь багассан энэ цаг үед ам.долларын ханшийг бууруулах гэж үзэх нь өөрөө эрсдэлтэй. ГВАН 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 тэрбум ам.долларт хүрэхэд Монголбанкны үнэт металл худалдан авалт түүхэн дээд хэмжээнд буюу 23 тоннд хүрсэн. Төв банкнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн зэрэг нь голлон нөлөөлсөн. ГВАН нэмэгдэх нь олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой” гэв.

Монголбанкнаас 2021 онд Монгол Улсын эдийн засаг 6-8 хувь өснө гэж тооцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монголбанк зээл гаргалтыг идэвхжүүлэх бодлого барих бөгөөд зээл 11, мөнгөний нийлүүлэлт 18 хувь өснө гэсэн тооцоолол хийжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж