"Шүүхийн хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх улам бүр баталгаажна" | News.MN

"Шүүхийн хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх улам бүр баталгаажна"

Эрх зүйн шинэтгэл-2

"Шүүхийн хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх улам бүр баталгаажна"

"Шүүхийн хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх улам бүр баталгаажна"

Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой ярилцлаа.


УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуулийн төсөл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хууль санаачлагч буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд энэ хуулийн төслийг боловсруулах болсон хэрэгцээ шаардлага нь юу байсан талаар ярилцлагаа эхэлье?

-УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан зарим хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс УИХ-аас 2020 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгасан чухал хуулиудын нэг бол яах аргагүй Шүүхийн тухай хуулийн төсөл байсан. Тиймээс ХЗДХЯ-аас дээрх хэрэгцээ, шаардлагад үндэслэн УИХ-аас 2012 онд баталсан Шүүхийн багц хууль буюу одоо хэрэгжиж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан харилцааг Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хангах, мөн хуулийн хэрэглээ болон хуулийг тогтвортой, хэрэгжилтийг нэг мөр байлгах үүднээс төрөлжүүлэн нэгтгэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл Шүүхийн тухай хуулийн төслийг хоёр парламент дамжин, нухацтай хэлэлцэж байгаа гэж ойлгож болно.

-Тэгэхээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан шүүх эрх мэдэлтэй холбоотой зохицуулалт Шүүхийн тухай хуулийн төсөлд  хэрхэн тусгалаа олсон бэ? Иргэний шударга шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах баталгааг яаж хангаж өгч байгаа вэ?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийг боловсронгуй болгохтой холбоотой гурван чухал зохицуулалт туссан байдаг. Нэгдүгээрт, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой болгон тусгаж өгсөн. Ингэхдээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн ШЕЗ-ийн 10  гишүүний тавыг шүүгчид дотроосоо буюу Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн томилохоор процессийг төсөлд тодорхой тусгасан. Түүнчлэн ШЕЗ-ийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөж, тодорхой болгож өгсөн. Тухайлбал, ШЕЗ-ийн шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, бусад гишүүн нь эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх гэсэн шаардлагыг тусгаж өгсөн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу туссан дараагийн нэг чухал зохицуулалт бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх тухай зохицуулалт юм. Хуулийн төсөлд Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байхаар, эдгээрийн дөрвийг шүүгчид дотроосоо буюу Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах шатны шүүхээс хоёр, Анхан шатны шүүхээс нэг шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилохоор процессийг тодорхой тусгасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүнд тавих шаардлагыг дээр дурдсан ШЕЗ-ийн гишүүдэд тавих шаардлагатай адил байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах процесс саяхан болж өнгөрсөн Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүдийг сонгон шалгаруулах процесстой адил явагдана гэж ойлгож болно. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүнийн бүрэн эрх, хориглох зүйл, хүлээх хариуцлагыг төсөлд маш тодорхой тусгаж өгсөн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан гурав дахь чухал зохицуулалт бол шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалт юм. Үүнийг хуулийн төсөлд тусгахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргын зарчмаар байгуулж болохоор тусгалаа. Ингэхдээ иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байхыг харгалзан үзэх ёстой гэдэг байдлаар төсөлд тусгаад байгаа юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн дээрх гурван зохицуулалтыг Шүүхийн тухай хуулийн төсөлд тодорхой болгон тусгаснаар мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай шүүх эрх мэдлийн тогтолцоог төгөлдөршүүлж, энэ нь иргэдийн шударга шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулна гэж үзэж болно.

-Шүүхийн үйл ажиллагаа гэхээр л хаалттай, ил тод, нээлттэй байж чаддаггүй гэж шүүмжилдэг. Энэ талын зохицуулалтууд хэр туссан бэ?

-Маш чухал асуулт байна. Хуулийн төсөлд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгохтой холбоотой шинэлэг зохицуулалтууд нэлээд туссан. Тухайлбал, хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулж болох юм. Мөн шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарладаг болно. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлдэг байх, шүүхийн шийдвэр бичих аргачлалд тавих шаардлага зэргийг хуулийн төсөлд тусгаж өгснөөрөө шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байхад дэвшилттэй чухал алхам болсон гэж ойлгож болно.

-Олон нийтийн шүүмжлэл дагуулдаг асуудлуудын нэг бол шүүгчдийн мэдлэг чадвар сул байгаа талаарх шүүмжлэл байдаг. Ялангуяа анхан шатны шүүхийн шүүгчид ийм шүүмжлэлд нэлээл өртдөг тал бий.

-Хэдийгээр шүүгчээр хуульд заасан шалгуур, шаардлагыг хангасан хүнийг томилдог чшинээр томилогдож байгаа шүүгчийг мэргэшүүлэх асуудалд анхаарах нь зүйтэй гэж үзэн анханшатны шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгчийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд мэргэшүүлэн дадлагажуулах зорилгоор гурван сар хүртэл хугацаагаар мэргэшүүлэх сургалтад заавал хамруулахаар, харин давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгчийг өөрийнх нь хүсэлтээр мэргэшүүлэх сургалтад хамруулахаар хуулийн төсөлд тусгасан.

-Хуулийн төсөлд бүх шатны шүүгчдээс бүрдсэн Нийт шүүгчдийн хуралдааны талаар тодорхой мэдээлэл өгөөч. Энэхүү хуралдааныг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Шүүгчдийн зөвлөл, УИХ-аар хэлэлцэж байгаа төсөлд Нийт шүүгчийн чуулган гэж нэрлэхээр санал гарсан гэх зэргээр нэр томьёоны хувьд бас янз бүрээр нэрлээд байх шиг байсан?

-Ер нь Монгол Улсын бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн, дөрвөн жил тутам зохион байгуулагдах, шаардлагатай тохиолдолд ээлжит бусаар хуралдаж байх хуралдаан л даа. Нэршлийн хувьд оновчтой болгох үүднээс тухайлбал, хуралдаан гэдгийг шүүн таслах ажиллагаанд “шүүх хуралдаан” гэсэн ойлголтоор илэрхийлдэг, түүнчлэн төсөлд Улсын Дээд шүүхийн /УДШ/ нийт шүүгчдийн хуралдаан, мөн шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн зэргээр нэр томьёоны хувьд давхардуулахгүй байх, оновчтой нэрлэхийн тулд УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд Нийт шүүгчийн чуулган хэмээн нэрлэх нь зүйтэй гэж үзсэн байгаа. Энэхүү чуулганаараа шүүгчид маань ярилцлагын эхэнд дурдсан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хуул тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хэлэлцэж УДШ-д уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмаа батлах, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох зэрэг шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж байх юм. Түүнчлэн мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед нийт шүүгч нар маань 21 аймаг, 330 гаруй сумаас ч шүүгчдийн чуулгандаа цахимаар оролцох эрх зүйн орчныг нь бий болгосон байгаа.

-Таны дээр дурдсанчлан нийт шүүгчийн чуулгантай холбогдуулан миний анхаарал татсан асуух зүйл байна. Юу гэхээр шүүгч нарын Хуульчдын холбооны гишүүнчлэлийн асуудал буюу уг холбооноос гарах уу гэдэг нь сонирхол татаж байна?

-Хуульчдын холбоо буюу хуульчдын дунд олон жил яригдаж байгаа асуудлыг та хөндлөө. Шүүхийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төслөөс таны асуултын хариуг харж болно. Өөрөөр хэлбэл уг төсөлд хуульч нь шүүгчээр томилогдсоноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж болох агуулга бүхий зохицуулалтыг тусгасан бөгөөд үүгээрээ тухайн шүүгчид өөрт нь энэхүү холбооны гишүүнчлэлд байх эсэхээ шийдэх сонголтыг олгож байгаа хэрэг л дээ.

-Улсын дээд шүүхийн шүүгчдийн тооны асуудал дээр нэлээд маргаан үүсч байсан.  Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Ажлын хэсэг, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр олон талаас нь нэлээд нухацтай яригдсан асуудлуудын нэг. УДШ-ийн шүүгчдийн тоог Ерөнхий шүүгч, 24-өөс доошгүй шүүгчээс бүрдэх, эсхүл Ерөнхий шүүгч, 24-өөс дээшгүй шүүгчээс бүрдэх зэргээр УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд яригдаж, уг тоог хатуу заах нь оновчтой гэж үзэн Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, 24 шүүгчээс бүрдэнэ гэсэн санал дэмжигдсэн. Ингэснээр Улсын дээд шүүх мэргэшсэн, дагнасан байдлаар гурван танхимаараа ажиллах нөхцөл улам бүр баталгаажих юм.

-Хуулийн төсөлд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн шинээр байгуулахаар тусгасан байсан. Энэ байгууллага нь ямар статус, ямар чиг үүрэгтэй байх вэ?

-Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нь УДШ-ийн дэргэд ажиллах юм. Уг хүрээлэн нь шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг сургалт, судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал бэлтгэх, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ мөн шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхгүйгээр, шийдвэрлэсэн хэргийн кэйс дээр үндэслэсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах орон тооны бус хороотой байх юм. Тус хүрээлэнд судлаач шүүгчээр ажиллах боломжийг нээн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг судлаачаар ажиллах боломжийг олгосон зохицуулалтыг бий болгосон төдийгүй энэ хугацаанд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, мөн шүүгчээр ажилласанд тооцохоор тусгасан.

Шүүгчид хариуцлага тооцохтой холбоотой ямар зохицуулалтууд тусгасан бэ. Учир нь нийгэмд шүүгч нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүйн алдаануудтай холбоотой шүүмжлэлүүд үеийн үед яригдсаар ирсэн шүү дээ.

-Шүүхийн тухай хуулийн төслийн амин сүнс гэж хэлж болохоор зохицуулалтын нэг бол таны асуусан шүүгчийн сахилгын зөрчилд хариуцлага хүлээлгэх, ингэснээр шүүгч өндөр ёс зүйтэй байх асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуулийн төсөлд дэлгэрэнгүй тодорхой тусгаж өгч байгаагаараа онцлогтой. Энэ нь ч өөрөө Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4-т заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцэж байгаа. Нөгөөтэйгүүр хориглох, хязгаарлах зохицуулалтыг тодорхой тусгаж өгснөөрөө шүүгчээ хамгаалах агуулга гэж бас ойлгох хэрэгтэй. Түүнчлэн сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлж, үүнтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан. Тухайлбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоё жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулж өгөөд байна. Мөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоохоор тусгасан.

-Та шүүгчийн мэдлэг ур чадвар болон ёс зүй өндөртэй байх, хариуцлагатай байх талаар төсөлд тусгасан зохицуулалтын талаар ярилаа. Тэгвэл шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн сайжруулах юм?

-Бид өнөөдөр шүүгч мэргэшсэн, хараат бус, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх талаар их ярьдаг. Үүнтэй холбоотой олон ч зохицуулалт хуулийн төсөлд тусгалаа олсон талаар би дээр ярьлаа. Ер нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал үүний дотор ялангуяа эдийн засгийн баталгааг давхар сайжруулж байж баланс барих учиртай. Өнөөдөр шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв сүүлийн долоон жилд зогсонги байдалтай байгаа талаар сонссон байх. Мөн шүүгчид өнөөдөр УИХ-аас тогтоосны дагуу 2.7-3.3 сая төгрөгний цалин авдаг. Үүн дээр хуульд заасан шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн хоёр хувийн нэмэгдэл авдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар шүүгч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай албан хаагчийн авдаг төрийн алба хаасан хугацааны, ажилласан хугацааны, зэрэг дэвийн, албан ажлын онцгой нөхцөлийн, докторын гэх мэт бусад нэмэгдлүүдийг авдаггүй. Тиймээс төсөлд Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн эдгээр нэмэгдлүүдийг шүүгчид олгож байхаар тусгасан. Мөн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж гаргахыг хориглосон, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахгүй байх зохицуулалтыг ч оруулсан. Түүнчлэн шүүхийн төсвийг боловсруулж батлуулахад баримтлах зарчмыг тодорхой  болгон хуулийн төсөлд тусгалаа. Тухайлбал, УДШ өөрийн, ШЕЗ бусад шүүхийн төсвийг төлөвлөн УИХ-ын ХЗБХ-нд хянуулж, ХБЗХ-оор хянагдсан төсвийг улсын төсөвт нэгтгүүлэхээр Сангийн яаманд хүргүүлэх, Сангийн яам уг төсвийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, холбогдох дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлж, УИХ шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд ингэснээрээ Сангийн яам шүүхийн төсвийг дур мэдэн танахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байгаа гэж ойлгож болно.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг зохицуулалт одоо ч маргаан дагуулсаар байгаа. Энэ талаарх хуулийн зохицуулалт хэвээр байгаа юү?

-Үгүй. Хуулийн төсөлд Үндэсний аюулгүй зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг шүүгчийн хараат бус байх зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсан зохицуулалт гэж үзсэн учраас хассан. Түүнчлэн уг асуудалтай холбогдуулан олон улсын байгууллагуудаас зөвлөмж ирсээр байгааг дурдах нь зөв байх. Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгч санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төслөө татсан хэдий ч зарчмын хувьд дийлэнх агуулга Засгийн газрын өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй хуулийн төсөлд тусгалаа олсон гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Ер нь хууль санаачлагч хэн байхаас үл хамааран шүүх эрх мэдлийн эрх зүйн орчинг сайжруулж, ингэснээрээ иргэний шударга шүүхээр эрхээ хамгаалуулах баталгааг улам бүр хангах нэг л зорилгын төлөө гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

-Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгч хөндлөнгийн нөлөөнд автсан, автаж болзошгүй гэсэн хардлага байдаг. Хуулийн төсөлд энэ талаар зохицуулсан зохицуулалт байгаа юу?

-Байлгүй яахав.Бид шүүгчийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж байж тэр хэрээр түүний хараат бус шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хуулийн төсөлд энэ талаар дэвшилттэй томоохон алхам бүхий зохицуулалт орсон. Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байх, түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УДШ-ийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ нэн даруй хуралдаж ҮХЦ-д хүсэлт гаргуулах саналыг УДШ-ээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгаад байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

. 2021-01-12 150.129.142.126

Яагаад 30 жил гэвэл, өнгөрсөн зууны наяад оноос л миний мэдэхийн шүүгчдийн танил талын бүлэглэл үүссэн юм. Нийслэл, районуудад дамжаад л ажилладаг бүлэг шүүгчид байсан. Тэдний нэлээд нь гавъяат болж, тэтгэвэртээ гарсан.Тэдний залгамжлагчид 60 дөхсөн насныхан, тэдний залгамжлагчид 40 гаруй насныхан ажиллаж байна.ШЕЗ, СХ шүүгчдээс тал нь бүрдэх нь.Төмөр замыг вант улс гэдэг шиг манай шүүх тэрүүхэндээ вант улс.Тиймээс шүүгчийг оюутан байхаас нь бэлтгэж, бүрэн цус сэлбэхээс өөр гарц байхгүй.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Шүүхийн шинэчлэлд наанадаж 30 жил хэрэгтэй бололтой 2021-01-12 150.129.142.126

Шүүхийн хуулийн үг үсэг, найруулга дээр нь анхаармаар санагдлаа.Шүүхийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих магадлал өндөр, "Иргэн" ҮХЦ-д хандах магадлал 100 хувь. УИХ-ын дарга УДШ-д ҮХЦ-д хүнээ нэр дэвшүүлээч гэж 5 удаа бичиг явуулаад таг гэнэ. Шүүхийн тухай хуулийг ҮХЦ дээр нухуулаад дараа нь 2 хүнийхээ нэрийг УДШ дэвшүүлэх юм байна гэсэн онош онох байхдаа. .Зориг гэдэг хүнийг солиод нэмэр алга. Юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Шүүхийн шинэчлэлд наанадаж30 жил хэрэгтэй бололтой.

Avatar

Зочин 2021-01-12 202.21.113.238

Жинхэнэ пялдага. Ган-Эрдэнээ аваад зайлсан чинь үнэхээр зөв шийдвэр байлаа

Avatar

Хуульч 2021-01-12 192.82.64.220

Энэ байгууллагын үйл ажиллагааг хэн ч хянахгүй, шийдвэрийг Дээд шүүх ч хянахгүй юм байна. Хуулиас дээгүүр байгууллага гарч ирлээ, 37 оны Онцгой бүрэн эрхт комисс гэдэг шиг. Их хурлын гишүүд томилсон сахилгын хорооны гишүүд нь шүүхийн хууль хэрэглээрүү орж, шийдвэрийг хянадаг байгууллага болж байна. Энэ гишүүд дуртай шүүгчээ огцруулаад, шүүхийн шийдвэр, ажиллагаанд оролцох нь. Олон улсад шүүгчийн хууль хэрэглээтэй холбоотой алдааг давах, хяналт нь залруулдаг энэ нь хариуцлага тооцох үндэслэл биш

Avatar

Зочин 2021-01-12 66.181.178.112

Шүүх шударга болохгүй. Бүтэн шинэчлэлт их гарз хийж байж шүүх шинэчлэгдэж шударга болох эсэх нь харагдана. Нямдорж гэж хөгшин хэрээ арилж байж хонгилд гэрэл улалзана

Avatar

Хуульч 2021-01-12 192.82.64.220

Их хурал засгийн газрын гишүүнийг томилохоор гишүүн нөлөөлөөлд байна, алдаа завхарлын үндэс болоод байна гэсэн одоо Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийн томилохоор улс төрчдөөс хараат бус шударга болох уу. Эрх мэдэл хуваарилах онолд Их хурлаас хол байлга гэдэг яасан манайд эсрэгээрэй томилгоог нь хийх юм. Шүүхийн шударга болгож байна гээд Сахилгын хороо гэж шүүхийн дээр гараад суух байгууллага байж байна. Тэр нь хуулийн илэрхий заалтыг зөрчсөн гээд шүүхээсээ илүү дүгнэлт хийх нь.

Avatar

ЗОЧИН 2021-01-12 202.21.126.30

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ОРОЙЛООД ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨЛЖ ЯДАЖ БАЙГАА НЬ ШУДАРГА ШҮҮХТЭЙ БАЙХААС АЙЖ БАЙГАА ЖИНХЭНЭ ХӨГИЙН ГАРУУД ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ХУУЛЬ АЖЛЫН ХЭСГИЙН БОЛОВСРУУЛЖ, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООГООР ДЭМЖИГДСЭНЭЭР БАТЛАГДВАЛ 3 ЖИЛИЙ ДАРАА АРД ТҮМЭН ЖИНХЭНЭ АЧ ХОЛБОГДЛЫГ НЬ ХАРНА.БИД УРАГШЛАЯ Л ГЭЖ БАЙГАА БОЛ ШҮҮХЭЭ ХАРААТ БУС,ШУДАРГА, ЧАДВАРЛАГ БОЛГОХ ЁСТОЙ ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж