Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл өнөөдөр /2020.01.12/ цахимаар хуралдлаа. Хурлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг сонслоо.
Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 28 километрийн зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.
Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн. Улаанбаатарт гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс танилцууллаа.
Үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн цаг үеийн зарим мэдээллийг танилцууллаа. Газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл аймгийн бүх сумдад мэдрэгдсэн гэлээ.
Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор Мөрөн сумын 14 багийн 42 нийтийн орон сууцны барилга байгууламжид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 8, Онцгой байдлын газраас 18 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газраас 12 албан хаагч газар дээр нь үзлэг хяналт тавьж ажиллаж байгааг хэллээ.
Газар хөдлөлтийг урьдчилж мэдээлсэнгүй гэж иргэд шүүмжилсэн. Үүнд мэргэжлийн хүмүүс газар хөдлөлт бол шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл гэдгийг тайлбарлалаа.
Шадар сайдын зүгээс газар хөдлөлтийн хариу рага хэмжээний төлөвлөгөөний арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Хөвсгөл аймаг, орон нутагт мэргэжлийн байгуулагууд бодит үнэлгээ, магадланг яаравчлан хийх, газар хөдлөлтийн талаар бодит, зөв мэдээллийг иргэдэд хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.
Эх сурвалж: zasag.mn