Вакцин бүтээгч Moderna компани өчигдөр/2021.1.11/ J.P.Morgan эрүүл мэндийн бага хурал дээр Covid-19 өвчний эсрэг вакцин хамгийн багадаа нэг жилийн турш дархлаа тогтоох чадвартайг мэдэгджээ. Мөн тус вакциныг бүтээхэд ашигласан шинэлэг мРНХ технологи нь хэд хэдэн оронд тархаад буй шинэ хувилбарын коронавирусийн эсрэг үр дүнтэйг вакцин бүтээгчид онцолжээ.
Moderna компанийн бүтээсэн мРНХ-1273 вакцин нь хүний биед нэвтэрмэгцээ SARS-CoV2 вирусийн генийн мэдээллийг ашиглан хүний дархлааны системд коронавирусийг хэрхэн олж, устгахыг сургах зарчмаар ажилладаг аж.
Мөн компанийн зүгээс вакцин нь сүүлийн үед шинээр үүсч байгаа хувилбаруудын эсрэг хэр зэрэг үр дүнтэй болохыг эрчимтэй судалж эхэлсэн байна.
Бага хурал дээр дурдсанчлан Moderna компани АНУ-ын засгийн газартай байгуулсан 11.7 тэрбум ам.долларын гэрээнийхээ дагуу 2021 онд 600 саяас нэг тэрбум тун вакциныг үйлдвэрлэн нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ