АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийслэл Вашингтон хотод онц байдал тогтоох шийдвэрийг өнөөдөр /2021.01.12/ гаргажээ. Энэ сарын 20-нд болох Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэрт хүрсэн байна.
Вашингтоны эрх баригчид Трампаас онц байдал зарлаж, аюулгүй байдлыг хангахыг хүссэн бөгөөд Дональд Трамп мужийн эрх баригчдын хүсэлтийг ийнхүү ёсоор болгожээ.
Энэ долоо хоногоос эхлэн АНУ-ын бүх 50 муж улс болон Вашингтоны Капитолын ордон буюу Конгрессийн ордны ойролцоо зэвсэгт жагсаал хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл гарч эхэлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Капитолын ордонд болсон Жо Байдены ялалтыг баталгаажуулах Конгрессийн хуралдааны үеэр Трампын дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэн тус ордныг эзэлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Үүссэн нөхцөл байдлын улмаас таван хүн амиа алдсан бөгөөд сөрөг хүчнийхэн Дональд Трампыг энэхүү үймээнийг өдөөсөн гэж буруутгаж, түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах үйл ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ