Намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оров

Хуучирсан мэдээ: 2021.01.12-нд нийтлэгдсэн

Намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оров

Намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оров

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль таван сарын дараа болно. Цар тахалтай, халдварын тоо нэмэгдэж байгаа ч улс төрийн намууд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оржээ. Өнгөрөгч Бямба гаригт /2021.01.10/ МАН-ын Бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргав.

МАН ИХ ХУРЛАА ТОВЛОЖ, ДҮРЭМДЭЭ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, 369 гишүүн нь онлайнаар оролцов. Бага хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавьжээ. Тэрбээр улс оронд өрнөөд байгаа үйл явдал, намын дотоод зохион байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажил, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчээ тодруулах зэрэг асуудлыг илтгэлдээ дурдсан байна. Ингээд Бага хурлаар намын Их хурлыг гуравдугаар сарын 1,2-ны өдөр хуралдуулахаар болов.  Намын дүрмийн дагуу Бага хурлаар Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг тогтооно гэж намын Үндсэн дүрэмд заасан байдаг. Энэ дагуу Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар болжээ.

Улс төрийн намын тухай хуулиар намууд Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулахдаа Их хурлаар буюу намын гишүүдийн олонхын саналаа өөрчилдөг зохицуулалттай. Тиймээс МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Их хурлаараа Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах аж. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан өөрчлөлт хэмээн намын гишүүд нь үзэж байна. Энэ удаад тэд Их хурлаа гуравдугаар сарын 1,2-нд товлосон нь учиртай. Өнгөрсөн 100 жилийн түүхэнд МАН ард иргэдээсээ уучлал гуйж байгаагүй бөгөөд 100 жилийн ой хэмээн Их хурлын үеэр ард түмнээсээ уучлал гуйна гэх асуудал ч хөндөгджээ. Мөн энэ удаагийн Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудал яригдаагүй ч намын дарга У.Хүрэлсүх нь намд нэр дэвших боломжтой, эрх нь нээгдсэн хэд хэдэн хүн байгааг ч онцолжээ.

АН-ЫН ҮБХ-ООР Ц.ТУВААНД ХАРИУЦЛАГА ТООЦОВ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо мөн Бямба гаригт цахимаар хуралдав. Хуралдаанд Үндэсний бодлогын хорооны 200 гаруй  гишүүн оролцож, намын Үндсэн дүрэмд, цахим хуралдааны дэгийг оруулж баталсан байна. Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын үед олон хүн нэг дор цугларахгүй, хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хүн хоорондын зай барих ёстой учраас ийн цахимаар хуралдаж, цаашид цахимаар хуралдах дэг гэсэн шинэ зохицуулалтыг намын дүрэмдээ оруулж өгчээ. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хуралдаанаар хэлэлцсэн хамгийн чухал асуудал бол Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч  Ц.Тувааныг чөлөөлсөн явдал. Угтаа бол 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа намын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж, намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон. Гэвч Ц.Туваан “урваж”, өнгөрсөн хугацаанд намынхаа Үндэсний бодлогын хороо, Их хурлыг хийсэн ч дүрмийн бус хурал болсон гэж намын зарим гишүүд нь үзсэн. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Ардчилсан намын албан ёсны дарга С.Эрдэнэ, намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлж, өөрөө намын удирдлагаа авч, өнгөрсөн амралтын өдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулсан нь энэ.

Одоо Ардчилсан намд юу болох, С.Эрдэнэ, Ц.Туваан нар аль аль нь өөрсдийгөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэж, асуудалд хандах, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам хэрхэх вэ гэдэг асуудал үүснэ. Ердөө таван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам оролцох болоход дотооддоо ойлголцолд хүрч чадсан байх уу гээд олон асуудал өрнөх болж байна.

Дэлхий нийтээр цар тахлын давалгаа намжаагүй, халдварын тоо нэмэгдэж байгаа Монгол Улс дотооддоо халдварын тархалтыг бууруулах, 2021 оны эхний улиралд багтааж, ард иргэдээ вакцинжуулах гээд олон ажил хүлээгдэж байна. Цаашид цар тахал, халдварын нөхцөл байдал ямар байх вэ гэдгээс олон зүйлийн хувь заяа шийдэгдэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа ч шийдэгдэж болзошгүй байгаа. Таван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд намууд аль эртнээс бэлтгэлээ хангаж эхэлсэн ч одооноос эхлэн намын Их хурлуудаа товлож, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө тодруулах нам доторх марафон эхэллээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж