Шууд:Газар хөдлөлтийн талаар хамтарсан мэдээлэл хийж байна
Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Monday, January 11, 2021
НЭМЭЛТ:
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр хэд, хэдэн удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон, энэхүү газар хөдлөлт Улаанбаатар хот болон Булган, Сэлэнгэ, Төв, Завхан аймагт мэдрэгдсэн тул Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэн, Барилга хот байгуулалтын яам хамтран мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл:
2021 оны нэгдүгээр сарын 12-нд өглөө 05.32 цаг, 58 секундэд Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч давтан хөдлөлт болсоор байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон. Үндсэн хөдлөлт нь 6.5 бөгөөд давтан хөдлөлтийн магнитудын хүч нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь дөрөв хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна. Тухайн бүсэд ийм хүчтэй газар хөдлөлт 1991 онд Бүсийн гол орчимд 6.7 магнитуд хүрч байсан. Бид багажаар судалгаа хийснээс хойш тухайн бүс нутагт 6.5 магнитуд хүрсэн газар хөдлөлт анх удаа бүртгэгдэж байна. Газар хөдлөлтөд хамгийн ойр суурин газар бол Ханх сум. Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Зайнаас хамаарч чичирхийллийн хүч замхарна. Улаанбаатар хот нь тухайн цэгээс 610 километрын зайд оршдог. Хүрэл тогоотын одон оргил дахь станцад бүртгэгдсэнээр Улаанбаатарын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн. Хотын сав газар, барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна. Иргэдээс хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарсан. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа мэдэгдсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх тухайг бид цаашид боловсруулж, цаг тухайд өгөх талаар ажиллана" гэв.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж богино хугацаанд таамаглах асуудал дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг. Болсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах асуудал олон улсад хэрэглэгдэж байгаа. Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийг байгуулсан. Үндсэндээ Улаанбаатар хотын эргэн тойронд оршдог гурван голомт болон Дундговь аймгийн Дэрэнгийн хагарал, Булган аймгийн Могод сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Сэлэнгэ аймгийн Бүтээлийн нурууны голомтоос хэрвээ Улаанбаатар хотод аюул учирч болох хэмжээнд газар хөдөлбөл систем автоматаар ажиллаж, анхааруулах дуут дохио өгөх юм. Бид энэ дуут дохиоллын системийг газар хөдлөлтийн аюулын эрсдлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. Өнөөдрийн хүчтэй газар хөдлөлтийн тохиолдолд яагаад энэ систем дуугараагүй вэ гэхээр дуугарах түвшинд хүрээгүй. Дуут дохиоллын улаан, ногоон, шар түвшин байдаг бөгөөд Улаанбаатар хотын байшин барилга нурах түвшинд улаан гэрэл автоматаар ажилладаг. Бид олон улсын эрдэмтэдтэй хамтран газар хөдлөлтийг урьдчилан таамаглах чиглэлээр ажиллаж байгаа” гэлээ.
“Хөвсгөл аймагт 7 орон сууцны барилгад жижиг цууралт, цонх хаалганы орчим хагарсан”
Хэвлэлийн бага хуралд оролцсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан дараах мэдээллийг хийв.
Монгол Улсын хэмжээнд 130 мянга орчим барилга ашиглаж байна. Жилд 1000-1500 барилга шинээр ашиглалтад ордог. Дээрх барилгууд дунд 1970 оноос өмнө буюу газар хөдлөлтийн стандарт гараагүй байхад барьсан нь ч бий. Ийм барилга Улаанбаатар хотод 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь байна. Газар хөдлөлтийн тэсвэржилт муу, шаардлага хангахгүй барилга орон нутагт 16.6 хувь, Улаанбаатарт 2.1 хувь байгаа. Жил жилээр нь энэ шалгалтыг хийдэг. Ирэх жил үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг барилгуудад хийнэ. Жил бүр мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, газар хөдлөлтийн тэсвэржилт, ашиглалтын төлөв байдлуудыг холбогдох яамдууд руу явуулдаг. Өнгөрсөн 2006-2020 онд Улаанбаатар хотод 3820 барилга газар хөдлөлтийн тэсвэргүй гэдэг дүгнэлт гарсан. Эдгээр барилгыг буулгах, хүчитгэх, дахин төлөвлөлтөд оруулах дүгнэлтүүдийг гаргаж, хотыг Засаг даргад хүргүүлсэн.
Хөвсгөл аймаг болон зэргэлдээх аймгуудад холбогдох мэргэжлийн байгууллагынхан холбогдож, ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Ханх суманд цэцэрлэг, сургууль болон захиргааны байрны хананд цууралт өгсөн. Аймгийн төвд байрлах долоон орон сууцны барилгад жижиг цууралт, цонх хаалганы орчим хагарал үүссэн. Бусад аймаг болон Улаанбаатар хотод ажлын хэсэг гараад ажиллаж байна. Орон нутгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас хамтарсан баг гарч, Ханх суманд ажиллаж байна. Одоогоор нарийвчилсан тоон мэдээлэл хараахан гараагүй байна. Өнөөдрийн хүчтэй газар хөдлөлтийн үеэр хүнгэнэсэн дуу чимээ гарсан ч том газрын хагарал үүсээгүй.
Ханх суманд дахин газар хөдөлж, ажиллах боломжгүй болов
НЭМЭЛТ:
Хөвсгөл аймгийн Ханх суманд 20 минутын өмнө дахин хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын дарга З.Баасансүрэн "Ханх суманд өнөөдөр 05.30 цагт хүчтэй газар хөдлөлт болж, бүх айл өрхөд мэдэгдсэн. Сумын тамгын газар, цэцэрлэг, сургуулийн барилгын хананд цууралт үүссэн. Өглөөнөөс хойш таван магнитудаас дээш найман удаагийн давтамжтай хүчтэй чичирхийлэл мэдрэгдлээ. Сумын Онцгой комиссоос ард иргэдэд аюулгүй байдлаа хангах талаас нь зөвлөмж өгч, албан хаагчдаа тараагаад байна.
Сумын Засаг даргын Тамгын газар энэ жил хоёр давхар шинэ байранд орсон байсан. Саяхан 20 минутын өмнө маш хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэж, алба хаагчид байрандаа ажиллах боломжгүй боллоо. Одоогийн байдлаар хоёр давхар сургууль, цэцэрлэгийн барилга, захиргааны байр гээд гурван объектын хана цуурсан. Тиймээс сумын удирдлагууд Шуурхай штабынханыг нэг давхар байр руу нүүлгэн шилжүүллээ. Сумын иргэд айдастай байна. Ханх сумын зүгээс тодорхой давтамжтайгаар газар хөдлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд өгч байгаа. Гэхдээ иргэдийн сэтгэл санааг үймүүлэхгүй байх тал дээр сумын Шуурхай штаб ажиллаж байна. Яг одоо хүчтэй газар хөдлөлтийн улмаас эд материалын хохирол тооцох ажлыг эхлүүлээд байна” гэлээ.
НЭМЭЛТ:
“Ханх суманд сургуулийн барилгад ан цав гарсан гэх дуудлага ирсэн”
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах газар хөдлөлтийн станцын эрхлэгч П.Даваадалай газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөвсгөл аймагт өглөө 05.32 цагт 51:21:136 кординат дээр эхний газар хөдлөлт боллоо. Тэрнээс хойш таван удаагийн давтамжтай 5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн. Ханх сумын иргэд айж эмээсэн байдалтай байна. Тус суманд чулуун барилга, сүүлд баригдсан сургуулийн барилгад ан цав гарсан дуудлага, мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, Шуурхай штабынхан үзлэг хийж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл аймагтай залгаа байрлах Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Улаанбаатар хот гээд олон газруудад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдээд байгаа” гэлээ.
“Өнөөдөр өглөөний ийм хүчтэй газар хөдлөлт 1991 онд л болж байсан”
Хөвсгөл аймгийн Ханх сумаас 35 км газарт өнөө өглөө /2021.01.12/ 05.32 цагт 6.5 магнитудын газар хөдөлжээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдээд байна.
Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ч.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “Хөвсгөл аймгийн Ханх сумаас 35 км газарт өглөө 05.32 цагт 6.5 магнитудын газар хөдөллөө. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын олон газар мэдрэгдээд байна. Улаанбаатарт ойролцоогоор 3 балл газар хөдөллөө. Мөн Хөвсгөлтэй залгаа аймгуудад чичиргээ мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд гэхэд 4-5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн байгаа. Хөвсгөл аймагт одоогийн байдлаар 40 удаа хүчтэй газар хөдлөлт болоод байна. Өмнө нь ийм хүчтэй 6.5 магнитудын газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол орчимд болж байсан. Энэ удаагийн газар хөдлөлт голомтдоо 9 баллаар мэдрэгдэх ёстой. Хэрэв тэр хэсэгт барилга байшин барьсан бол нурах аюултай” гэв.
Олон улсын газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр ОХУ-Монгол Улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад М6.8-ийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Холбоотой мэдээ