Хөл хорио суларснаар нийслэлийнхэн өчигдрөөс /2021.01.11/ хөл хөдөлгөөнд орж эхэллээ. Хорио нь тавигдсан аж ахуй нэгж, албан байгууллагууд үүдээ нээж, ажилчид цугларч, автомашины зорчих хөдөлгөөн ч нэмэгдэв.
Албан байгууллагуудын ажил эхэлсэн тул төр, хувийн хэвшлийнхэн ажилчиддаа шинжилгээ өгөхийг шаардах болсноор PCR шинжилгээ авах цэгүүдийн ачаалал ч эрс нэмэгджээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн гадаах талбайд өчигдөр /2021.01.11/10:00 цагийн орчимд шинжилгээ өгөх иргэдийн урт дараалал үүссэн байв. Иргэд 1.5 метрийн зай барьж зогсох ёстой боловч зарим нь тэврэлдэх шахам зогсоно.
Тэсгим хүйтнээр олон цаг дугаарласандаа залхав уу, эсвэл урт дарааллын ард зогсох амаргүй санагдсан уу, оочер дайрах нэгэнд бусад нь шаардлага тавьснаар хэрүүл шуугиан үүссэнгүй, намжив.
Шинжилгээ өгөх иргэд хамгийн багадаа 1-4 цаг дугаарласнаас, эрүүл хүн ч өвчлөхөөр даарч байгааг шүүмжилсэн.
Мөн шинжилгээ авах эмч нарын тоог нэмэгдүүлэх, 12:00-01:00 цагийн үед эмч нар ээлжилж цайгаа уух, дугаарлаж буй иргэдэд тодорхой мэдээлэл өгч, түргэн шуурхай үйлчлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байв.
ИРГЭД: ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨӨСӨӨ ӨМНӨ ДААРЧ ӨВДӨХ БОЛОЛТОЙ
Иргэн Г.ЦЭНД-АЮУШ:
-Өглөөний 09:00 цагаас хойш зогсч байна. Бид сургуулийн хаалганы гадаах хашаанаас эхлэн дугаарласаар 2 цаг зогссоны эцэст л шинжилгээ авах байрны үүд рүү дөхөж байна. Дахиад нэг цаг гадаа зогсох бололтой. Хэдийгээр урт дараалалтай байгаа ч ядаж эмч нар нь шинжилгээгээ хурдан авч, цагдаа нар зохицуулах хэрэгтэй байна. Маш удаан хугацаагаар гадаа осгох нь холгүй зогсож байхад эмч нар нь цайндаа орсон гээд үйлчилгээ үзүүлэхгүй цаг алдах юм. Хүйтэнд даарч байгаа хүмүүсээ бодох хэрэгтэй. Энэ байдлаараа гадаа удаан зогсвол ханиад хүрэх шинжтэй. Шинжилгээ өгсөн хүмүүс ердөө ганц эмч шинжилгээ авч байна гэх юм. Ажлаас PCR шинжилгээний бичиг шаардаж байгаа болохоор гүрийхээс өөр арга алга. Шинжилгээ авах ажил зохион байгуулалтгүй, маш муу байна.
Иргэн Л.НАРАНГАРАВ:
-Би төмөр замд ажилладаг. Ажлынхаа чөлөөгөөр шинжилгээ өгөхөөр ирээд 2 цаг болж байна. Ажлаа ч алдаж байна. Бас даарсандаа өвдөж ч мэдэх нь. Маск цантаж, ууршаад хөлдөж байна. Гэтэл ийм ууршсан масктай гадаа дахиад хэчнээн цаг зогсох вэ. Өвдөхгүй байх баталгаагүй. Covid-19 биш гэхэд ханиад хүрч, бөөр өвдөхөөр байна. Цагдаа ч байхгүй, ямар ч зохион байгуулалт алга. Ажилтай хүмүүсийг ажлын байран дээр нь эсвэл ажилтай нь ойрхон шинжилгээнд хамруулах хэрэгтэй.
Иргэн А.ДАВААЖАВ:
-Дөрөв дэх удаагаа PCR өгөхөөр дугаарлаж байна. Өглөө шинжилгээ өгөхөөр ирэхэд 100 гаруй хүн байсан. Гурван цаг гадаа зогссон ч шинжилгээгээ өгч чадаагүй л байна. Олон цаг гадаа зогсоно гэдэг тэсэхэд бэрх байна. Даарсандаа ханиад хүрч, өвдвөл шинжилгээ өгснөөсөө л дор юм болно. Дэг журам, зохион байгуулалт алга, хүмүүс ч зай барихгүй байна. Муугаар бодоход даарснаасаа болоод өвдөж, шинжилгээний хариу эерэг гарч, цаашлаад Сovid тусвал яах вэ. Миний хувьд, Багахангай дүүрэгт амьдардаг, манаачаар ажилладаг. Олон цаг хүлээж шинжилгээ өгөхөд хариу нь 3-4 хоног хүлээлгэж гарч байна. Шинжилгээний бичгээ үзүүлээд явъя гэтэл хатуу хөл хорио тогтоосон. Дахин, дахин шинжилгээ өгөхөөр гадаа зогсох үнэхээр хэцүү байна. PCR шинжилгээ авах ажил зохион байгуулалт алга. Дэг журам сахиулах цагдаа ч алга. Хүмүүс ч зай барихгүй юм. Шинжилгээний хариугаа хүлээж байх зуур дахиад хөл хорио тогтоож, хотоос гарах хөдөлгөөнийг хаачихвал яах вэ гэдэгт маш их санаа зовж байна.
Иргэн Ш.ЛУТБАЯР:
-Иргэний үүргээ биелүүлж PCR шинжилгээ өгөхөөр өглөөнөөс хойш дугаарлалаа. Гэвч шинжилгээ өгөхөөсөө өмнө даарсандаа өвдөхөөр байна. Дөрвөн цаг гадаа зогссон болохоор хоолой сэрвэгнэж, толгой өвдөж байна. Шинжилгээ авах цагийг 09:00-18:00 цаг гэж заасан мөртлөө 15:00 цаг хүртэл л авч байгааг олон цаг дугаарласны эцэст сонслоо. Одоо 14:00 цаг болж байна. Би шинжилгээгээ өгч амжих боловч ард ээлжээ хүлээн зогсч байгаа өчнөөн хүн байна шүү дээ. Тэд дахиад маргааш ирэх болбол яах вэ. Хэрэв цагийн хуваариа богиносгосон бол эмч нар цайндаа оролгүй, хүмүүсээс шуурхай шинжилгээ авах хэрэгтэй. Шинжилгээ өгөх ээлж дөхсөн атал цаг орчим ямар ч хүнийг оруулсангүй. Гадаа даарч байгаа хүмүүсээ бодох хэрэгтэй. Нэгэнт л олон цаг гадаа зогссон болохоор гүрийгээд шинжилгээ өгөхөөр хүлээж байна. Иргэдээ хүйтэнд олон цагаар зогсоож PCR шинжилгээнд хамруулна гэвэл үнэхээр хүнд суртал, зохион байгуулалтгүйн л асуудал гэлээ.
ЭМЧ НАРЫН ХҮРЭЛЦЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ
Шинжилгээ өгөх байранд ороход иргэдийг дөрөв дөрвөөр нь халууныг нь хэмжиж, ямар шалтгаанаар шинжилгээ өгч буй талаарх асуумж бөглүүлж байлаа. Тус цэгт 2 эмч ажиллаж буй харагдсан. Шинжилгээ авах өрөөнд хоёр эмч байх ба иргэдийг нэг, нэгээр нь оруулж PCR авч байв. Харин эмч мэргэжилтнүүд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан ба албан ёсны зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэлээ.
Бусад дүүрэгт ч иргэд хамгийн багадаа 2 цаг дугаарлаж, шинжилгээ өгч байгааг хэллээ. Мөн “Иргэдээ хүйтэнд гадаа зогсоох биш сургууль дотор нь 1.5 метрийн зай бариулж зогсоох, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ шинжилгээ өгөх боломжтой болох., эмч нарын тоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэж саналаа хэлэв. Шинжилгээ авах цэгт хоёр эмч ажиллаж байгаа нь хангалтгүй гэсэн юм.
АЖИЛ ОЛГОГЧ НАР ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ ШААРДАЖ, ЗОХИОМОЛ АЧААЛАЛ ҮҮСГЭЖ БАЙНА
Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны зорилгоор энэхүү сайн дурын үнэ төлбөргүй PCR шинжилгээнд иргэдийг хамруулаад багагүй хугацаа өнгөрч буй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш нийслэлийн хэмжээнд өнөөдрийг хүртэл 470 мянга гаруй иргэн PCR болон түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагджээ. Үүний маш бага хувь нь буюу 70 мянга орчим иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн байна. Тэгвэл өчигдөр гэхэд нийслэлийн хэмжээнд 30 цэгээр дамжуулан 16 мянган иргэн шинжилгээнд хамрагджээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр шинжилгээ авах 30 цэгийн ачаалал эрс нэмэгджээ. Ингэхдээ аж ахуй нэгжүүд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардаж байгаа нь зохиомол ачаалал үүсгэж байгааг онцлов.
Иргэдийн тухайд, албан байгууллагын шаардлагаар болон хөдөө орон нутаг руу зорчих зорилгоор дийлэнх нь сайн дурын шинжилгээнд хамрагдаж байгаа аж. Шинжилгээ авах цэгүүдэд ачаалал харилцан адилгүй ба нэг цэгт дунджаар өдөрт 500 гаруй иргэн үйлчлүүлдэг байна. Зарим цэгүүдэд нэг өдөрт 900 гаруй хүн шинжилгээ өгдөг байна.
ХҮН БҮР PCR ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ
Шинжилгээ өгөх иргэдийн урт дараалал үүсч буй асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, иргэд дугаарлах шаардлагагүй цахимаар цаг авч, шинжилгээ өгөх боломжоор хангах зохицуулалт хийх юм байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Батцоожоос тодруулав.
-Нийслэлд шинжилгээ авах цэгүүдэд иргэдийн урт дараалал үүсч байна. Идэр ес дундаа орсон үед иргэд олон цагаар дугаарлаж буйг хэрхэн зохицуулах вэ. Шинжилгээ авах нэг цэгт хэчнээн эмч ажиллаж, иргэдээс шинжилгээ авч байна?
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосныг нэг шат бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа эхэлж байна.Үүнтэй холбоотойгоор сайн дурын шинжилгээ авах цэгүүдийн ачаалал эрс нэмэгдэж урт дараалал үүсэх боллоо. Энэ асуудлыг зохицуулахаар бид судалж байна. Тун удахгүй цахимаар цаг авч, дугаарлах шаардлагагүй болно. Бид бүхэн Гэрэгэ.мн цахим сайтаас иргэд цаг авч, шинжилгээ өгдөг байх зохицуулалт хийхээр ажиллаж байна. Энэхүү сайт удахгүй ашиглалтад орно. Ингэснээр урт дараалал үүсэхгүй, иргэд цахимаар цаг авч, шинжилгээ өгнө. Мөн шинжилгээ авах цэгүүдэд 2-3 эмч ажиллаж, иргэдээс шинжилгээ авч байна.
-Эрүүл мэндийн яамнаас албан байгууллагын ажилчид шинжилгээ өгөх шаардлагагүй гэх мэдээллийг өгсөн. Гэтэл аж ахуй нэгжүүд шинжилгээний бичиг шаардаж байна. Covid-19 илрүүлэх PCR шинжилгээг хүн бүр өгөх шаардлагатай юу?
-Хөл хорионы дэглэмийг өчигдрөөс сулруулах болсноор аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлж байна.Үүнтэй холбоотой албан байгууллагууд ажилчдаасаа PCR шинжилгээ өгсөн байхыг шаардах болсон нь шинжилгээ авах цэгүүдэд зохиомол ачаалал үүсгэх боллоо. Гэтэл Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс албан байгууллагын ажилчид PCR шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг тодорхой хэлсэн. Аж ахуй нэгжүүд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардаж, орон нутаг руу зорчих иргэд шинжилгээ өгөх гэсэн хоёр шалтгаанаар иргэд сайн дурын шинжилгээнд хамрагдаж байна.
Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч буй цэгүүдэд батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс PCR шинжилгээ өгөх хэрэгтэй. Мөн батлагдсан болон хавьтал болсон хүмүүсийн зорчсон газраар санаандгүй дайрч өнгөрсөн, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг буюу банк, худалдааны салбарын ажилчид шинжилгээ өгөх хэрэгтэй.
Товчхондоо, PCR шинжилгээнд хүн бүр хамрагдах шаардлагагүй. Ердөө арван хүн тутмын нэг нь л шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэрэв албан байгууллага бүр ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардаж, хүн бүр сайн дураараа PCR шинжилгээ өгнө гэвэл шинжилгээ авах цэгүүд, лаборатори, эмч мэргэжилтнүүд хүрэлцэхгүй. Шинжилгээ авах цэгүүдэд урт дараалал үүсгэж буй хүмүүсийн 40 хувь нь албан байгууллагын шаардлагаар бол бусад нь сайн дурын болон орон нутаг руу зорчих иргэд байна.
Ер нь иргэдийн тухайд 30 шинжилгээний цэгт ямар хүмүүс шинжилгээ өгвөл зохих вэ гэхээр өөрт нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн /халуурч хоолой нь өвдсөн/, халдвар илэрсэн газарт явсан, хавьтал байж болзошгүй гэж үзсэн үедээ шинжилгээ өгөх ёстой. Тиймээс хэн нэгэнтэй хавьтаагүй, гэртээ байдаг иргэд шинжилгээ өгөх шаардлагагүй. Хүмүүс онцын шаардлагагүй байхад PCR шинжилгээ өгч урт дараалал, зохиомол ачаалал үүсгэж байна.
-Шинжилгээ өгөх цэгт дугаарлаж буй иргэдийн зүгээс эмч нарын хүрэлцээг нэмэгдүүлэх. Цайны цагаар эмч нар ээлжилж иргэдээс шинжилгээ авч болдоггүй юм уу гэдэг асуудлыг хөндөж байна. Мөн цагийн хуваариасаа эрт хаалгаа барьж байна гэх?
-Нийслэлийн хэмжээнд тодорхой заасан байршлуудад 09:00-17:00 цаг хүртэл шинжилгээ авч байна. Зарим цэгүүдэд шаардлагатай үед эрт хааж, хүн хүч хэрэгтэй цэгүүдэд эмч нарыг дайчлан ажиллаж байна. Тиймээс биш цагийн хуваариас эрт шинжилгээ авахаа зогсоож, хаагаагүй.
Мөн цайны цагаар шинжилгээ авах байруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг тул эмч нар ээлжилж иргэдэд үйлчлэх, шинжилгээ авах боломжгүй.
Халдваргүйжүүлэлт хийж буй үед хэн ч дотогш нэвтрэх боломжгүй байдаг. Энэ үед эмч нар хэсэг хугацаанд амарч, цайлдаг болохыг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн эмч, ажилтан 5-6 цаг ус балгах ,хувцас тайлах, бие засах эрхгүй. Битүү хөлөрдөг. Харин ч олон цагаар ажиллаж байгаа. Ердөө л халдваргүйжүүлэлт хийх хугацаанд л эмч нар түр амьсгаа авдаг гэсэн үг.
Шинжилгээ өгөх цэгүүдэд зохион байгуулалтыг яаралтай хийхгүй бол эрүүл хүн өвчлөхөөр хүнд байна гэдгийг иргэд шүүмжилж байгаа бол холбогдох албаны хүмүүс “хүн бүр шинжилгээ өгөх шаардлагагүй” гэв.
Холбоотой мэдээ