Брент төрлийн газрын тосны үнэ өссөн тул энэ сард шатахууны үнэ нэмэгдэнэ | News.MN

Брент төрлийн газрын тосны үнэ өссөн тул энэ сард шатахууны үнэ нэмэгдэнэ

Брент төрлийн газрын тосны үнэ өссөн тул энэ сард шатахууны үнэ нэмэгдэнэ


2020 оны эхний 11 сард бид 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж хэрэглэжээ. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 200 орчим мянган тонноор бага байв. Цар тахлын улмаас энэ онд хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон нь газрын тосны хэрэглээг бууруулжээ.

Угаас дэлхийн нийтээр өнгөрсөн онд газрын тосны эрэлт буурч, нөөц нэмэгдсэнээс үнэ буураад байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Лондоны биржид брент газрын тосны үнэ нэг баррель нь 19.33 ам.доллар болсон нь түүхэн доод үнэ байсан юм. Гэвч удаан үргэлжилсэн энэ бууралт ирэх сараас өөрчлөгдөх төлөв ажиглагдаж эхэллээ.

Газрын тосны бүтээгдэхүүний үнийг ерөнхийд нь брент болон WTI хоёр тогтоодог. WTI буюу West Texas Intermediary нефть нь АНУ-д хэрэглэдэг, гол жишиг үнэ юм. Газрын тосны хамгийн том хэрэглэгч болох АНУ-ын зах зээлд нефть ямар үнэтэй байгааг энэ төрлийн газрын тосны үнэ шууд илтгэдэг.

Удаан үргэлжилсэн үнийн бууралт ирэх сараас өөрчлөгдөх төлөв ажиглагдаж эхэллээ.

Харин брент нефть нь Хойд Европын нефтийн нэр бөгөөд газрын тосны гол нийлүүлэгч орнууд болох ОПЕК энэ төрлийн үнийг жишиг буюу суурь үнэ болгон хэрэглэдэг. Улс орнуудын нефтийн нийт хэрэглээг харвал 2/3 нь буюу дийлэнх нь брент нефтийн үнэд суурилдаг аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдгээр хоёр төрлийн үнийн зөрүү ихээхэн ойртож, брент нь баррель тутамдаа 3-4 ам.долларын үнэтэй байна.

Нью-Йорк, Лондон, Сингапур гэх мэт дэлхийн томоохон биржүүдэд үнэ өдөр бүр хэлбэлзэж байдаг тул “Роснефть” компани манай импортлогч компаниудад сар бүр өөр үнээр газрын тосны бүтээгдэхүүнээ худалддаг. Тэд үнээ Сингапурын бирж дээрх дизель болон авто бензиний дундаж үнэд суурилсан томьёоны дагуу тогтоодог гэхэд болно.

Гэхдээ газрын тос нь дизель, автобензиний гол түүхий эд тул эдгээр бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнийн өөрчлөлтийг дагаж өөрчлөгдөх нь тодорхой. Дараах графикаас энэ уялдаа холбоог харж болно.

ӨНГӨРСӨН ОНЫ АРАВДУГААР САРААС ХОЙШИХ БРЕНТ НЕФТИЙН ҮНЭ  

2021 ОНД ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ЯМАР БАЙХ ВЭ?

КОВИД-ын эсрэг вакцинжуулалт өндөр хөгжилтэй орнуудад хэдийнэ эхэлж, хүн амынхаа хамгийн эмзэг буюу халдварт өртөх эрсдэлтэй иргэдээ түрүүлж вакцинжуулж байна. Хэд хэдэн компани нэгэн зэрэг вакцин бүтээсэн тул Дэлхийн банк, ОУВС энэ оны эдийн засгийг илүү өөдрөгөөр төсөөлж эхлэв. Тэд улс орнуудын 2021 оны эдийн засгийн өсөлтийн таамгаа ч дээшлүүлж байна. Энэ нь бүх зүйл аажмаар эргэн хэвийн байдалдаа орж, үйлдвэрлэл үйлчилгээ сэргэнэ, улмаас газрын тосны эрэлт дагаад өснө гэсэн үг юм.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 60-70 хувийг буюу дийлэнхийг дангаараа бүрдүүлдэг “Роснефть” компанийн нийлүүлэлтийн үнэ өмнөх сарын дунджаар тогтдог. 12 дугаар сарын газрын тосны үнийн өсөлт нь энэ сарын нийлүүлэлтийн үнэ болж өмнөх саруудаас огцом нэмэгдэх нь. Шатахууны төрөл бүр тонн тутамдаа 59 ам.доллар буюу 11-15 хувиар нэмэгдсэн байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр шатахууны үнэ энэ сараас нэмэгдэх нь.

Үүний сацуу дурдах бас нэг өсөлт нь төгрөгийн эсрэг ам.долларын ханш. Харьцангуй тогтвортой байсан ч ам.доллар сүүлийн өдрүүдэд үнэд орж, 2850 төгрөгтэй тэнцэж, жилийн турш 4.2 хувиар чангарчээ. Энэ бол Монголбанкны албан ханш. Яг нэг жилийн өмнө энэ үзүүлэлт 2734 төгрөг байв.

Өнөөдөр арилжааны банкууд нэг ам.долларыг 2855-2858 төгрөгөөр худалдаж байна.

Энэ бүхний нөлөө бензиний жижиглэнгийн үнэд ч мөдхөн нөлөөлөх нь гарцаагүй.

Өнгөрсөн арван нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний улсын дундаж үнэ 1457 төгрөг байна. Бүсчлэн харуулбал

  • Баруун бүс 1524
  • Хангайн бүс 1384
  • Төвийн бүс 1430
  • Зүүн бүс 1490

Өнгөрсөн арван нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар (нэг литр)

  • А-80 авто бензиний дундаж үнэ 1457 төгрөг
  • АИ-92 1536 төгрөг
  • АИ 95 2077 төгрөг
  • Дизель түлш 1983 төгрөгийн үнэтэй байна.

Инфографикийг Д.Жавхлантөгс

Эх сурвалж: Gogo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж