Хоолны хордлого авсан бол эмчид заавал үзүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Хоолны хордлого авсан бол эмчид заавал үзүүлээрэй

Сүүлийн үед хоол хүнсээр дамжих өвчин, хордлогот халдварын тоо нэмэгдэж,  олноороо буюу гэр бүлээрээ өртөж байна. Янз бүрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, хадгалалт, үйлдвэрлэлийн технологийн горим алдагдах, шууд хэрэглэдэг жимс ногоог угаалгүй идэх, түүхий, дутуу чанасан өндгөөр хийсэн хоол, мах, загас, салат, кремтэй бялуу, нарийн боов зэрэг нь халдварын гол шалтгаан болдог байна. Хоолны хордлогот халдварын шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа нь тухайн нян буюу үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг аж. Хоол хүнсийг хэрэглэсэнээс хойш тодорхой хугацааны дараа гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах,  ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай гэнэ. Учир нь хоолын хордлого авсан л бол их бага гэлтгүй эмчид үзүүлж, хордлого үүсгэгч вирусыг тогтоосноор ходоод гэдэсний хямралд өртөхийг багасгаж болдог. Гэтэл иргэд өөрсдөө дур мэдэн хоолны хордлогыг эмчилснээс  халдварын үүсгэгч нян биед үлдэн ходоод гэдэсний хямралд өртөмтгий мэдрэг болдог хэмээн эмч мэргэжилтэнүүд зөвлөж байна.  

Мөн  Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараахи зөвлөмжийг гаргажээ. Үүнд:

-Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.

-Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.

-Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.

-Цэвэр, аюулгүй хүнсний зүйлсийг сонгож, гэмтсэн, муудсан, хөгцөрсөн хүнсний зүйлээс татгалзах

-Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид хийж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх.

-Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.

-Хоол, хүнсийг чанаж, 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх.

-Болгосон хоолыг тасалгааны температурт  хоёр цагаас илүү хадгалахгүй байх.

-Суулгалт болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг гал тогоонд ойр байлгахгүй байх зэргийг тус тус зөвлөж байна.    

А.Батдэлгэр

               

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж