Цар тахлын үед ЭМЯ-наас эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, дүүргүүд болон аймгуудад PCR шинжилгээний лабораторийг шинээр нэмж байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, бүх талын мэргэжил арга зүйгээр хангах ажлууд хийж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Сүхбаатар дүүрэгт PCR шинжилгээний лаборатори ийнхүү ашиглалтад орлоо. Ингэснээр тус төв нь дүүргийнхээ ард, иргэдэд шаардлагатай үед цаг алдалгүй, шуурхай шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, шинэ лабораторийн үйл ажиллагаа, тус төвийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа зэрэг нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн шинээр ашиглалтад орсон молекул биологийн лаборатори нь өдөртөө 1100-1500 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай учраас дүүргийнхээ иргэдэд шинжилгээ хийж, ачааллаас хуваалцах боломжтой болж байна. Тус лабораторийн бэлтгэл ажлыг хангаж, ЭМЯ-ны “Лабораторийн салбар зөвлөл”-ийн гишүүд мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллалаа. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн дэргэд Эрүүл мэндийг дэмжих төв шинээр байгуулахад бид шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр болсон. Ингэснээр тус дүүргийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл авах боломж энэ онд бүрдэх юм” гээд халдвар, хамгааллын дэг мөрдөх тал дээр анхаарч ажиллахыг санууллаа.
Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Баярхүү энэ үеэр "ЭМЯ, сайдын дэмжлэгтэйгээр бид өөрсдөө PCR шинжилгээ хийх боломжтой болж байна. Мөн бид сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу амьсгалын замын өвчтэй иргэдээ тусдаа урсгалаар хүлээн авах, нийт эмч, эмнэлгийн ажилтнууд болон иргэдээ PCR шинжилгээнд бүрэн хамруулах үүрэг чиглэлийг биелүүлж байна. Эмнэлэг бол хамгийн эрсдэлтэй орчин байдаг учраас бид сэжигтэй тохиолдлуудаа цаг алдалгүй шинжилгээнд хамруулах, шуурхай хариу арга хэмжээ авах ажлуудыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайдын зүгээс манай төвийн дэргэд шинээр Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах, түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, мөн 15-20 дугаар хорооны хүн амд үйлчилдэг салбар амбулаторийн барилгыг шинээр барих асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхөөр болсон" гэлээ.
Эх сурвалж: ЭМЯ
Холбоотой мэдээ