ТЭРСЛҮҮ ҮГ: УОК ялгаварлан гадуурхах эрхтэй!!!

Хуучирсан мэдээ: 2021.01.12-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: УОК ялгаварлан гадуурхах эрхтэй!!!

ТЭРСЛҮҮ ҮГ: УОК ялгаварлан гадуурхах эрхтэй!!!

АНУ-ын Элчин сайдын яамнаас дипломат ажилтнуудаа буцаахаар хөлсөлсөн МИАТ-ийн тусгай үүргийн онгоцонд Монгол Улсын таван иргэн ирсэн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэв. Тэдгээр иргэдийн дунд  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэр бүлийн хүний хамт иржээ. Энэ талаар тодруулсан хэвлэлийнхэнд эрхэм гишүүн үгүйсгэсэн, мэлзсэн хариулт өгсөн боловч түүний үг худал болох нь хоёр алхалгүй баригдсан юм.

НЭГ

Энэ үйл явдлаас сар орчмын өмнө, өнгөрсөн арванхоёрдугаар сард эмнэлэгт үзүүлэхээр Архангай аймгаас Улаанбаатарт ирж, 22 товчоог нэвтэрч чадалгүй хөл хорионд орсон эмэгтэй зуурдаар амиа алдсан харамсалтай явдал гарсан. Талийгаач эмэгтэй эмнэлгийн анхан шатны тусламж авахын тулд Нислэлийн эрүүл мэндийн газрын 11324207 утас руу 60 гаруй удаа утсаар дуудлага өгсөн ч Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндиын үйлчилгээ авах эрхээ эдлэж чадсангүй. УОК-ын шийдвэрийг хэрэгжилтээс болж амиа алдсан эмгэнэлт явдлын дараа Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар “22-ын товчоон дээр гарсан явдалд хариуцлага тооцно. Хуулиар эрүүл мэндийн шалтгаантай хүнийг нэвтрүүлэх асуудал зохицуулагдсан байсан. Тэр үед цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүйгээс ийм нөхцөл байдал гарсан. Би товчоодоор явсан. Тэнд байгаа алба хаагчид амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна.  Иргэдийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой түр журам гарсан. Ирж байгаа иргэдэд Эрүүл мэндийн сайдын гаргасан журмаар хөнгөн шуурхай үйлчлэх, хүлээлгэж өгөх эмнэлгүүд нь тодорхой болсон” гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгч байв. Гэвч, тэр явдалд УОК, НОК-ын дарга нараас хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн билээ.
Уг нь дарга, цэрэг хэн байхаас үл хамаарч  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 18-т   “Монгол Улсын иргэн… гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно”, мөн зүйлийн 6 дахь заалтад “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэж  заасан.  Өөрөөр хэлбэл,  Ш.Раднаасэд болоод энгийн иргэний амьд явах эрх Үндсэн хуулиар адилхан хамгаалагдсан гэсэн үг.

Гэхдээ УОК-ын шийдвэрийг харахад энгийн иргэд хөл хорио зөрчих ёсгүй, Ш.Раднаасэдэд хил хорио хамаагүй болж таарлаа.

ХОЁР

2020 оны нэгдүгээр сараас хойш бүтэн нэг жилийн хугацаанд Монгол Улс хил хорио тавьсан. Гадаадад гацсан иргэдээ тодорхой шалгуурын дагуу эх оронд нь тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг УОК зохицуулж буй.

Цар тахлын үеэр, хилийн хориог давж, жүдогийн тамирчид "Хүннү эйр" компанийн онгоцыг хөлслөн Катарын тэмцээнийг зорьсон, тамирчид Олимпийн чансаагаа ахиулахын тулд.
Тэгвэл гадаадаас эх орондоо ирэх нэн чухал шаардлагатай олон энгийн иргэн олон сар тэвчээртэйгээр уок хэзээ татан авахыг нь хүлээж байна.

Дотоодод халдвар голомтлон тархсан тул УОК-оос өнгөрсөн оны XI, XII сарын хуваарьт нислэгүүдийг зогсоосон. УОК-т өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар   6787  хүн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна. Үүнээс нэн яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй 1500 хүн байгааг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлжээ.

Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 13 дугаар зүйлийн 2-т  зааснаар “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй”.  Харин Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 4-т “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй”-г заажээ. Товчоор тайлбарлавал Ш.Раднаасэд болон энгийн иргэд эх орондоо ирэхэд төр ижил тэгш хандах үүрэгтэй.

ГУРАВ

УОК- ын шийдвэрийг  дагаж мөрдөөгүй иргэд, албан газруудыг  зөрчлийн хуулиар шийтгэхээ Шуурхй албаны дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийх бүртээ айлгаж, загнасаар ирсэн.

Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар  хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй нөхцөлд 500 мянган төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчлах ял шийтгэлтэй. харин хуулийн этгээдийг 5 хүртэлх сая төгрөгөөр торгоно.  Өнгөрсөн хугацаанд хорио цээрийн дэглэм зөрчсөн гэж цөөнгүй иргэн 500 мянгаар торгуулжээ. ЦЕГ-ын албан сайтад тавигдсан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах  албаны дарга, хурандаа Н.Лхагвасүрэнгийн ярилцлагад “Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/-т зааснаар нийт 16  иргэн, 3 хуулийн этгээдэд хариуцлана тооцож 18 сая төгрөгөөр торгосон” тухай дурджээ. Тэрч бүү хэл манай цагдаагийнхан хулгайн замаар хүн тээвэрлэсэн 25 жолоочийн авто машиныг хураажээ.

Тэгэхээр хуулийэ дагуу  хулгайн замаар гишүүнийг тээвэрлэж ирсэн МИАТ-ийн онгоцыг ч бас хураах ёстой болж таарна.

УОК-ын шийдвэрээр улс даяар шинэ жил тэмдэглэхийг хориглосон. Гэтэл Шуурхай штабаас нь эхлээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон газар хууль, дүрмээ зөрчжээ. Мэдээлэл нь ч баримттайгаар цацагдав. Хэн хариуцлага тооцсонгүй, хэн нь хариуцлага хүлээлгүй өнгөрөв.

Хэрэвзээ  жирийн иргэд, аль нэг хувийн байгууллага шинэ жил тэмдэглэж байгаад баригдсан бол өчиггүй торгуулна. Бүр баривчилж, байр машиныг нь улсын орлого болгож, үйл ажиллагааг нь хааж бооно.

   УОК-ын нэрийг барьж маазарсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан  залуусыг “Онцгой комиссын нэрийг барьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зорилгоор ашигласан нэвтрүүлгийг олон нийтийн сүлжээгээр цацсан тул хууль, хяналтын байгууллагаар шалгуулах”-аа мэдэгдсэн Б.Ууганбаяр хурандаагийн сүрдүүлэг  комедиан залууг төрөөс уучлалт гуйхад хүргэсэн юм.

Атал шинэ жилийн орой Монголын бүх л телевизээр  урлаг, соёлынхон бөөгнөрөл үүсгээд бөөн дуу хуур болоход УОК нүдээ чихээ таглаад өнгөрсөн билээ. Уг нь адилхан л маскгүй хүмүүс олноороо маазраад сууж байсан шүү дээ. Ялгаа нь  Ерөнхийлөгчийн санаачилгаар Соёлын яамны зохион байгуулсан арга хэмжээ болохоор хуулийг хувьчлан зөрчиж болно.

ДӨРӨВ

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу  Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид болон сонсогчид хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа.  Хүйтэнд хөл хорионы журам хэрэгжүүлж буй цагдаа нар хайрагдаж, хөрч даарч Гэмтлийн эмнэлэгт хандаж байгаа тухай мэдээлэлд ЦЕГ-ын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн өгсөн хариулт нь “Цагдаа бишээ сонсогч”.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж