Монголд мөнгөгүй, эрх мэдэлгүй, танил талгүй хүн амьд явах эрхгүй болсон нь Хавдар судлалын үндэсний төвийн эмч өвчтөнөөсөө гурван сая төгрөг нэхсэнээр баталгаажив.
Үнэндээ ил болсон нь энэ болохоос далдуур эрүүл мэндийн салбарт маш их хэмжээний авлига эргэлдэж, эмч нарын халаасыг түнтийлгэдэг.
Гэмтэл судлалын үндэсний төв, төрөх эмнэлэг, аймаг, нийслэл дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хандсан хүмүүс авлига гээч зүйлтэй нүүр тулдаг, өгөхгүй бол үйлчилгээ авч чадахгүй хүнд сурталтай тулдаг нь туйлын үнэн.
Наад захын жишээ, хагалгаанд орох шаардлагатай болсон хүн бүрийн ар гэр эмч нарт өгөх мөнгө бэлддэг нь уламжлал болж тогтсон. Хагалгааг ахалж орох эмч “Эмч, сувилагч гээд тэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг хагалгаанд орно. Төчнөөн төгрөг өг” гэнэ. Мөнгө нь гүйцэхгүй, заасан цагт өгч чадахгүй бол хагалгааг нь хойшлуулна. Тэр болтол өвчтөн тэсэх л хэрэгтэй.
Зарим тохиолдолд өвчтөний ар гэрээс өгсөн авлига гологдоно. Тогтсон ханшид нь хүрэхгүй хахууль өгөхөөр голж байгаа нь тэр. Уг нь хагалгаанд орох хүн нь тасралтгүй эрүүл мэндийн даатгал хэдэн арван жилээр төлсөн байдаг. Гэнэт өвдөж, хагалгаанд орох шаардлагатай болоход тэрхүү олон жил эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсний хэрэг гардаггүй. Тариа, боолтноос эхлээд бүхий л шаардлагатай зүйлсийг ар гэр нь бэлдэж өгнө. Нэг үгээр хэлбэл, даатгуулагч эмнэлгийн босго давсан, хэвтэн эмчлүүлсэн хугацаандаа ор хоногийн төлбөр төлөөгүй нь л олон жилийн турш төлсөн шимтгэлийнхээ хэргийг гаргасан нь их юм гэж ойлгох хэрэгтэй.
Уг нь хагалгаанд ороход шаардагдах зардлын 25 хувийг нь даатгалаас төлж, үлдсэнийг нь эмчлүүлэгч талаас гаргах шаардлагатай үйлчилгээ бий. Хагалгаанд орох болсон иргэд ийм үйлчилгээг хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь нэмэлт төлбөр шаардах ёсгүй байхад л адарч, авлига өгөхөөс аргагүй нөхцөлд оруулдаг. Үнэндээ бол энэ салбарт авлига авалгүй, гар харалгүй, үйлчилгээ үзүүлдэг, тангарагтаа үнэнч эмч тун цөөн үлдсэн.
Тэр бүү хэл хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл энэ салбарынханд авлига өгөхгүй бол асуудлаа шийдүүлж чадахгүй.
Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнгөрсөн онд 355 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэднийг асран хамгаалдаг гэр бүлийг хамруулан судалгаа хийхэд 25 хувь нь сүүлийн нэг жилд эрүүл мэндийн салбарынханд авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Уг нь УИХ-ын төвшинд энэ гажуудлыг засах зорилгоор хүн бүр эрүүл мэндийн даатгал төлдөг байх, даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэн, даатгуулагч олон төрлийн үйлчилгээ авдаг байхаар хуульчилж өгсөн ч үр шимийг хүртдэг нь даанч цөөн.
Жил бүр эрүүл мэндийн салбарт зарцуулах төсвийг Засгийн газар нэмж, УИХ баталж өгсөөр ирсэн ч өөдөлсөн нь үгүй. Өнөөх л төсөв хүрэлцдэггүй гэдэг зовлонгоо тоочиж, өвчтөний ар гэрээр эм тариа зөөлгүүлж, авлига нэхдэг. Хүнээ аврахын тулд хэлсэн мөнгийг нь өгнө.
Эцэс сүүлдээ эрүүл мэндийн салбарт үүрлэсэн энэхүү авлигаасаа удирдлага нь ч ичиж, эмээхийг больжээ гэж харж болохоор. Учир нь Хавдар судлалын үндэсний төвийн эмч өвчтөнөөсөө гурван сая төгрөг нэхсэн байхад сахилгын шийтгэл л оногдуулжээ. Авлига аваагүй нэхсэн гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь энэ бололтой. Хэрэв Монголоос өөр оронд бол энэ тохиолдолд удирдлага нь эмчийнхээ хамтаар чөлөөлөгдөөд зогсохгүй хуулийн байгууллагад байцаагдаад суух байсан биз.
Яагаад гэвэл өвчин хүнийг хүлээдэггүй. Тэр тусмаа хорт хавдар цаг алдах тусам ямар аюултай вэ гэдгийг Хавдар судлалын эмч хамгийн сайн мэдэж байх учиртай.
Эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн авлига зөвхөн эмч нарын хийдэг ажил биш. Тендер, тусгай зөвшөөрлөөр дамжин маш том авлигын сүлжээ үүссэн байдаг.
Жишээ татвал, өмнөх Засгийн газрын үед буюу 2019 онд Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг АТГ-аас саатуулан шалгаж байсан бол Эрүүл мэндийн яамны хоёр мэргэжилтнийг хахууль авсан үндэслэлээр тус газрынхан саатуулан шалгаж байсан.
Эрүүл мэндийн даатгалын газрын дарга асан Ч.Алтанхуягийн хэрэг шүүхээр орсон бол Эрүүл мэндийн яамны хоёр мэргэжилтний авлигын хэрэг одоо болтол шийдэгдээгүй. АТГ хэргийг нь нам дарсан уу, аль эсвэл прокурор, шүүхийн шатанд хэрэг нь гацсан уу, бүү мэд.
Зарим албан тушаалтны авлигын хэрэг хэдэн жилээр хуулийн байгууллага дээр шалгагдаж, эцэстээ хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болдог. Хоёр мэргэжилтний оролцсон хэрэг энэ ангилалд багтан, цайрах вий гэдэг болгоомжлол ч бий.
Одоо Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэ салбарт хамгийн их анхаарал хандуулж, өвчнөөр мөнгө хийдэг энэ гажуудлыг засах реформыг зоригтой хийхгүй бол Монголд мөнгөтэй нь амьд явах эрхтэй, мөнгөгүй нь үхлээ хүлээгээд хоног тоолж суух цагтай нүүр тулсан байна шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ